2012.12.04

МАН засаг даргаар залуу, эрч хүчтэй хүмүүсийг томилно

МАН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус мэдээллийг МАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар хийлээ.

2012 онд МАН түмнээ түшиж ажиллана, төрд ард түмний хяналтыг бий болгоно гэсэн уриатайгаар орсон.

“Өнөөдөр бидний бодлого зарчмыг дэмжиж, МАН-ыг дэмжсэн нийт сонгогчдоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо. Өнөөдөр тойргийн хороодын есөн аймагт үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан байна, дөрвөн дүүрэгт яллаа. Орон нутгийн сонгуулийн их хурлын сонгуультай харьцуулвал манай нам 50-аас дээш хувийн амжилттай орж чадлаа” хэмээн Г.Занданшатар мэдэгдлээ.

Намын рейтинг 10 хувиар өссөн

Улсын хэмжээнд тус намын рейтинг 10 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг мөн хэлсэн юм. Одоо тэдэнд аймаг, сум, дүүргүүдийн засаг дарга нарыг томилох ажил үлдсэн. Намын удирдлагууд энэ талаар шинэ залуу хүмүүсийг засаг даргаар томилох бодлого барьж байгаа ажээ. Тухайлбал Говь-Сүмбэр аймагт 36 настай н.Батсуурь гэх Америкад сургууль төгссөн хүнийг нэр дэвшүүлжээ. Түүнчлэн Дорнод аймагт н.Бадамсүрэн гэх 37 настай залууг дэвшүүлсэн байна. Гэхдээ намаас дан ганц залуу гэдгийг нь хараагүй бөгөөд ард түмний саналын үндсэн дээр гаргасан хэмээн Г.Занданшатар тайлбарлав.