С.Эрдэнэ: Мэндчилгээ
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ.
2012.12.03

С.Эрдэнэ: Мэндчилгээ

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.

Манай улс 2013-2022 онд Ази номхон далайн бүс нутгийн орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитойгоор хангах зорилгоор Инчеоны стратегийн баримт бичгийг хүлээн авч бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллахаар болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хамгааллыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд оролцох боломж нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийх ажил олон байна. Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар хүн ам, бүлгүүдийн асуудлыг хариуцсан бүтцийг шинээр бий болгож, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийг шинээр байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг хариуцуулж ажиллуулаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 136 дугаар тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай иргэн улиралд нэг удаа 30 мянган төгрөг авдаг байсан бол ирэх оноос 60 мянган төгрөг авна. 16 хүртэл байнгын асаргаа шаардлагатай хүүхэд улирал бүр мөн л 30 мянган төгрөг олгодог байсныг сар бүр 60 мянга, хараагүй иргэний холбооны зардалд сард нэг удаа 10 мянган төгрөг олгодгийг 20 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд жилд нэг удаа 90 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүллээ. Мөн саяхан хуралдсан Засгийн газрын хуралдаанаар "Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай" тогтоолыг баталлаа. Шинэчлэн тогтоож байгаа жишиг үнийн өөрчлөлтөөр нийт 37,3 мянган хүн хамрагдаж, нэмж 2,7 тэрбум төгрөг, нийт 9,1 тэрбум төгрөг төсөвлөгдлөө.

Ийнхүү шинэчлэлийн Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил хамгааллыг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бүтцийг бий болгох, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зөвшилцлийн механизмыг бүрдүүлэх, төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, нэн тэргүүнд тулгамдсан ажлуудыг тодорхойлж дэс дараатай шийдвэрлэх зэрэг олон ажлын үндэс суурийг тавьжэхлүүлээд байна.

Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхныгхүсэн ерөөгөөд үргэлж сайхан ирээдүй өөд тэмүүлж явахыг уриалъя. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
.                                                                            ХАХНХ-ийн сайд С.ЭРДЭНЭ