Хадгаламжийн даатгалын тухай хуулийг дэмжив
УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулдаг
2012.12.07

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, дэмжлээ. Засгийн газраас өргөн барьсан энэ төсөл батлагдвал хадгаламж эзэмшигч бүрийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийн эрсдлийг тухайн арилжааны банк хариуцахаар болж байгаа юм.

Үүнээс дээш хэмжээний хадгаламжийн эрсдлийг тухайн хадгаламж эзэмшигч өөрөө хариуцна. Ингэхдээ хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх аж. Гэвч энэ нь нэлээд цаг хугацаа шаардах ажил учраас төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хугацааг сунгах хэрэгтэй болж байгаа юм байна.

Хуулийг хэлэлцэх явцад Д.Дэмбэрэл гишүүн "Нэг хүн 100 сая төгрөг хадгалуулжээ гэж үзье. Тэгтэл банк нь дампуурахад хадгаламж эзэмшигч 20 сая төгрөгөө л буцаан авах болж байна. Энэ нь томоохон хадгаламж эзэмшигчдийг хавчсан бодлого юм биш үү" хэмээн болгоомжилж байв. Гэхдээ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан үүнийг үгүйсгэж, "Банкин дахь нийт хадгаламж эзэмшигчийн 99 хувь нь бага мөнгө хадгалж байгаа. Бага хадгаламжтай хүмүүс эрсдэлд магадлал өндөр эхний ээлжинд ийм хэмжээ авч байна.

 Тэгээд ч томоохон хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг банк  хариуцна   гэвэл арилжааны банкуудад ирэх ачаа нэмэгдэнэ гэлээ. Н.Энхболд гишүүн "Төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг нэг жилээр сунгаж байгаа нь тийм хангалттай биш гэдгийг хэлээд энэ хуулийг боловсруулахдаа банкуудын холбооны саналыг авах хэрэгтэй байсныг ярив.

Их хадгаламж эзэмшигчдийг шахах, гадуурхсан хууль гарч байгаа юм биш биз гэдэг зүйлийг нэлээд хэдэн гишүүн давтан асууж байлаа. Харин Ч.Улаан сайд: "Энэ хууль бол хадгаламж эзэмшигчдийг заавал даатгалын системээр дамжуулж хамгаалах зорилготой. Их хадгаламжтай хүмүүс сайн дурын даатгалд хамрагдаад явах боломжтой. Тийм учраас шахаж, хавчсан зүйл байхгүй" гэв.