У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг МАН хүлээн авчээ
УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Уг хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлөөс “У.Хүрэлсүх гишүүн нь хуульд заасан үндэслэлээр хүсэлтээ гаргасан учраас, дараах үйл ажиллагаа нь мөн хуулийн дагуу явах ёстой” гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг юм байна.
У.Хүрэлсүх гишүүний хувьд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга болон намын холбогдох байгууллагад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан байсан.
Намын даргад энэ тухайгаа “Гэргийгээ эмчлүүлж, асрах шаардлагатай байгаа тул чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэжээ.
УИХ дахь МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболд “Эл асуудлыг УИХ энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулиараа жагсалтаас сонгогдсон гишүүн УИХ-ын гишүүнээс чөлөөгдвөл түүний дараах жагсаалтад орсон хүнийг тавина. Тэгэхдээ УИХ-аас У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авч, чөлөөлсний дараа энэхүү асуудал тавигдана” гэж тодотголоо.