2012.12.04

Уран бол улс төр, тиймээс орхиж болохгүй

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.РЭГДЭЛТЭЙ ярилцлаа.Бидний ярилцлага уул уурхайн салбарын эргэн тойронд буй цаг үеийн асуудлаар өрнөсөн юм.

- Сүүлийн  үед  уул  уурхайн салбарт төдийгүй, улс төрийн хүрээнд ураны асуудлыг хөндөх болсон. Монгол Улс хэдий хэмжээний ураны нөөцтэй юм бэ. Нарийвчилсан тоо бий юү?

- Ураныг тойрсон хоёр захын байр суурь явж байна. Ашиглах нь зөв, буруу гээд. Уран стратегийн түүхий эд гэхээс илүүтэй ураныг тойрч дандаа улс төр байдаг. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд эхний 15-д багтаж байна.Гэхдээ баруун талдаа хэр хэмжээний ураны нөөцтэй болох нь өнөөг хүртэл тодорхой бус.

Монгол орны баруун хэсэгт ураны судалгаа огт хийгээгүй гэж ярьдаг. Тиймээс баруун талын ураны нөөцөө тогтоож, эцсийн тоо баримт гарсан тохиолдолд одоогийнхоос урагшилна. Уран бол улс төр.

Ураныг эзэмшиж буй орон улс төрийн том байр суурьтай байдаг.Тиймээс манайх ураны асуудлыг хойшлуулж болохгүй, тодорхой хэмжээнд ярих ёстой, судалгаа шинжилгээг хийж байх нь зөв.

Харин станц бай-гуулах эсэх асуудлыг бол улстөрчид бус мэргэжилтнүүд шийдэх учиртай. Манайх нүүрсээр эцэс төгсгөлгүй эрчим хүч үйлдвэрлээд явна гэдэг бол бодох л асуудал. Иймээс ураны асуудлыг орхиж болохгүй.

Уранаас гадна занарын тухай ярьж байна. Эрчим хүчнийхээ хэрэглээг занараар хангах тухай. Та энэ талаар юу хэлэх вэ?

Манайд занарын хэд хэдэн томоохон орд бий. Үүгээр тооцоо хийгээд үзэхэд нүүрсээс дутахгүй нөөцтэй. Занар нь химийн аж үйлдвэр болон эрчим хүчний чухал түүхий эд. Манайхаас "Монгол орны занарыг ашиглах тухай" төсөл боловсруулж, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хүргүүлсэн. Зарим орон эрчим хүчний хэрэглээгээ занараар хангаж байна. Занарын хувьд нүүрс шиг тоосжилт гарах нь харьцангуй бага. Гэхдээ их хэмжээний хүдрээс занар ялгаруулж авч байгаа учраас газар шорооны ажил ихтэй. Энэ нь байгаль орчинд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх тал бий.

Уул уурхайн салбараас Монгол Улсын төсвийн орлого, хөгжих эсэх нь улам бүр хамааралтай болж байна. Тиймээс тус салбарт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, түүхий эдийг гүн боловсруулахад ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

Монгол орны ойрын хөгжлийн зүтгүүр нь уул уурхайн салбар болохыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Тиймээс газрын хэвлийд буй эрдэс баялгийн нөөцөөрөө ирээдүйн хөгжлийг бүтээн байгуулах, сууриа зөв тавих, эдийн засгаа төрөлжүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэтэл өнөөдрийн уул уурхайн салбарт хэрэгжиж буй бодлого нь хүлээж буй хэтийн хөгжилтэй зөрчилдөх болсон.

Өөрөөр хэлбэл, маш богинохугацаанд их ашиг олохын тулд ямар ч дэд бүтэц, боловсруулах технологи, үйлдвэрийг байгуулахгүйгээр нүүрс, төмрийн хүдрээ экспортолж байна.

1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна. Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92

Энэ байдал нь эдийн засаг болон байгаль орчин, нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлөхгүй. Ер нь манайх уул уурхайн баялгаа олборлох төдий биш, боловсруулж, нэмүү өртөг шингээх чиглэлд гол анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсон. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг ярьж байсан. Өнөөдөр ч ярьсаар л байна.

Дотооддоо боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортод гаргах, өөрсдөө ашиглах, ярьж буй зүйлээ ажил хэрэг болгох бодлого дутаж байна.

Манайд шууд олборлоод raprax сонирхол нь давамгайлж байна гэж та хэллээ. Энэ сонирхол бол бизнесийн эрх ашигтай шууд холбоотой байх.

Монгол Улс газрын хэвлийн баялгаа ашиглаж, олон жил амжилттай хөгжих боломжтой. Гэхдээ анхаарах асуудал цөөнгүй. Тухайлбал, зарим оронд манайх шиг стратегийн орд гэсэн ойлголт алга.

Харин үүний оронд стратегийн түүхий эд гэдэг ойлголт түгээмэл байна. Жишээлбэл, ОХУ, Арабын орнуудад стратегийн түүхий эд гэж байх жишээтэй. Ордын нөөц хэмжээнээс хамаарахгүйгээр энэ бол стратегийн түүхий эд гэж тогтоож байна. Өөрөөр хэлбэл, төмөр болон нүүрс стратегийн түүхий эд гээд.

Стратегийн түүхий эдэд гаднын хөрөнгө оруулалт ямар хэмжээтэй байхыг нь ч тогтоосон байх жишээтэй. Тиймээс манайх цаг алдалгүй стратегийн ордоос стратегийн түүхий эдэд шилжихэд алдах зүйлгүй. Харин ч хожино.

Өнөөдөр ашигт малтмалын ордын нөөцийг тогтоохдоо стратегийн ордын хэмжээнд хүргэхгүйгээр тогтоох, нөөцийг дарах сонирхол маш их байна.

Тиймээс ашигт малтмалын зөвлөлөөр нөөцийн тухай асуудал оруулах боловч стратегийн ордоос нэг сая тонн дутуу нөөцтэй орд оруулж ирэх нь элбэг. Өөрөөр хэлбэл, стратегийн ордыг гадна үлдээх байдал давамгайлж байна. Ийм сонирхол ч газар авч байгаа. Энэ нь хөрөнгө оруулагч талд ашигтай боловч Монгол Улсад маш хохиролтой. Тиймээс энэ сонирхлыг хаах ёстой.

- Энэ сонирхолыг таны хэлж буй стратегийн түүхий эдээр хааж болох уу?

- Тийм ээ. Стратегийн ордоор дамжуулж хаах боломжтой.

-Стратегийн түүхий эдэд хамгийн түрүүнд төмрийн хүдар багтах байх. Гэтэл манайх төмрийн хүдрээ түүхийгээр нь өдөр шөнөгүй зөөж байна. Төмрийн хүдрийг стратегийн түүхий эд гээд шууд нэрлэж болох уу?

-Нэгдүгээрт, төмөр бол аль ч оронд стратегийн түүхий эд байдаг. Тиймээс дэлхийн зарим орон төмрийн хүдэр экспортлохоо бүр зогсоосон. Аж үйлдвэрлэлийн хөгжилд хамгийн их ордог, төмөр шиг чухал түүхий эд байхгүй.

Тиймээс манайх төмрийн хүдрээстратегийн түүхий эд гэж зарлах ёстой. Эргэлзэх шаардлага байхгүй. Төмөр бол стратегийн түүхий эд. Одоогоор манайх төмрийн хүдрээ түүхийгээр нь хайр гамгүй зөөж байна. Үүнээс болоод Монгол Улсын Үндсэн хуульд заасан газрын хэвлийд буй баялаг ард түмний мэдэлд байна, төрийн хамгаалтад байх ёстой гэсэн заалт хэрэгжихгүй өнөөг хүрлээ.

Төмрийн хүдрээ зөөлөө гээд ард түмний амьдралд наалдаж байгаа юм алга. Хэдхэн хүн хөрөнгөжих буруу тогтолцоо бий болж байна. Хоёрдугаарт, стратегийн түүхий эдээр нүүрс, занар, газрын тосоо зарлаж болно. Эрчим хүчийг гаргаж буй бүхий л түүхий эд стратегийн түүхий эд. Мөн газрын ховор элементийг бол ашигласан, ашиглаагүй стратегийн түүхий эд гэж зарлах бүрэн боломжтой.

-Монголын эрдэмтэд томоохон ордын ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд хэр оролцож байна вэ?

-Гэрээ байгуулах үндсэн нөхцөл бол ТЭЗҮ. Оюутолгойн төслийг аваад үзэхэд л ТЭЗҮ баталгаатай болгохгүйгээр гэрээг баталсан. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ засвартай болон алдаатай байсан. Төсөл эхэлсэн.

ТЭЗҮ нь асуудалтай, тодорхой бус, олон нийтэд ойлгомжгүй байгаа нь эргээд олон асуудлыг араасаа дагуулж байна. Энэ бол манайд сургамж болж үлдэх ёстой. Цаашдаа ТЭЗҮ-ийн асуудлыг цэгцэлж, дараа нь гэрээний асуудалд шилжих нь зөв.

Томоохон ордын ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд Монголын эрдэмтдийн оролцоо туйлын хангалтгүй. Манай стратегийн орд 16 боллоо. Эдгээр ордоос Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордод Монголын эрдэмтэд голлох байр суурьтай оролцож, урьдчилсан байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулсан.

Бусад ордын хувьд Монголын эрдэмтдийн оролцоо ерөөсөө байхгүй гэж хэлж болно. Манай эрдэмтэд Сайншандын аж үйлдвэрийн ТЭЗҮ-д нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь улс орны хөгжлийн асуудлыг ярих гол үндэс бол шинжлэх ухаан.

Шинжлэх ухааны загвараар хөгжиж буй орны жишээ бол манай урд хөрш байна. Хятадын удирдагч Ху Жинтао 10 жилийн өмнө гарч ирээд "Хятадын улсын хөгжлийн үндэс бол шинжлэх ухаан" гэсэн лоозонг дэвшүүлж байсан. Тогтвортой хөгжихийн тулд Монголын уул уурхайн салбар өөрөө шинжлэх ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх учиртай.