АН ялалт байгууллаа гэв
Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая мэдээлэл хийж, АН 2012 оны орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа хэмээн мэдэгдлээ. Тэрбээр 21 аймгаас 13-14-д нь олонхи болж ялалт байгуулаад байгаа мэдээг орон нутаг дахь ажиглагч нараас ирүүлсэн гэдгийг онцлов.
"Ингэхдээ 23 жилийн турш ардчилал ялж байгаагүй Увс, Төв, Ховд, Булган зэрэг аймгуудад Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялсан бол нийслэлийн есөн дүүргийн хувьд Багахангай дүүргээс бусдад нь ялсан. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодод сонгогчийн иру хүрээгүй.
Сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй байгаа хэсэгт ч Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан байгаа" гэдгийг Ардчилсан намын дарга онцоллоо.
Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нар оролцсон юм.
Дашрамд дуулгахад, МАН 12.30 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа гэсэн мэдээлэл байсан ч сүүлд авсан мэдээллээр хэвлэлийн бага хурлаа 15.00 цагт хийхээр хойшлуулсан бололтой.