Ц.Даваасүрэн: Манай уул уурхайн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг “Ярилцах танхим”-даа урьж, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх мэтгэлцээн болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэтгэлцэх үеэр та үзэгчдийн суудалд сууж байсан. Тухайн үед ямар нэгэн асуулт асуух боломж олдох байх гэж бодож тэнд очсон уу?
-Тийм. Цөөхөн ч гэсэн асуулт асуух боломж олдох байх гэж бодсоны үндсэн дээр мэтгэлцээнд очсон юм. Харамсалтай нь мэтгэлцээнийхээ дэгийг урьдчилаад бэлтгэчихсэн байсан юм билээ л дээ.
Мэтгэлцээн урьдаас бэлтгэсэн зохиомжийнхоо дагуу явсан гэдгийг олон нийт харж, мэдэрсэн байх. Ер нь тэнд очсон хүмүүс бүгд л над шиг мэтгэлцээний үеэр асуулт асуух бодолтойгоор зав гаргаж очсон байх. Уг нь тэдэнд боломж олгосон бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар иргэдэд илүү сайн мэдээлэл хүрэх байсан болов уу гэж бодож байна.
-Хэдийгээр мэтгэлцээний үеэр хөндлөнгийн ажиглагчдад байр сууриа илэрхийлэх боломжийг олгоогүй ч та С.Баярцогт гишүүнийг мэдээлэл хийх үеэр өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Тухайн үед ямар асуудал дээр эсрэг байр суурь илэрхийлж байсан юм бэ?
-Зарим нэг зүйл дээр илт худал зүйл ярихаар нь “Болохгүй шүү” гэж л анхааруулсан юм. Тухайлбал, “Оюутолгойн хувьцааны гадныхан эзэмшиж буй 66 хувийг Засгийн газраас асууж байж шилжүүлнэ, эрсдэлгүй” гэсэн худлаа тайлбар хийж байна билээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ 66 хувийг эзэмшиж буй “Айвенхоу майнз” компанийн 51 хувь хэний гарт байна тэр л эзэмшинэ шүү дээ. Тэгвэл энэ 51 хувийг зарагдахад “манай талаас асууна” гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. 2012 оны нэгдүгээр сарын 26-нд “Айвенхоу майнз”-ын 51 хувийг Фрийдландаас Рио тинто худалдаж авсан. Одоо нэр нь “Turquoise hill resources” болж өөрчлөгдсөн.
Өнгөрсөн наймдугаар сарын 16-нд ийм нэртэй болсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хэзээ нэг цагт Рио тинто энэхүү 51 хувийг хэн нэгэнд зарахаар бол манайхаас асуухгүй зарчихаж болно. Бодит байдал дээр ийм эрсдэл байгаа юм. Тийм учраас анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50 хувиас доошгүй болгох шийдвэрийг УИХ-ын 57 дугаар тогтоолоор гаргасан хэрэг.
-Тухайлбал, С.Баярцогт гишүүн таныг хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан нэмэлт гэрээг уншихыг зөвлөж байсан шиг санагдаж байна. Энэ гэрээний талаар та ямар бодолтой байна вэ?
-Тухайн үед энэхүү гэрээгээ өөрөө сайн ойлгоогүй гарын үсэг зурсан юм байлгүй. Миний хэлсэн худлаа байвал батал л даа. “Айвенхоу майнз” компанийн 51 хувийг зарахдаа монголын талаас асууна гэсэн гэрээний хязгаарласан заалт гаргаад ирэг л дээ. Оюутолгойн 66 хувиа шилжүүлэхээр болбол Монголын Засгийн газраас асуух тухай заалт тэрхүү гэрээнд орсон байгаа юм. Гэхдээ яаж ч бодсон хувьцааг нь эзэмшиж буй компанийн 51 хувийг зарахаар хувьцаа нь дагаад л шилжинэ биз дээ. Асуудлын учир энд л байгаа юм.
-Мэтгэлцээн болохоос өмнө хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан нэмэлт гэрээний талаар хүмүүс нэг их мэдээлэлгүй байсан. Харин та энэ талаар мэдэж байсан уу?
-Энэ талаар бүгдийг мэдэж байсан. Энэ асуудлыг УИХ дээр олон удаа ярьж, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм.
-С.Баярцогт гишүүн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамгаалж авч үлдэж чадсан гэж байгаа бол С.Ганбаатар гишүүнийг өөрийн байр суурийг хамгаалж чадаагүй гэдэг дүгнэлтийг олон нийт хийж байна. Та харин тэднийг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Мэтгэлцээний гол зорилго бол олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх тухай асуудал байсан болохоос биш энэ хоёр хүний хэн нь илүү мэдлэгтэй байна вэ гэдэг асуудал огтхон ч биш байсан. Гэтэл нэг нь яаж ийгээд үнэн зөв мэдээлэл олон түмэнд өгчихье гэж байсан бол нөгөө нь олон нийтийг яаж хуурч, толгойг нь угааж гэрээ байгуулсан хүмүүсээ аваръя даа гэсэн арга ядсан байдлаар л мэтгэлцлээ гэж дүгнэж байгаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар зорилгоо биелүүлсэн. Ямар хүн энэ гэрээг хийсэн юм бэ, яагаад улайран хамгаалаад байгаа юм бэ гэдгийг даруухнаар зогсож байгаад л олон нийтэд харуулж чадлаа шүү дээ.
-Нөгөөтэйгүүр, мэтгэлцээний үр дүнд зарим ажиглагч “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг тус ордын 51 хувийг төрийн мэдэлд оруулснаар өөрсдөө хувааж “идэх” нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна” гэх болж. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Инээдтэй бас тэгээд аргаа барсан хүний тайлбар байна. Ер нь газар доорх баялгаа зөв ашигласан орнуудын туршлагаас харахад улс орны хэмжээний стратегийн ордынхоо ашгийг ард иргэддээ хүртээхийн тулд төрийн өмчийн компаниар ашиглуулсан байдаг юм. Тухайлбал, Норвеги, Чили, Ботсвани зэрэг орнуудыг үүний сонгодог жишээ болгон нэрлэж болох юм. Манай уул уурхайн одоогийн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна гэж хэлж болох юм. Энэ замаар улсынхаа төсвөөс илүү их хөрөнгө чинээтэй улстөрчид гарч ирж, төрийн эрх мэдлийг мөнгөний сонгуулиар булааж авахыг оролддог болж байгаа юм биш үү.
-Орон нутгийн хурлын сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарлаагүй байхад Ардчилсан намынхан болон Ардын намынхан өөрсдийн ялалт байгуулсан гэх тойргуудыг олон нийтэд зарласан. Үүнийхээ үндсэн дээр нэлээд эсрэг байр суурь илэрхийлж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Орон нутгийн хурлын сонгуулийг өвлийн хүйтэн цагт зохион байгуулсан гэхэд иргэд маань идэвхитэй оролцлоо гэж бодож байна. Сонгууль бүр дээр л намууд ийм авир гаргадаг нь бараг энгийн үзэгдэл болсон шүү дээ. Ялагдсан бөхөд шалтаг мунддаггүй гэдэг нэг айхавтар үг байдаг даа.
-Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт нэлээд асуудал үүссэн. Та энэ нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?
-Хувь хүнийхээ хувьд Хөвсгөлийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тухайгаа ч төрийн тэргүүн, УИХ-ын даргад урьдчилаад хэлчихсэн. Зарим нам болон бие дааж нэр дэвшигчдийг ялихгүй шалтгаанаар хассан байсныг шүүхээс “Буруу байсан” гэдэг шийдвэр гаргаад нэрийг нь хассан нэр дэвшигчдийг “Бүртгэх нь зүйтэй” гэдэг шийдвэр гаргасан байхад Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргийн хороо дээрх хүмүүсийг орон нутгийн хурлын сонгуульд оролцуулаагүй шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь эдлүүлэхгүй байгаа сонгуулийг яаж хүлээн зөвшөөрч болох юм бэ. Хэрэв хүлээн зөвшөөрөх аваас цаашдаа буруу жишиг тогтоно. Түрүүлэх бөхийг барилдуулахгүй байвал ямар наадам болох вэ. Тийм л сонгууль манай аймагт болсон доо.
-Таныг сүүлийн үед МАХН-ынхныг өмгөөлсөн шинж чанартай зүйл ярьж байна гэх болж. Энэ ярианд та хариулт өгөхгүй юу?
-Би аль нэг намд ач холбогдол өгсөн зүйл байхгүй. Бие даагчаа хийгээд л явж байна. Заримдаа хэвлэлээр янз бүрийн л намд элсүүлчихсэн байх юм. Нэг л өдөр би өөрөө шийднэ.
-Ардын намынхан үнэхээр хэцүү байдалд орчихлоо. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, орон нутгийн хурлын сонгуульд ялагдал хүлээх нь тодорхой болчихоод байна. Энэ намыг “Лидерийн дутагдалд орсон” гэж залуу гишүүд нь ярьж байна. Та үүнтэй санал нэг байгаа байх. Намаа шинэчлэхээр зорьж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ардын намынхан намаа шинэчилж чадахгүй л болов уу. УИХ-ын сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн Удирдах зөвлөлийн хэдэн хүн дотроо эргэлдээд гишүүд, дэмжигчдийнхээ оролцоогүйгээр намын удирдлагаа сонгоод байхаар яаж шинэчлэгдэх юм. Олон түмэн ч юу гэж дэмжих вэ. Тэд харж, ойлгож л байгаа шүү дээ. Ардын намын удирдлагуудад дараагийн сонгууль хүртэл намынхаа Удирдах зөвлөлд багтаж байгаад намын нэрийн жагсаалтаар дараагийн УИХ-д сонгогдох юмсан гэсэн туйлын зорилго л байна. Энэ үүднээс намаа балалчих вий дээ гэсэн бодол харин алга байна шүү дээ. Олон түмэнд итгэл төрүүлж байж ялдаг болохоос биш худал, хуурмаг мэдээллийн үндсэн дээр ялалт байгуулчихдаггүй байх аа.
Тэдний яриад байгаа сайхан зүйлүүд нь Монголын ард түмний өнгөрсөн амьдралтай нь уялдаж өгөхгүй болохоор олон түмэн яаж итгэх юм бэ. Харин өөрийн тань асуусан “Ардын нам олон түмний итгэл дагуулсан лидергүй болчихлоо” гэсэнтэй санал нэг байна.
Ардын намынханд “Аймагт давдаггүй бөхөө биш улсад давдаг бөхчүүдээ урдаа гаргаж барилдуудах цаг болжээ” гэж хэлүүлсэн дээ.
Олон нийтийн үгийг сонсохгүй бол дараачийн ялагдал л угтана гэдгийг жишээ нь энэ юм болов уу. Олон түмний энэ их нэгдлийг хэдхэн хүний хувийн амбициар дуусгачихгүй л юмсан гэж харамсах юм. Ардын нам гэсэн энэ том нэгдэл байхгүй болчихвол нийгэмд нэг их чухал биш хэрэггүй хэсэг л энэ орон зайг эзэлнэ шүү дээ. Би тийм л бодолтой байна.
-Хэрэв таны өгсөн зөвлөгөөний дагуу Ардын нам шинэчлэгдэж чадвал та Ардын намд буцаж орох уу. Нэгэнтээ та “Ардын нам шинэчлэгдэж чадвал намдаа буцаад ороход бэлэн” гэж байсан шүү дээ?
-Хамгийн гол нь энэ том нэгдлийг л аварч үлдэх ёстой. Түүнээс биш “тодорхойгүй” бусдад орон зайг нь өгч хэрхэвч болохгүй. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлээс үүсэлтэй олон түмний нэгдэл шүү дээ, Ардын нам чинь. Хувийн эрх ашгийнхаа төлөө энэ том намыг ашиглая гэсэн хэсэгтэй бол би эвлэрэх боломжгүй. Ямартай ч цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
-2013 оны улсын төсвийг нэлээд хэл амтайхан баталсан. Тухайлбал, бүх зүйл маш тодорхойгүй байсан гэдэг шүүмжлэлийг Ардын намынхан хөндөж байсан. Үнэхээр ч бусад оны төсвийг батлах үед нэлээд хатуу шаардлага тавьдаг байсан бол энэ жилийн төсөв нэлээд үрэлгэн атлаа тодорхойгүй төсөв болсон юм шиг ээ. Та Төсвийн байнгын хорооны даргын хувьд ямар хариулт өгөх вэ?
-Ер нь бол шүүмжлэхгүйгээр баталдаг төсөв гэж байдаггүй юм. Өнгөрсөн 20 жилд огт шүүмжлэл дагуулаагүй төсөв байсныг би лав санахгүй байна. Энэ удаагийн төсвийн нэг онцлог бол шинэ хуулиудын орчинд хэрэгжих юм. Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай шинэ хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс 2013 оны төсөв бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шинэ орчин дахь хуулийн хязгаарлалтуудын хүрээнд хийсэн төсөв.
Тухайлбал, бид төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийг нэмэгдүүлж, алдагдлаа өсгөж баталдаг байсан бол энэ удаа алдагдал, ДНБ-ий хоёр хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарт баригдлаа. Мөн дээрх хуулиудийн хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн. Аймгуудад 8-11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ИТХ-аараа хэлэлцэж өөрсдөө шийдвэрлэх эрхийг өгч байгаа. Ихэнх хөрөнгө оруулалтын тендерүүд ирэх жилээс тухайн орон нутагтаа зарлагдаж, хийгдэхээр болж байна.
Мөн энэ удаагийн төсөв “хямрал нүүрэллээ” гэж төсвийг танаж, иргэд, бизнес эрхлэгчдээ бүсээ чангалахыг уриалаагүй гэдгийг хэлэх байна. Ингэснээр эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарна гэж үзэж байгаа. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийн эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч, орлого нь багасна. Улмаар ажилчдаа цөөлнө, цалингаа өсгөж чадахгүй, ядуурал нэмэгдэхэд хүрнэ шүү дээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг бууруулбал барилгын компаниудад ажил олдохгүй болно биздээ. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалахад чиглэгдсэн төсөв гэж хэлж болно.