Ц.Даваасүрэн: Иргэддээ 21 мянга өгөх гээд 400 үйлдвэр идчихсэн улс шүү дээ, бид
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дууслаа. Төсвийн байнгын хорооны даргын хувьд ирэх оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?
-”Хямрал нүүрлэлээ” гээд бүсээ чангалахыг уриалаагүй төсөв гэдгийг хэлэх байна. Төсвийн зарлага дагасан хэрэглээг бууруулахыг зориогүй төсөв. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч, орлого нь багасна. Улмаар ажилчдаа цөөлнө, цалингаа өсгөж чадахгүй, ядуурал нэмэгдэхэд хүрнэ. Жишээ нь, хөрөнгө оруулалтыг бууруулбал барилгын компаниудын ажил багасна. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалахад чиглэгдсэн төсөв гэж хэлж болно.
-Өмнөх оны төсөвтэй харьцуулахад зарлага ихтэй болсон атлаа иргэддээ наалдаагүй гэх шүүмжлэл бий…
-Яагаад иргэддээ наалдахгүй гэж. Бэлэн мөнгө өгөх нь багассаныг хэлж байна уу. Харин ч хямралтай үед бизнесийг дэмжиж ажлын байрыг тогтвортой хадгалж, нэмэгдүүлснээр иргэдийн орлого урт хугацаанд нэмэгдэнэ. Алсаараа иргэдэд маань өгөөжтэй гэж бодож байна.
-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй, халамжийг хумисан гэх мэт шүүмжлэлд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ жилийн цалин, тэтгэврийн нэмэгдэл 2013 оны төсөвт 250 гаруй тэрбум төгрөгийн ачаалал авчирч байна. Үүнээс 170 орчим тэрбум төгрөг нь цалингийн нэмэгдэл юм. Энэ мөнгө төсвийн ажиллагсдад л очно. Тэд хэрэгцээт зүйлсээ худалдан авахад зарцуулж эцсийн дүндээ эргээд л бизнесийн салбарт л орно. Харин хүүхдийн мөнгө гээд хавтгайрсан халамж үргэлжилж л байгаа бус уу. Миний бодлоор очих ёстой зорилгот бүлгийн хүүхдүүдэд л өгмөөр байгаа юм.
-Сайд нарын сонгогдсон аймагт хөрөнгө оруулалт их байна гэх шүүмжлэл бий. Ер нь жигд бус хуваарилалт ажиглагдав уу?
-Жил бүр л ийм яриа төсөв хэлэлцэх үед гарч байдаг. Үнэндээ бол хар л даа. Тэр яригдаад байгаа “Баянхонгорын жишиг сум” гэсний чинь аймаг, сумын нэрийг нь аваад хаячихсан. Санаа зоволтгүй болсон.
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажил урагшилна гэж байгаа. Төсвийн зарлагын ихэнх нь бүтээн байгуулалтад зориулагдахаар байна уу?
-Бүтээн байгуулалтыг дагаад бизнесийн орчин сайжирна. Ер нь эргээд эдийн засгаа дэмжсэн, бүтээмж бий болгосон чиглэлд зарцуулбал алс хэтдээ үр дүн нь гарна. Тухайлбал, өнөөдөр инфляци өсөх нэг хүчин зүйл болж нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж буй тээвэрлэлтийн саадыг арилгах чиглэлд төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь үр дүнгээ удахгүй өгнө гэж төсөөлж байна. Өнөөдөр барааны нийлүүлэлт төмөр зам дээр чамгүй удаан хугацаагаар саатаж үнэ өсөхөд нөлөөлж байна.
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барихад төсвийн хөрөнгө оруулалт чиглэгдэж байна уу?
-Мэдээж хэрэг, эдгээр тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад шинэ барилга байгууламжууд барихаар төсөвт туссан байгаа. Боловсролын салбарт 70 орчим тэрбум эрүүл мэндийн салбарт 40 орчим тэрбум төгрөгийн шинэ барилга байгууламжууд баригдаж, засвар хийгдэнэ.
-Сайд нарын багцын задаргаа тодорхой биш. Агентлагийн компьютер, тоног төхөөрөмж шинэчлэхэд 80-200 сая төгрөг төсөвлөсөн гэх зэрэг хариуцлагагүй асуудал их байна гэж байгаа…
-Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг задаргаагүй байна гэж шүүмжлэл гарсан. Үүний дагуу энэхүү 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арван чиглэлд зарцуулахаар болж арга хэмжээнүүдийн нэрийг тусгаж батлахаар болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хүрээнд 50 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн үг л дээ. Ер нь ач холбогдол багатай гэсэн 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн харж, хасахыг нь хасаж, шаардлагатай гэсэн зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан.
-Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хууль, хүчний байгууллагыг их хэмжээний мөнгөөр санхүүжүүлж байна гэсэн шүүмжлэлийг Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Сонгуулийн үеэр хуулийн байгууллагад тийм их хэмжээний мөнгө зориулах шаардлага байна уу?
-Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж өгсөн зайлшгүй шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх зардал юм билээ. Сонгуулийн тооллогын машин, программ хангамжийг хамгаалалтад авч, тээвэрлэх гэх мэт зайлшгүй гарах зардал байсан. УИХ-ын сонгуульд төсөвт тусаагүй энэхүү зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулсан нь төсөвт ихээхэн хүндрэл авчирсан юм билээ.
-МАН-ынхан төсвийн төслийн цэг, таслал бүрийг судалж байгаа гэсэн. Харин АН-ынхан өмнөх оны төсвийн төслөөс нэг их ялгаагүй гэж байсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Цөөнх хийх ажлаа л хийсэн байна. Буруу зүйл биш шүү дээ. Харин өнгөрсөн дөрвөн жил ямар ч хяналтгүй, найр тавин амьдарсны үр дүн нь хавтгайрсан халамж байсан юм биш үү. Эцэст нь юу ч үлдсэнгүй. Иргэддээ 21 мянган төгрөг өгөх гээд 1.2 их наяд буюу гурван тэрбум төгрөгийн 400 үйлдвэр идчихсэн улс шүү дээ, бид нар. Үүнийг би байнга сануулж байгаа. Тухайн үед Төсвийн байнгын хороог ахалж байх үедээ ч би хэлж байсан. Ёстой л цөөнхгүй олонхи хүч түрж байсан цаг.
-Төсвийг хямралын үеийн төсөв гэж дүгнэх нь бас байна. Хямралыг давахын тулд урсгал зардлаа танах ёстой гэх юм?
-Харин ч эсрэгээрээ, зардлаа хумиж, хэрэглээг бууруулах нь эдийн засгаа, бизнесийн салбараа тамирдуулна. 2007 оны хямралыг өмнөд хөрш маань зардал, хэрэглээгээ хумихгүй, бизнесийн салбараа хамгаалж гарсан нь үр дүнгээ өгсөн жишээ байна. Энэ жилийн төсөв эдийн засаг, бизнесээ хямралаас тогтвортой авч гарахад чиглэгдэж байгаа.
-Нүүрснээс олох орлого буурсаар байна. Төсвийн орлогын эрсдлийг тооцож байна уу?
-Нүүрсний экспорт, үнийн төсөөллийг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан таамаглалд ойртуулж авсан. Тухайлбал, нэг тонн нүүрсний үнэ төрлөөсөө хамаараад 82-160 ам.доллар байна гэж тооцсон. Уул уурхайн салбараас орох орлого манай улсын гол экспортлогч орон болох БНХАУ-ын тухайн бүтээгдэхүүний эрэлтээс ихээхэн хамаарахаар байна. Манай орны экспортын 90 гаруй хувийг Хятад улс дангаараа эзэлж байна.
-Оюу толгойгоос төсөвт багагүй орлого оруулахаар тооцсон. Гэтэл УИХ-ын зарим гишүүд гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа. Энэ нь төсөвт эрсдэл дагуулах уу?
-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт 400 гаруй тэрбум төгрөг авахаар төсөвт тооцсон. Энэ бол үндэслэлтэй тооцоо. Хуулийн дагуу л тавигдаж буй нөөцийн төлбөр юм билээ. Хуулиа дагаж мөрдөх л ёстой. Тиймээс ямар эрсдэл дагуулах билээ.
-Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргахаар боллоо. Энэ хөрөнгийг юунд, хэрхэн зөв зарцуулах бол. Таны байр суурь?
-Өрийн дарамтаа урьдчилж сайн тооцоод гадаад санхүүгийн зах зээлээс зээлэх замаар мөнгө босгож, дэд бүтцийн томоохон төсөл санхүүжүүлэхийг би дэмжиж байгаа. Тодруулбал, ирээдүйд уул уурхайгаас орох орлогоороо дарж чадах хэмжээний зээл аваад хямралын ард гарахыг зорих нь зөв. Уул уурхай бидэнд асар том боломжийг олгож байна. Үүнийг дагаад бий болж буй өсөлтөө сааруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ юм. Уг хөрөнгийг эдийн засгийн хөгжлөө дэмжсэн дэд бүтцэд л зарцуулах нь үр дүнтэй. Эргээд баялаг бүтээж өрөө дарах чиглэлд гэх юм уу. Харин төсвийн цоорхой нөхсөн, гал унтраахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлж болохгүй.
-Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан нөхөн төлбөр байдлаар 30-аад тэрбум төгрөг олгохоор яригдаж байгаа. Ийм боломж байгаа юу?
-Төсвийн төслийг өргөн барихдаа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын тэтгэдэг, тэтгэмжийг хасахаар орж ирсэнд гайхаж байгаа. Өнгөрсөн таван сард шийдчихээд сонгуулийн дараа болъё гэвэл иргэд маань ойлгохгүй. Тэгээд ч хөдөөд чадвартай багш, эмч нарын хэрэгцээ их, энэ арга хэмжээний ач холбогдол хэвээр байгаа гэж бодож байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад энэ санал дэмжигдээгүй, унасан. Өөрөөр хэлбэл, эдгээр тэтгэмжүүд хүчингүй болохгүй, хэвээр үлдэж байна. Харин зарим өөр нэг ажиллагсдын хувьд тэтгэмж авах хугацаа нэг жилээр ухарч байгаа. Гэхдээ оргүйд орвол охинтой нь дээр гэдэг билүү. Ямар ч гэсэн авах болсон. Энэ арга хэмжээнд ирэх жил 30 гаруй тэрбум төгрөгийг төсвийн боломжтой уялдуулаад тусгаж өгсөн.
-Мөнгөний бодлого ирэх оны төсөвтэй хэрхэн уялдаж байна вэ?
-Засгийн газрын түвшинд анх төлөвлөгдөхдөө ч, УИХ-д өргөн баригдсаны дараа ч тэр мөнгөний бодлоготой уялдуулж л авч үзэж байгаа. Өмнөх хоёр жилтэй харьцуулахад бэлэн мөнгө их хэмжээгээр тараагдахгүй учраас мөнгөний бодлого талаасаа сөрөг нөлөөлөл харьцангуй бага байна.
-Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого хэрэгжих боломж бий болов уу?
-Гол нь нийлүүлэлт тал дээр их анхаарах ёстой болов уу. Бүтээн байгуулалт дагаж бий болох эрэлтийг цаг хугацаанд нь хангах нийлүүлэлтийн асуудлыг хэлж байна. Манайд гардаг нэг түгээмэл хандлага бол Эрээн, Замын-Үүд дээр бараа хэдэн арав хоног, бараг сараар саатахад л үнэ өсчихөж байгаа. Бизнес нь өөрөө улирлын хамаарал ихтэй, цаг хугацааны ашигтай мөчлөг багатай юм л даа.
-Зээлийн хүүг бууруулна гэснээс үүдэж бизнес эрхлэгчид хүлээлтийн байдалтай байна. Зээлийн хүүг ойрын хугацаанд бууруулах бодлого хэрэгжих боломж бий юу?
-Энэ бол маш чухал асуудал.
Өнөөдрийнх шиг уралдаж хадгаламж цуглуулдаг эх үүсвэртэй байвал зээлийн хүү хэзээ ч буурахгүй. Тиймээс банкуудад хямд эх үүсвэр бий болгоход төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэх нь зөв байх. Тухайлбал, гадаад эх үүсвэрээр банкуудад хямд эх үүсвэр байршуулж болно.
-Төсөвтэй холбоогүй өөр нэг зүйл асууя. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзлаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Зөв, бурууг намын гишүүд дүгнэнэ. Би харин бодлоо хэлье. Энэ том улс төрийн хүчнийг авч яваа гишүүд, дэмжигчдийнхээ өмнө хариуцлага хүлээж байна гэж ойлгож байна. Улс төрийн зөв соёл төлөвших талаасаа сайн үйл. Намын Удирдах зөвлөлд ажиллаж байгаад намаа хамт унагачихаад намын нэрээр гишүүн болно гэдэг ёс суртахуунгүй хэрэг юм. Иймд бусад нөхөд нь бас дагах биз дээ.
Хамт явж унагачихаад нэгийгээ буруутгаад үлдэж болохгүй.
Надад ингэж хэлэх эрх байгаа байх. Намаа зөв авч явах гэж дуугарсныхаа төлөө намаа уруудуулсан дарга нартаа хөөгдсөн болохоос биш “хүнд үе ирэх нь” гээд би хаяад зугтаагүй.
Намаа зөв аваад явчих юм болов уу гэж заримыг нь дэмжиж л байсан. Харин манай нөхдүүд дунд албан тушаалгүй болчихоороо арсалдаад сууж чаддаггүй, хүрэхээрээ өөрийгөө бодож даргыгаа бөөцийлөөд нөхдийн тусыг мартаад явчихдаг муу зантай улс бий. Иймэрхүү байдлаасаа болж ялагдлаа шүү дээ. Ер нь ард түмэнд зөв үнэлэгдэж байж улс төрийн хүчин оршин тогтноно шүү гэдгийг энэ дашрамд нөхдөдөө дахин хэлье. Хувийн жижиг эрх ашгаа хойш тавьж намаа авч үлдэх цаг ирсэн ч байж магадгүй юм шүү. Намын хамт олон бол нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлээд байгаа үл бүтэх нэгийгээ шилгээж чаддаг байх хэрэгтэй.