Ажлын хариуцлага алдсан дарга нарт хариуцлага тооцлоо
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийн шийдвэрээр ажлын хариуцлага алдсан зарим анги, байгууллагын удирдлага, албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан, онцгой байдлын хурандаа А.Батмөнх албан хаагчдыг гүйцэтгэх чиг үүргээс нь өөр ажилд буюу хувийнхаа компанийн барилга дээр ажиллуулснаас болж, нэг алба хаагч хүнд гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдсан. Тиймээс тус ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. А.Батмөнхийн оронд НОБГ-ын Тамгын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийг томилсон байна.
ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтантай хамтран ажиллахгүй” гэж сануулжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг “Хужир нуга” гэдэг газар Орхон, Сэлэнгийн бэлчрээр гол гаталж байсан найман хүн усанд унаж, осолдсон хэрэг гарсан юм.
Сэлэнгэ аймагт тохиолдсон мөс цөмөрсөн ослын үеийн аврах ажиллагаа, газар дээр нь шалгаад албаны бэлэн байдлыг сулруулсан, ажлын дотоод зохион байгуулалт хангалтгүй биелүүлсэн тус аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас чөлөөлж, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Ууганбаярт шилжүүлсэн байна. Мөн тус газарт санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн тул ахлах нягтлан бодогч, хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж, зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн Аврах, гал унтраах 36 дугаар ангийн захирагч, хошууч Д.Баяраагийн оронд хошууч Ч.Баатарсүхийг, тус ангийн захирагчийн орлогч, Гамшгаас хамгаалах хяналтын тасгийн даргаар дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг томиллоо.
ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж “Онцгой байдлын албаны аль ч шатанд албан хаагчид ёс зүй, хариуцлага, сахилга батыг сахин ажиллаж албаны нэр хүндээ өндөрт өргөн, дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхааруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтантай хамтран ажиллахгүй” гэж сануулжээ.