Н.Энхболд: “Шударга ёс” эвсэлтэй хамтарна
2012.10.12

Н.Энхболд: “Шударга ёс” эвсэлтэй хамтарна

-Орон нутгийн сонгуулийн хуу­лийн төслийн ажлын хэсэгт танай намаас таван гишүүн ажил­­­лаж буй. Энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Орон нутгийн сонгууль гэхээсээ илүү орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ойлгох нь зүйтэй. Тиймээс бид нар энэ өнцгөөс нь хандаж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг улс төрөөс ангид байлгах, өөрийнхөө асуудлыг өөсрдөө шийддэг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ хуулиар орон нутаг улс төрөөс илүү их хамаарахаар байгааг нь дэмжих боломжгүй гэж үзээд байгаа юм. УИХ бол төрийн бодлого боловсруулдаг, үйл ажиллагаа явуулдаг намууд өөрсдийн  бодлогыг тусгаж байх ёстой. Орон нутагт,  ялангуяа сумдад сүүлийн 20 жил бидний мэдэрсэн сургамж бол унитар төртэй Монгол Улсын хувьд төрийн нэгдсэн бодлого чухал гэдгийг мэдэж авсан. Орон нутаг намын хараат байх хэрэггүй гэдгийг өнгөрсөн туршлагаас харж болохоор байна. Зарчмын зөрүүтэй олон асуудлууд байгаа. Тухайлбал, хугацааны хувьд арваннэгдүгээр сард гэдэг бол ирц буурах нэг шалтгаан болно, ялангуяа хөдөө. Үүнийг зориудаар хугацааг нь хойшлуулж байна гэж ойлгож байна. УИХ-ын сонгуулиар МАН хөдөө орон нутагт олонхийн санал авснаас болгоомжилж ийм хугацаа тогтоож байна гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд Орон нутгийн сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаа. Одоо мөрдөж байгаа хуулиар бол Орон нутгийн сонгууль 50-аас дээш хувийн ирцтэй байж саналыг хүчинтэйд тооцно гэж байгаа. Хэрэв ирц хүрэхгүй, дахин санал хураах ажил гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс бид ийм хариуцлагагүй зүйлд оролцохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Хугацааны асуудлыг автомат машинтай холбож тайлбарлаж байна. Автомат сонгуулийн хуульд сонгууль бүрийг автоматаар явуулах эсэхээ тухайн сонгуулийн үед нь шийдвэрлээд явна гэсэн байгаа. Заавал автоматаар явуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн Үндсэн хуулиас давсан үүргийг иргэдэд олгох гээд байгаа. Энэ мэт зарчмын зөрүүтэй  асуудал олон бий.
-Үндсэн хуулиас давсан гэхээс илүү иргэний хариуцлага талаас нь харах хүмүүс олон байна?
-Энгийнээр ойлгоход хэрэв та сонгуульд оролцохгүй бол төрийн албанд оруулахгүй. Сонгууль өгөөгүй хүнээс яагаад сонгуульд ороогүй, бүр цаашилбал яагаад манай намын төлөө саналаа өгөөгүй юм бэ гэж асуух нь л дээ. Ийм нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь боож байгаа юм.
-Танай нам Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл дээр “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэж байгаа гэсэн?
-“Шударга ёс” эвсэл  Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн концепцтэй холбоотой зарчмын зөрүүтэй асуудал дээр манай намтай ижил байр суурьтай байгаа юм билээ. Тиймээс манай хоёр намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Өнгөрсөн даваа гаригт ажлын хэсэг хуралдах байсан ч тус эвсэл намын бүлэг дотроо ярилцах асуудал байгаа учраас түр хойшлоод байна. Манай намын ажлын хэсэг бэлэн байгаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.