Саналын автомат машинд 20 хуудас хийхээр 26 гэж өсгөж уншиж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Дундговь аймгийн МАХН-ын Мянгатын дарга Б.Самбуу, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга Э.Гангар, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Мянгатын дарга Ч.Мөнгөнчимэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2012.11.19

Саналын автомат машинд 20 хуудас хийхээр 26 гэж өсгөж уншиж байна

Сонгуулийн саналын хуудсыг уншдаг цахим машиныг Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр туршиж үзэхэд “но” илэрчээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриснаар, Санал тоолох машины толгой алдаатай байна. 20 хуудас дотор МАХН-ын нэр дэвшигчийг дэмжлээ гэж бид дугуйлж хийтэл машин тэр хуудсыг зөрчилтэй хэмээн уншиж. Нийт 26 хуудас уншлаа гэж гаргасан.

Энэ санал тоолох автомат машины тоо үсэрдэг нь нотлогдлоо.

Бас МАХН-ыг дэмжсэн нэлээн олон хуудас алдаатай гарлаа. Орон нутгийн сонгуулийн хамгийн чухал асуудал ирц. 21-ний өдөр ирц бүхэх эсэхэд хамгийн санаа зовж байна. Хуулиар шилжилтийг зохицуулж өгөөгүй. Оюутнууд нь хот руу ирсэн. Сумынхан нь сургуулийн хүүхдээ дагаад аймгийн төвдөө ирчихсэн тул ирж хэжүүхэн л байх болов уу.

Харин сая машины “но”-г хараад ирц хүрээгүй байсан ч гэсэн бүрдсэн мэтээр автоматаар уншчих вий гэсэн болгоомжлол төрлөө. Яг үүнтэй адил асуудал Дундговь аймагт гарсан байгаа. УИХ-ын сногуулийн үеэр гарсантай адил маргаан орон нутгийн сонгуулийн үед ч гарах төлөвтэй болчихлоо. Цахим үнэмлэхүүдийг олноор нь гаргасан хэрнээ өгөхгүй байна гэсэн мэдээлэл бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд сонгуулийн өмнө улс төрийн шинжтэй шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа, бид. Учир нь цахим үнэмлэхээр л сонгуульд оролцох шийдвэр гарсан байгаа. Цахим үнэмлэх харж сонгууль явуулбал ирц хүрэхгүй байх магадлалтай. Цахим үнэмлэхээ аваагүй иргэн олон бий.

Сонгууль хуулийн дагуу болоосой. Иргэдийн итгэл, үнэмшил энэ тоологч машинаас болоод буурчихсан, эргэлзчихсэн байна лээ. Санал тоолох машинтай холбоотой асуудлыг дан ганц манай нам сөхөх биш бүх нам анхаарлаа хандуулаасай. Тоологч машинд суулгасан программд асуудал байдаг юм байна. УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороон дээр 300 гаруй зөрчил илэрсэн. СЕХ яаран сонгууль хүчин төгөлдөр болсон гэж зарлаж асуудлыг бүдгэрүүлчихсэн. Шүүх дээр очвол энэ асуудал үнэхээр балай юм болно шүү.

ТЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Төрийн эсрэг гэмт хэрэг гэдгээр сонгуулийн асуудлыг шалгах эрхийг ТЕГ-т олгочихсон байгаа. Тэд санал тоолох машины талаар дүгнэлт гарган ард түмэнд үнэн зөвөөр нь мэдээлэх ёстой. Энэ машинаар уншсан саналын хуудас, тоо нь хүчинтөгөлдөр үү, үгүй юу гэдгийг тогтоох зайлшгүй шаардлага байгаа юм” гэлээ.

Дундговь аймгийн МАХН-ын Мянгатын дарга Б.Самбуу, “Би шөнө Дундговиос ирлээ. Хөдөөд цасан бүрхүүл нэлэнхүйдээ тогтжээ. Сонгуулийн бэлтгэл ажил явагдаж намуудын сурталчилгааны ажил тэгш бус байна. Шашны зан үйлийг сурталчилгаандаа ихээр ашиглаж байдал газар авлаа. Далай лам, Д.Чойжамцтай хамт авахуулсан зургаа сурталчилгаанд ашиглаж байх жишээтэй. Сонгуулийн хороонд энэ талаар мэдэгдэхээр сонгуулийн дараа наад асуудлыг чинь шийднэ гэж хэлж байх юм.

Манай аймагт УИХ-ын сонгууль шударга бус болсон. Ах, дүүгээрээ нийлээд тэр хүний төлөө саналаа өгнө дөө хэмээн ярьж, дэмжиж байхад өнөөх тоо нь бараа, сураггүй болсон нь санал тоолох машинтай холбоотой. Одоо орон нутгийн сонгууль ч ийм маягтай болж мэдэхээр байна гэж хөдөөнийхөн ярьж байна. Энэ сонгуулиар “но”-той машинаа дахин хэрэглэх гэж байгаа учраас хөдөөнийхөн сонгуулийн дүнд эргэлзэх шинжтэй байна” гэв.

Манай сонгуульд ашиглаж байгаа New Image Cast төхөөрөмжийг Денвер хотод байрлах Dominion Voting Systems компанид үйлдвэрлэдэг. Энэхүү компанийгJohn Poulos, James Hoover хоёр 2002 онд Канадын Торонто хотод анх байгуулж байжээ.

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга Э.Гангар, “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо буюу 23 дугаар тойрогт манай ажиглагчид очиж саналын хуудсыг хэрхэн уншиж буйг харлаа. Машинд 20 хуудас хийснээс 26 хуудас уншсан гэж харч ирсэн. Саналын хуудсын тоог автоматаар хувилж байгаа нь бодитоор харагдлаа. Үүнийг шалгуулъя гэхээр бүх асуудал цэгцэрсэн гэж хэлээд машиныг шалгахгүй байна” гэж нэмж хэлсэн.

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Мянгатын дарга Ч.Мөнгөнчимэг, “Манай намын ажиглагч нэр дэвшигч Орхонбаярын нэрийг дугуйлсан саналын хуудас хийхээр хүчингүй гэж гарч ирсэн. 20 хуудас уншуулахад 26 болж гарч ирж байгаа нь программын тохиргоо хийснийг харуулж байна. Тиймээс санал тоолох машин асуудалтай гэдэгээ олон хүний өмнө харуулсан. Энэ асуудлыг эртхэн шалгаж, цэгцлээсэй” хэмээн тэд хурлаа өндөрлөлөө.