Хөгжлийн банкны хөгжилд дайх үг
Хөгжлийн банк
2012.11.13

Хөгжлийн банкны хөгжилд дайх үг

Ашгүй дээ, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа гарч байна.

Хэн дуртай бүхэн нь тухайн банкны мөнгөнд гар дүрж, үр ашиггүй зүйлд зарцуулж, идэж шамшигдуулдаг завхралыг таягдан хаяасай.

Улсын хөгжлийн хөшүүрэг болох эдийн засгийн үр ашигтай томоохон төслүүдийг санхүүжүүлэх банк маань аар саархан зүйлийг санхүүжүүлдэг, улстөрчдийн өмнөө барьдаг бамбай болчхоод байна. Хуулиа шинэчлээд үзвэл энэ байдал өөрчлөгдөж магадгүй л юм.

Тиймээс шинжээчдийн гаргасан «Хөгжлийн банк»-ин дахь алдаа дутагдлыг уг хуулийг хэлэлцэж эхлэхээс нь өмнө эрхэм түшээдэд сонордуулах нь зүйтэй санагдлаа.

Дэлхийн банкны эдийн засагчид Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/-ны бүрэн эрхийг хангалттай тодорхойлоогүй байна гэж үзжээ.

Бүрэн эрхийн тухайд өртөг зардлыг нөхөх асуудлыг шууд тусгаагүйгээс МУХБ татварын орлогоор санхүүжих ёстой төслүүдийг санхүүжүүлж болох санаа харагдаж байгаа аж.

Мөн одоо мөрдөгдөж буй хуульд «МУХБ нь УИХ- аас баталсан төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй, тэрх үү жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална» гэжээ.

Энэ нь МУХБ-ны бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж байна. Тодорхой төслүүдийг МУБХ мэргэжлийн судалгаа, үнэлгээг өөрсдөө хийж, гүйцэтгэх удирдлага, эсвэл ТУЗ- аар батлуулах нь зүйтэй.

«Хөгжлийн банк»-ны ТУЗ нь Засгийн газраас бүрэн гүйцэд бие даасан байж чадахгүй байгаа.

Учир нь, ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газар томилж, чөлөөлнө, мөн хараат бус гишүүд нь цөөнх (есөн гишүүний гурав нь) байна.

ТУЗ-ийн гишүүдийг «гурав хүртэл жилийн» хугацаагаар томилж, Засгийн газар ТУЗ- ийн гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж болно гээд заачихсан байгаа.

Бие даасан, хараат бус байдлаа хадгалахын тулд амжилттай ажиллаж байгаа хөгжлийн банкууд томилгооны хугацаанд илүү баталгаа, хамгаалалт гарган өгч, ТУЗ- ийн гишүүдийг тодорхой хугацаагаар томилдог бөгөөд энэ хугацаа нь сонгуулийн мөчлөгөөс зөрсөн байхаас гадна хугацаанаас нь өмнө чөлөөлөх нөхцөл, журмыг тодорхой тогтоосон байдаг аж.

Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-т засгийн газар «МУХБ-ны зээлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар банк болон бусад эрх бүхий байгууллагуудтай шууд холбоотой байж, өөрийн байр суурийг илэрхийлэх»-ийг зөвшөөрчээ.

Энэ заалт МУХБ-ийг улстөрийн нөлөөлөлд өртөмтгий болгож байгаа бөгөөд МУХБ-ны бие даасан байдлын тухай 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан зарчимтай зөрчилдөж байна гэдгийг эдийн засагчид онцолж байгаа.

МУХБ-ны тухай хуулинд хянан шалгагчийн үүргийг тодорхой заагаагүй байна.

Сангийн яам зээлийн баталгаа гаргах асуудал дээр хяналт тавих үүрэгтэй бол МУБХ нь Төв банкинд (Монголбанк) санхүүгийн тайлангаа гаргаж өгөх ёстой.

Харин хяналт шалгалтын чухал чиг үүргүүд тусгагдаагүй байна. Уг нь МУХБ Монголбанкны хяналт шалгалтан дор үйл ажиллагаагаа явуулах ёстой, Хуулийн 24 дүгээр зүйлд зээл, өөрийн хөрөнгийн харьцааны дээд хязгаарыг 50:1-ээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн харьцаа хоёр хувь гэсэн үг. 13 дугаар зүйлийн дагуу МУХБ нь гуравдагч этгээдэд зээлийн баталгаа гаргаж болно.

Эдгээр нь маш сул шаардлага бөгөөд Засгийн газарт цагаа олоогүй эрсдэл учруулж болзошгүй юм.

Үр дүн сайтай байгаа хөгжлийн банкуудын хувьд өөрийн хөрөнгийн харьцаа 12-30 хувийн хооронд байдаг.

Иймд Засгийн газар МУХБ-ны бодлогыг дээр дурдсан асуудлуудын хүрээнд тодорхой гаргаж, МУХБ-ны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй санагдана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.