Уго Чавес залгамжлагчаа зарлав
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ба төрийн тэргүүний албад санал болгогдоод буй Дэд Ерөнхийлөгч Николас Мадуро.
2012.12.11

Уго Чавес залгамжлагчаа зарлав

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрөгч ням гаригт Кубийг зорихынхоо өмнө хэрэв өвчин нь хүндэрч, Төрийн тэргүүний албыг цаашид залгуулж чадахгүйд хүрвэл улс орныг Дэд Ерөнхийлөгчөөр удирдуулах саналтай буйгаа мэдэгдсэн байна. Хорт хавдар өвчний улмаас гурав дахь удаагаа хагалгаа хийлгэх болсноо урьд шөнө нь тийнхүү тайлбарласан нь Венесуэлийн ирээдүйн талаар бас нэгэн бүрхэг таамаг уралдуулахад хүргээд зогссонгүй одоогийн 

Ерөнхийлөгчийн дэмжигчдийг Каракас хотын гудамж талбайд хуран цуглахад хүргэжээ. Нулимсаа арчин зогсох тэдний нэг хэсэг У.Чавесын гэрэл зургийг барьж, "Чавес явах болоогүй ээ" хэмээн хоолой зангируулан хашгирч, түүнийг хурдан эдгэрэхийн төлөө мөргөж залбирчээ.

Ерөнхийлөгчийн дэмжигчдийг Каракас хотын гудамж талбайд хуран цуглахад хүргэжээ. Тэдний дунд олон хүн Чавесын социалист хөдөлгөөний бэлгэдэл улаан өнгийн футболка өмссөн байв. У.Чавес эрүүл мэндийнхээ байдлын талаар телевизээр мэдэгдэхдээ ямар нэг хүндрэл тохиолдвол Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийнх нь социалист бодлогыг үргэлжлүүлэх лидерээр сонгогдох учиртайг анх удаа олон нийтэд зарлажээ. Залуудаа автобусны жолооч явсан, 50 настай Н.Мадурог тэрбээр "ясны хувьсгалч, харьцангуй залуу хүн гэхэд хангалттай туршлагатай" хэмээн тодорхойлоод, Ерөнхийлөгчийн сонгууль шинээр зарлавал Дэд Ерөнхийлөгчөө дэмжихийг иргэдэд уриалсан байх аж.

Харин улс төр судлаачид хүмүүсийн сэтгэлийг байлдан дагуулах чадвараараа Чавесыг гүйцэхгүй Мадуро социалистууд, түүний дотор Засгийн газрын олон албанд ажилладаг цэргийнхнээс дэмжлэг авна гэдэгт эргэлзэж байна.

Энэ оны аравдугаар сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 58 настай У.Чавес 55 хувийн санал авч ялсан.

Сонгуулийн дүнг тэрбээр "чамлалттай" гэж тодорхойлон, үүнийг өвчинтэйгээ холбон тайлбарласан юм. Ирэх оны нэгдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр айсуй зургаан жилийн засаглал нь эхлэх учиртай. 1999 оноос хойш тасралтгүй 14 жил Төр барьж буй энэ эрхэм өвчиндөө бууж өгөхгүй хэмээн бямба гаригийн шөнө хийсэн дээрх мэдэгдэлдээ онцлон тэмдэглэж. Харин гаднын эмнэлгийн хэд хэдэн шинжээч Венесуэлийн удирдагчийн биеийн байдал, өнөөг хүртэл хийсэн эмчилгээний үр дүнд тулгуурлан, өмөн үү нь илааршина гэдэгт эргэлзээтэй хариу өгчээ.

Кубийн нийслэл Гаванад Чавес ойрын өдрүүдэд мэс засал хийлгэх юм байна. Тус улсын Үндэсний ассамблейн чуулганы үеэр сөрөг хүчнээс сонгогдсон хууль тогтоогч Хулио Боргес Ерөнхийл өгчийн өвчний талаар өгч буй мэдээлэл хангалтгүй, бүрэн дүүрэн биш байгааг шүүмжлээд, "Венесуэл үнэнийг мэдэх эрхтэй" гэсэн байна. Үнэхээр ч 2011 оны зун анх энэ талаар олон нийтэд мэдээлснээс хойш өвчний явц, байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс цааргалж ирсэн. Тухайлбал, өмөн үүгийн ямар хэлбэрээр өвдсөнийг нь нууцалсаар байгаа. Кубад очиж, эмчл үүлдгээ Чавес анх тэндэхийн эмч нараар оношлуулсантай холбон тайлбарладаг байна. Үндэсний ассамблейн Ерөнхийлөгч Диосдадо Кабелло У.Чавесын Ерөнхийл өгчийн бүрэн эрхийг түр боловч хугацаагаар түдгэлзүүлэх төлөвлөгөө одоогоор алга гэж хэллээ.

Венесуэлийн Үндсэн хуулиар, хэрэв Чавес одоогийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй болбол Дэд Ерөнхийлөгч Мадуро Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчид автоматаар томилогдох ёстой аж.

Харин улиран сонгогдсон Ерөнхийлөгч бүрэн эрхээ шинээр хэрэгжүүлж эхлэхийн өмнө нас барвал 30 хоногийн дотор дахин сонгууль зарлаж явуулахыг Үндсэн хуульд заажээ. Энэ хугацаанд Засгийн газрын удирдлагыг Үндэсний ассамблейн Ерөнхийлөгч хариуцах ёстой юм байна. Чавессын мэдэгдэл энэ сарын 16-нд товлосон мужийн захирагчдын сонгуульд түүний намаас нэр дэвшигчдэд дэмжлэг болж мэдэхийг зарим ажиглагч тэмдэглэлээ. Хэрэв Чавесын намынхан сонгуульд тулхтай амжилт үзүүлбэл нөхөн сонгууль зарлалгүйгээр түүний орыг Мадурогоор залгамжлуулах гарц нээгдэх талтай. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хийх эл алхмын талаар У.Чавесын улс төрийн холбоотнууд одоогоор ам нээгээгүй байгаа аж.