2012.09.27

Хоёр намын хүмүүс “мөргөлдөв”

П.Лхагважав хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бидний дунд хэдэн зуун мянгаараа байдаг залуусын нэг юм байна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болъё, залуу хүн байна дуу хоолойгоо төрийн сонорт хүргэж байя гэсэн бодлоор МАХН-д жилийн өмнө элсчээ. Энэ намыг сонгосны учир нь хуучин МАХН биш, бид гагцхүү шударга журмыг баримтална, олигархиудын эсрэг тэмцэнэ гээд хүмүүсийнх нь яриа чихэнд нь аятайхан ч сонсогдоод байж. Гэтэл УИХ-ын энэ жилийн сонгуулийн дараа нам нь танигдахаа байсан гэнэ. МАНАН-г муу хэлээд, олигархиудын эсрэг тэмцэнэ гээд байсан нь юу байхав, албан тушаалд үхэлдсэн улс л байх болж гэнэ. Намын гишүүнчлэлээ сэргээнэ гэж давхиж ирснийхээ маргааш л “сандал ширээ” яриад явж байхыг бодоход сонгуулиар хамгийн олон суудал авсан улс төрийн хүчинтэй нэгдэж эрх баригч болчихоод буйд л гол учир байх бололтой.

Одоо бас орон нутгийн сонгууль дөхөж буйг хэлэх үү, түүнд ялчихвал ажил, албан тушаал олдож ч юу магад гэж яваа нь бүр илт гэнэ. Тэгэхдээ ямааг тэмээ болгоно гэдэгчилэн гишүүнчлэлээ сэргээж буй хүмүүсийн тоог намын удирдлагын зүгээс илт нэмэгдүүлж мэдээлэхийг яана. П.Лхагважав болон түүнтэй хамт ирсэн залуус ийн яриад МАХН-аас гарч МАН-д элсэхээр шийдсэнээ мэдэгдэв. Энэ нам сонгуульд ялагдаад харин нэлээд ухаан орсон шинжтэй, удирдлага нь бүрэлдэхүүнээрээ огцров. Энэ бол тус намын шинэчлэгдэхийн эхлэл гэж тэд харжээ. Энэ бүхнээ өчигдөр “MN мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэдний яриа дуусаагүй байтал хөгшин залуу нийлсэн хэдэн хүн уг төвд орж ирээд шууд л “эд манайхан биш байна” гэлцэж залуустай ам ч мурийх шинжтэй болоод явчихав.

Харваас тэдний ихэнх нь нас тогтсон, эмэгтэй голдуу хүмүүс байв. Зарим нь мэдээлэл хийж байсан залуусыг МАХНын гишүүн болохыг нь илтгэх баримт бичгээ үзүүлэхийг шаардаж үзэв. Нэг үнэмлэхийн эзэн нь л лав МАХН-д 2011 оны сүүлчээр элссэн гэсэн тамга тэмдэгтэй үнэмлэхтэй байлаа. Хуурамч баримт бичиг биш болоход эргэлзэх юм байсангүй бололтой. МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд тэргүүн гэх нэг нөхөр “Эд манай залуус биш байна. Манай намын гишүүн залуус бүгд намынхаа дэргэдэх Залуучуудын байгууллагад элссэн байдаг юм. Би л лав эднийг танихгүй юм байна” гэж байна. Хоёр намын залуус, гишүүд энд “мөргөлдсөн” бололтой. Биенээ үгүйсгэж байна. Намуудаа өмөөрөв. МАН-аас хүн гарч МАХН-д элссэний эсрэг зохион байгуулж буй ажил байна ч гэж мэдээлэл хийсэн залуусыг зарим нь хардав. Намууд залуусаараа тоглож байна уу, залуус нь нам болж жүжиглэж байгаа юм уу. Таахад бэрх аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.