Сунгадаг хугацаа дуусч сонгодог цаг иржээ
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Гэхдээ намууд урьдчилсан байдлаар дүнгээ нэгтгэсэн байгаа. АН хэдэн аймаг, дүүрэгт ялалт байгуулав?
-Ажиглагчдаасаа авсан мэдээллээр асуудалд хандаж байгаа. Ер нь хавтгайд нь ялчихаад байна гэж болно. Бүр тодруулж хэлбэл 12 аймаг, зургаан дүүрэгт ялсан гэх баталгаатай мэдээлэл ирсэн. Харин хоёр дүүрэг, гурван аймагт суудлын дүн нь их ойрхон байгаа.
Жишээлбэл Говьсүмбэр аймагт АН, МАН гэсэн хоёр улс төрийн хүчин найм, найман суудал авч МАХН-аас нэг хүн орсон байна.Үүн дээр пропроциональ хувилбарын дүн нэмэгдэх ёстой. Ингээд үзэхээр 15 аймаг найман дүүрэгт Ардчилсан намаас Засаг дарга тавигдах өндөр магадлал бий. Бид сонгогчдодоо хандаж нэг зүйлд баярлалаа гэж хэлэх ёстой байх. Тойрогт нэр дэвшигчид өөр өөрийн онцлогоосоо хамаараад ялж, ялагдсан нь бий. Харин хаана ч, аль ч аймагт АН-ыг дэмжсэн байгаа юм. Орон даяар АН-ыг сонгосон сонголт 59 хувьд хүрсэн. Ард түмэн АН-ыг дэмжиж байна.
-Сумдын хувьд асуудал яаж шийдэгдсэн бол. АН хэдэн сумыг удирдахаар болж байх шиг байна?
-Бүрэн мэдээлэл ирээгүй байна. Эцсийн дүн гарахаар асуудал нэгмөр болох байх. Бидний авсан мэдээллээр гуравны хоёрт нь ялсан гэж гарч байгаа.2008 оны орон нутгийн сонгуулиар 118 суманд АН ялсан. Гэхдээ аймаг, бүр дээрээ Засгийн газарт манай нам ялаагүй байсан учраас ардчилал ялсан суманд дэмжлэг хүрдэггүй, санасан хэмжээндээ хүрч ажиллаж чаддаггүй дутагдал байсан. Энэ байдал одоо өөрчлөгдөнө.
-АН түүхэндээ анх удаа Засгийн газар, орон нутгийг хамтад нь удирдахаар боллоо. Энэ байдлыг юу гэж хүлээн авч байна?
-Өнгөрсөн хугацааны ажлын үр дүн одоо л гарч байна. Бидний хийсэн хувьсгалыг ойлгож, нийгэм тэр чигээрээ хүлээж автлаа 20 жил болжээ. Иргэд өмнө нь 70 жил яваад ирсэн замаа, зарчмаа өөрчилнө гэдэг амаргүй байсан юм байна.
Их олон газарт, олон удаа өмнөх замаа давтаж сунгаад л яваад байдаг байлаа. Хэзээ ч сонголт хийж байгаагүй. Ялангуяа мэдээлэлжээгүй газарт сунгалт их хийгддэг байсан.
Харин одоо сунгах хугацаа нь дуусч сонгох цаг нь ирсэн байна. Үүнээс хойш байнга сонголт хийгдэх байх. Сонгох цаг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш явж эхэлсэн гэж болно. Тэгээд өнгөрсөн хавар УИХ-д АН-ыг олонхи болгож, нийслэлд ч ажил хийх боломжийг нь өгсөн. Тиймээс бид өнгөрсөн гурван сарын хугацаанд ард түмний хүсэн хүлээж байсан шинэчлэлийн алхмуудыг хийж эхэлсэн. Ингэж ажилласаар орон нутгийн сонгуулийг хүйт орсон үед явууллаа. Гэхдээ сонгууль явуулах хугацаа хойшилсныг сонгогчдын ирц буурсан муу талтай гэж дүгнэж байгаа ч сонгогчдыг бодит сонголт хийхэд нь тусалсан гэж бодож байна.
-Ялалтын мэдээг ихээхэн үүрэг, хариуцлага дагаж ирж байгаа байх?
-Манайхан албан тушаалын суудлыг эрх ямба гэж ойлгохоо болих хэрэгтэй байгаа юм. Социализмийн үед эрх ямба гэж байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл дарга нар бэлэн мөнгө л хуваарилдаг байсан болохоор тэр. Харин одоо үеийн, зах зээлийн орчны дарга нар мөнгө босгодог байхаас биш хуваарилж суудаг байх ёсгүй.
Улс орны тогтолцоо, системийг өөрчилж, хаана ямар боломж байгааг нээх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, алдаа дутагдлыг засч залруулах гэх мэтээр алхам тутамдаа ард түмэнд хэрэгтэй бодлогыг боловсруулж ажиллах ёстой. Түүнээс АН-ын ялалт гэдэг тэмдэглээд байх баяр, эдлэх эрх ямба биш. АН-ын ялалт байгуулсан хэсгүүдийг ч энэ зарчмаар ажиллаасай гэж хүсч байна. Байнга боломж, бололцооны хойноос хөөцөлдөх хэрэгтэй.
АНУ-ыг анх “бололцооны эх орон” гэж нэрэлдэг байсан даа. Харин Монгол өнөөдөр бололцооны эх орон болчихоод байна. Хаана ямар шинэ асуудлыг дэвшүүлж сайн ажиллаж чадна тэнд илүү бололцоо бий болдог.
Сүхбаатар аймгийн жишээг харахад Ж.Батсуурь Засаг дарга албаа аваад сайн ажиллаж эхлэхэд тэнд бололцоо бий болж байгаа юм. Шинэ ажлын байр, бүтээн байгуулалт, цоо шинэ аймаг, амьдралын орчинг бий болгосон байна Сүхбаатарт. Сүхбаатар аймагт илүү төсөв өгөөгүй. Дээр нь хувийн хэвшлээ зөв зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар үр дүнд хүрч байгаа. Ийм зарчмаар АН-ынхан бололцооны төлөө ажиллах ёстой, ажиллах болно.
-АН-ынхан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авлаа. Одоо ажиллаж, дараа нь дүнгээ тавиулах үе ирлээ?
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд ардчилсан Засгийн газрын хийсэн ажлууд бүгд мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Ард иргэдээс бид юу хийх вэ гэдгийг сүүлийн хоёр жилийн турш асууж, судалсан. Энэ судалгаагаа үндэслээд хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө зарцуулалгүй зохион байгуулалтаар шийдэж болох ажлуудыг хийж эхлээд байна.
Ажил ч урагш ахиж байгааг иргэд харж байгаа байх. Учир нь иргэд энэ шинэчлэлийг л хүлээж байсан юм байна. Сая Манилад болсон хурал дээр Э.Бат-Үүл даргыг оролцоход нийтийн тээврийн асуудлаа хамгийн богино хугацаанд шийдвэрлэж чадсан хот гэж Улаанбаатарыг үнэлсэн байна лээ. Өөр улс оронд дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах гэхэд их олон сарыг зарцуулсан байгаа юм.
Харин манайд ганцхан сарын дотор шийдээд иргэдээ энэ зарчмаар хөдөлгөөнд оролцуулаад сургачихсан. Яагаад гэвэл үүнийг ард иргэд хүссэн. Тэгэхээр иргэдээс асуудаг, иргэдээ сонсдог чихтэй төрийн шийдвэр нь ч амархан хэрэгждэг байгаа биз. АН аль ч аймагт гарч ирээд нөгөө л иргэний танхимаа онгойлгохыг хүснэ. Тэгээд иргэдээ сонсч ажлаа эхлэхэд аймаг бүрийн асуудал нийслэл шиг шийдэгдэнэ.
-Энэ удаагийн сонгуулийг харьцангуй тайван боллоо гэж дүгнээд байгаа. Ер нь сонгуулийн өдөр АН-д хэр гомдол санал ирэв?
-Харьцангүй гайгүй гэж дүгнэж байгаа. Зарим газар бүртгэлтэй холбоотой маргаанууд гарсан. Жишээлбэл Говь-Алтай, Хөвсгөл аймагт санал хуваана гэдэг үзлээр МАХН-ыг бүртгээгүй байна лээ.
Шүүхийн шийдвэр нь МАХН-ын талд гарсан байхад сонгуульд оролцуулаагүй нь асуудлыг дахин сонгууль явуулах хэмжээнд хүргэж байгаа юм. Сонгуулийн тойргийн хорооны ажилтнуудын аминч гэдэг юм уу улстөрждөг байдлаас үүдэж гаргасан алдаанаас болж бүхэл бүтэн тойргийн сонгууль дахин явагдана гэдэг утгагүй.
Уг нь зүгээр л шударгаар өрсөлдөөд дүнгээ гаргачих байсан юм. Санал хуваах уу үгүй юу гэдгийг ард түмэн л шийдэх юм хойно хуулийн хүрээнд бүхнийг хийх хэрэгтэй байсан. Аль болох нээлттэй, иргэдийг сонгох, сонгогдох эрхээр нь хангаж ажиллаагүйгээс болж асуудал дахин өрнөх нь. Он шувтарч өвөл болж байгаа энэ үед Засаг даргагүй, дахин сонгууль хүлээнэ гэдэг хүнд асуудал шүү.
-Дээрх хоёр аймагт дахин санал хураалт явуулахаас өөр гарцгүй юу?
-Дахин сонгууль явуулахаас өөр аргагүй болчихоод байна. Шүүхийн шийдвэр МАХН-ын нэрийг бүртгээгүй нь буруу гээд гарчихсан. Харин одоо хасагдсан улс төрийн хүчнийг оролцуулсан дахин сонгууль явуулах шаардлагатай байгаа.
-Ирц хүрээгүй хэсгийн хороод нэлээд байсан...
-Ирцийн хувьд сонгогчиддоо маш их баярлалаа гэж хэлэе. Их олон иргэн, идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байна лээ. Ганцхан жишээг дурдахад Чингэлтэй дүүргийн 2008 оны орон нутгийн сонгуулиар 39 мянган хүн ирж саналаа өгсөн байдаг юм билээ. Тэгэхэд саяын сонгуулиар 56 мянган хүн оролцсон байна.
Иргэд ингэж саналаа өгчээ. Харин иргэний бүртгэл дээр асуудал гарсан. Сонгогчдын нийт нэрсийн жагсаалтыг өгөхдөө цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийн нэрийг оруулсан байна. Гадаад явсан хүмүүсийг бас оруулчихаж. Цэрэгт явсан, хоригдож байгаа хүмүүсийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасаагүй байна. Иргэний бүртгэлийн газар ингэж хариуцлагагүй ажилласнаас болж сонгуулийн ирц хүрээгүй гэдэг муу мэдээ гарлаа. Наад зах нь цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийг хасах ёстой байсан.
Үнэмлэхгүй хүн өөрөө ямар ч хэлбэрээр мэрийсэн сонгуулиа өгч чадахгүй ш дээ. Гадаадад ажил албаар голдуу нийслэлийн хүмүүс л явдаг. Орон нутгийн иргэд барагтай л бол гадагшаа явдаггүй. Тэр дундаа өвлийн улиралд мал хуйгаа орхиод гадаад явна гэж юу байхав. Ингээд сонгууль болоход орон нутагт ирц хүрч, нийслэлд хүрээгүй. Тэгэхээр ард иргэдийг буруутгах биш, бүртгэлийн зөрчил гаргасан ажилчдад хариуцлагыг нь хүлээлгэж алдааг нь засуулах ёстой.
-200 орчим хэсгийн хорооны санал хүрээгүй байсан. Харин дээрх шалтгаантай иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч ирцийг бүрдүүлэх нь ээ?
-Ард иргэд хангалттай ирж саналаа тэмдэглүүлсэн байна. Тэгэхээр үнэмлэхээ аваагүй, хоригдож байгаа болон цэрэгт, гадаадад байгаа иргэдийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасч тооцох хэрэгтэй. Тэгээд дараа нь хаана хэдэн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой.
Түүнээс биш одоогийн байдлаар нь асуудалд хандаж дахин санал хураалт явуулбал иргэд, сонгогчдоо доромжилсон хэрэг болно. Яагаад гэвэл дөрвөн жилийн өмнө 39 мянга байсан тоо энэ жил 56 мянга болж өссөн байна. Нэг дүүргийн жишээгээр өмнө нь саналаа өгөөгүй 17 мянган хүн ирж сонгуульд оролцчихоод байхад ард түмэнд бурууг өгч болохгүй.
-Орон нутгийн сонгууль ийм байна. Харин УИХ хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах вэ. Дутуу байгаа суудлын ихэнхийг АН-аас дүүргэх бололтой?
-Эрхзүйт төрийг цаашдаа хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуултад хариулах гээд яваад байгаа, бид. 2012 оны сонгуулийн хууль бол урд урдын орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн гэсэн нийт 17 сонгуулийн үеэр гарч байсан бүхий л булхай луйврыг хааж гарсан.
Дахин долдугаар сарын 1-ний үйл явдлыг давтахгүйн тулд шударга сонгууль явуулдаг болохын тулд ингэж хуульчилсан. Харин хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд баталсан учраас хуулийг л мөрдүүлнэ. Өнөөдөр зөрчилтэй байгаа Увс, Өвөрхангайн тойрогт хууль зөрчигдсөн л бол шүүхийн процедураар асуудал шийдэгдэх ёстой. Үүнийг улстөржүүлэх ямар ч шаардлага байхүй.
Өмнөх 17 сонгуулиар бид улстөржөөд долдугаар сарын 1 гэдэг үр дүнтэй хоцорсон. Тийм учраас цаашдаа зөв үр дүнг харахын төлөө явах ёстой. Харин өнөөдөр Увсын шийдвэр ойлгомжтойгоор гарсан байна лээ. Хууль зөрчсөн бичлэг нь орон даяар тарсан тийм ойлгомжтой асуудал шүү дээ. Бас хууль хэрэгждэг болсон цаг. Ийм ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй бол шүүх, УИХ гэж байх шаардлагагүй.
-Увсын хоёр, Өвөрхангайн хоёр, Сонгинохайрхан дүүргээс нэг гээд АН-ын таван гишүүн нэмэгдэх нь ээ?
-Увсын хоёрын тухайд хоёулаа л мөнгө тараасан юм чинь хоёуланг нь эргүүлэн татах байх. Мөн мөнгийг нь тараасан хоёр нөхөрт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг ноцтой хэргээр тэд шүүгдсэн. Ингээд хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасна гэсэн уг заалтаар хууль зөрчигсдийг хасвал хамгийн их санал авсан, бас босго оноогоо давсан нэр дэвшигчдийг оруулна гэдэг заалттай. Хуулийн энэ заалтаар л явах ёстой.