Сонгуулиар мөнгө тараасан нь нотлогдвол 20 нугалж төлнө
2012.11.05

Сонгуулиар мөнгө тараасан нь нотлогдвол 20 нугалж төлнө

Орон нутгийн хурлын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 19 мянга гаруй нэр дэвшигч маргааш  сонгуулийн сурталчилгаагаа эхлэх боломжтой болж байна.

Хуульд ч ингэж заажээ. Учир нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авсан өдрөөсөө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх тухай заалт байгаа. Үнэмлэх олгох өдөр нь маргааш юм. Аймаг, сум, дүүргийн удирдлагыг сонгох сонгуульд МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл өрсөлдөхөөр болсон. Харин нам, эвслүүдээс болон бие даан өрсөлдөж байгаа нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаа явуулах эрхтэй ажээ.

Нэг ёсондоо тэд УИХ-ын сонгуулийг бодвол харьцангуй бага хугацаанд сонгуулийн кампанит ажлаа хийх нь.

Хуулийн дагуу нэр дэвшигчдэд нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглож байгаа. Энэ удаад ч УИХ-ын сонгуулийнхтай адил намынхаа мөрийн хөтөлбөрийг  танилцуулах учиртай.

Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчид мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэх зэргийг хориглож байгаа.

Дээрээс нь нэр дэвшигчид сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хуулиар хориглосон байгааг санахад илүүдэхгүй.


Гэхдээ сонгуулийн сурталчилгаандаа бие даасан цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах сурталчилгааны материалыг цахим шуудангаар сонгогчдод илгээх нь нээлттэй ажээ.

Хэрвээ хууль зөрчвөл хүлээх хариуцлага нь УИХ-ын сонгуулийнхтай адил өндөр. Тухайлбал, нэр дэвшигч иргэдэд мөнгө, эд зүйл тараасан, тэр нь илэрсэн тохиолдолд бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлнө гэсэн заалт хуульд байна. УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан тохиолдолд арав дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр байсан бол энэ удаад ийнхүү 20 болж нэмэгджээ.

Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс сурталчилгаа эхэлж байгаатай холбоотойгоор сурталчилгаанд төрийн албан хаагч болон насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах, бусдыг гүтгэх, доромжлохыг хориглож байгааг анхааруулж байна билээ. Хэрвээ дээрхийг зөрчвөл нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах юм. Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг “Сурталчилгаандаа хүүхэд ашигласан” гэдгээр буруутгагдаж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.