Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.11.29

Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх ёстой

УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болсон. Өмнө нь МАН-ынхан үүнийг эсэргүүцэж Төрийн ордон, Сүхбаатарын талбайд суулт, жагсаал хийж, АН-ын хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлэхийг түр хойшлуулсан чадсан.

Тэгвэл Г.Батхүү, Д.Зоригт нар өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулахаар болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өвөрхангайн тойргийн маргааныг Улсын Дээд шүүх эцэслэн шийдсэний дараа тэд тангаргаа өргөөсэй гэж бодож байна. Нөгөө талаар Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгоно гэж заасан байдаг. 2008 сонгуулийн үеэр З.Энхболд шүүхээр яваад сонгогчдын тооноос зөрчлийн тоо нь бага байна гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн болж байсан.

Хамгийн гол нь, ард түмний сонголтыг нэгдүгээрт тавих ёстой

Зөрчил байна, байхгүй гэдэг нь сонин биш. Хамгийн гол нь, ард түмний сонголтыг нэгдүгээрт тавих ёстой. Үүний дараа алдаа, оноог ярилцах нь зөв байх. Тухайлбал, би УИХ-д нэр дэвшлээ гэхэд миний багт олон хүн ажиллана. Тэдний нэг нь намайг сонгогдоосой гэсэндээ хэн нэгэнд архи өгчихсөн байж болно шүү дээ. Гэтэл энэ асуудлаас болоод сонгуулийн үеэр маргаан гаргах нь зохисгүй юм.