Алдаанаас болоод 74 мянган саналын хуудсыг ахин хэвлэжээ
СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа 00.00 цагаар дуусгавар болох ёстойг албан ёсоор сануулсан юм. Иргэний бүртгэлийн газраас СЕХ-нд албан ёсоор мэдэгдсэнээр нийт нэг сая 862 мянга 586 хүн сонгуульд оролцох нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд нийт 2010 хэсгийн хороо санал хураах ажлыг зохион байгуулахаар болсон ба 2370 сонгуулийн хороо ажиллана.
Тэдгээр сонгуулийн хороодод 16590 гишүүн, иргэний бүртгэлийн 2533 итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын 2500-гаад ажилтан, мэдээллийн технологийн 2560 багийн ажилтан даамал нийт 23 мянган хүн сонгуулийг зохион байгуулахаар ажиллаж байгаа хэмээв. Харин 2500 санал авах тоолох машин, 2900-аад сонгогчийн дахим үнэмлэхийг бүртгэх техник хэрэгслийг бэлэн болгоод байгаагаа тайлагнасан юм. Тэрбээр энэ сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулж байгаагаас гадна анх удаа цахим үнэмлэх, автомат машин ашиглаж байгаагаараа онцлог гэлээ. Мөн өвлийн улиралд явуулж байгаагаараа онцлог сонгууль болно гэв.
Үүнээс шалтгаалан зардал нэмэгдсэнийг ч СЕХ-ны дарга учирлаж байсан юм. Тухайлбал,энэ удаагийн сонгуульд аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд зориулж УИХ-аас 5.4 тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн.
Энэ нь өмнөх жилүүдээс хэд дахин илүү мөнгө гэдгийг ч нуугаагүй юм. Үүний шалтгааныг тэрбээр автоматжуулсан систем, тээвэр шатахуун, саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, автомат машин, цахим үнэмлэх бүртгэх машин зэргийг орон нутагт хүргэх, буцаан татах зардал зэргээс шалтгаалан ийнхүү өссөн гэсэн юм. Нөгөөтэйгүүр цагдаагийн хамгаалалтын зардал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал зэрэг төсөв нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээж байв.
Өмнөх хуульд цагдаагийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал шаарддаггуй байснаас гадна, саналын хуудсыг ямар ч хамаагүй цаасан дээр тухайн аймаг орон нутагтаа хэвлэх боломжтой байсан ажээ. Харин энэ удаад өндөр нууцлалтай Канад технологиор үйлдвэрлэсэн тусгай цаасаар хэвлүүлж байгаа нь ийнхүү зардал нэмэгдэх шалтгааны нэг болсон байна.
Түүнчлэн энэ сонгууль болох өдөр буюу энэ сарын 20-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж хүйтрэхээс шалтгаалан орон нутгийн сонгуулийн ирц бүрдэх, эсэх асуудал анхаарлын төвд байгаа. Тэгвэл энэ тал дээр СЕХ-ноос тодорхой ажлыг төлөвлөж эрсдэлд бэлтгэсэн гэсэн. Тодруулбал, өмнөх УИХ-ын сонгуулиар үерт боогдсон иргэдийг онцгой байдлын техник хэрэгсэл, хүчийг ашиглан сонгуульд оролцох нөхцөл бололцоогоор нь хангаж байсан. Тэгвэл энэ удаад цасанд боогдсон, зам даваа хаагдсан иргэдэд сонгууль өгөх боломжийг нь хангаж ажиллахыг аймаг, сумын сонгуулийн хороонд үүрэг өгсөн байна.
Үүнд зориулан 180 сая төгрөгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс бусад бүх аймагт хуваарилж хүргүүлсэн гэлээ.
Мөн зарим аймаг, дүүргийн сонгуулийн хорооны ажилтнуудын алдаа дутагдлаас болж саналын хуудас дахин хэвлэх явдал гарч байгааг ч тайлбарлаж байсан юм. Тухайлбал, нэр дэвшигчийн эцгийн нэрийг өөрийнх нь нэртэй солих, нэрийг нь буруу бичих, намын нэрийг сольж бичих зэрэг алдаа дутагдал гарсан байна. Үүнийг нь тойргийн хорооны дарга нь анзааралгүй СЕХ-нд ирүүлснийг шинжээчид илрүүлсэн байна. Иймэрхүү сонгууль зохион байгуулагчдын алдаа, эндэгдлээс үүдэн 74 мянган саналын хуудсыг дахин хэвлүүлсэн байна.