У.Хүрэлсүх нэрээ татсаныг гишүүд хэрхэн харж байна вэ?
У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг ангийн нөхөд нь хэрхэн үзэж, хүлээн авч буй талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.
Ц.Даваасүрэн: Хариуцлагын тогтолцоо бүрдэхэд зөв алхам хийлээ
-Хэлсэн үгэндээ хүрч чадаж байгаа бол сайн байна. Цаашид улстөрийн намууд төлөвших, хариуцлагын тогтолцоо бүрдэхэд зөв алхам хийлээ. Энэ том улс төрийн хүчний өмнө алдаа дутагдал гаргасан бол ухамсраараа хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй шигдээд, дарга болоод байх онц биш.
Д.Батцогт: Монголын улс төрд энэ үгүйлэгдэж байгаа
-Улстөрч, хувь гишүүн, эр хүнийх нь хувьд сайн байна гэж хэлмээр байна. Энэ бол зоригтой алхам. Монголын улс төрд ийм л зүйл үгүйлэгдэж байгаа. Илэрхий алдаа гаргасан хэрнээ хариуцлага хүлээдэггүй, “үгүй ээ” гээд мэлзээд суугаад байдаг. Гэтэл Хүрэлсүх тэгсэнгүй. Өргөдөлдөө ар гэрийн гачигдал гэсэн байна билээ. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаанаа МАН ялагдах юм бол хариуцлага хүлээнэ гэдэг үгийг хэлж байсан санагдаж байна. Үүнийгээ хэрэгжүүлж байгаа ч байж мэднэ.
С.Одонтуяа: Шийдвэрийг хүндэтгэх ёстой
-Тодорхой шалтгаан гарсан учраас нэрээ татсан гэсэн ойлголттой байна. Энэ шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой байх. Намын ялалт, ялагдалтай холбож яриад байна. Хариуцлагаа намын дарга нар л хүлээдэг шүү дээ. Энэ үүднээс хариуцлагаа хүлээж байж болох л юм. Гэхдээ намын дотоод асуудлыг мэдэхгүй.
С.Ганбаатар: Ийм эр зориг, ёс зүй гаргаж байсныг би санахгүй байна
-Улс төрд зүтгэж байсан хүмүүсээс ийм эр зориг, ёс зүй гаргаж байсныг би санахгүй байна. Өнөөдрийг хүртэл энэ хүн итгэл үнэмшлээрээ явж байсан. Гэхдээ өнгөрсөн үед гаргаж байсан шийдвэр, бодлого үйл ажиллагааг энэ намын гишүүд хамтаараа гаргаж байсан. Хэрэгжүүлэхэд сэтгэлээрээ зүтгэсэн нь У.Хүрэлсүх. Гэхдээ хамтаараа гаргасан шийдвэрүүдийн золиос нь нэг хүн болж болохгүй. Бусад нь ёсзүйн хувьд хариуцлага үүрэх ёстой гэдгийг хэлэх ёстой.
А.Бакей: УИХ-ын гишүүнээс тэр болгон хүн татгалзаж чадахгүй
-Хүний амьдрал баян учраас хувь хүнд юу ч тохиолдож болно. Ямар ч байлаа гэсэн У.Хүрэлсүх гишүүний энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. УИХ-ын гишүүнээс тэр болгон хүн татгалзаж чадахгүй. Цаанаа ямар ч шалтгаан байсан хамаагүй УИХ-ын гишүүний албанаас татгалзаж чадаж байна гэдэг эр зориг. Нөгөөтэйгүүр төрийн ажилд ирж бас гарч болдог гэдгийг харуулж чадлаа. Татгалзах зайлшгүй шаардлага гарч болно. УИХ-ын тухай хуульд ч энэ талаар заасан. УИХ-ын өргөдлийг нь хүлээн авч, Байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ нэгдсэн чуулганаар нууцаар санал хурааж шийдвэрлэдэг.
Л.Эрдэнэчимэг: Эмэгтэй хүн орж ирэх гэж байгаад баяртай байна
-Үүн дээр илэрхийлээд байх байр суурь надад алга. Энэ бол хувь хүний асуудал. Оронд нь эмэгтэй хүн орж ирэх гэж байгаад баяртай байна.
Д.Эрдэнэбат: Бид ам муруйж байсангүй
-Шуудхан хэлэхэд У.Хүрэлсүх сайн бодсон юм байгаа биз дээ. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх бүрэн эрхтэй хүн учраас намын биш өөрийнх нь шийдвэр байх. Хэн нэгний тулгалтаар, улс төрийн ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалаад дарамт шахалтад орж гаргасан шийдвэр гэж бодохгүй байгаа. Хувь хүнийх нь хувьд дажгүй эр хүн. Хүн болгон ямар ч хуулиар зохицуулагдахгүй өөрийн зан араншинтай. Бид хоёр, хоёр том намын гал тогоонд удирдах ажилтны албан тушаал хашиж явсан. Хамтарч ажиллах хугацаандаа Монголын улс төрийг эрүүл, тогтвортой байлгая гэж явснаас биш ам муруйж байгаагүй. Тиймээс улстөрчийнх нь хувьд, ойр дотно харилцаа үүсгэж байсны хувьд энэ хүнийг үнэлдэг.
М.Зоригт: У.Хүрэлсүх сайн удирдагч
-У.Хүрэлсүх гишүүн өөрийн үзэл бодолдоо үнэнч дайчин хүн. Түүний хувьд сөрөг намын сайн удирдагч байж чадах залуу.
Р.Бурмаа: Зөв буруу гэж дүгнэх илүүц
-Хүн өөрийн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байхад би зөв буруу гэж дүгнэж яриад байх нь илүүц гэж үзэж байна.