Иран эмэгтэйчүүд хил давах ч эрхгүй болох нь
Саяхан Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Алаеддин Боружерди «Хууль тогтоогчид одоогоор гэрлээгүй, 40 хүртэл насны эмэгтэйчүүд асран халамжлагч, эсвэл шашны шүүхийн зөвшөөрөлгүйгээр хил давахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна» гэжээ. Тэд залуу, гэрлээгүй бүсгүйчүүдийг хилийн чанадад байхдаа хайр дурлалын элдэв асуудалд орооцолдох вий хэмээн энэ төслийг санаачилсан гэнэ. Гэвч дээрх хуулийн төслөөс болж Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид томоохон эсэргүүцэл дэгдээж, нийгэм даяар энэ асуудлыг хэлэлцэх болжээ.
Үүнийг Ираны олон блогч зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд эмэгтэйчүүдийг доромжилсон үйлдэл гэж үзсэн байна. Тухайлбал, «Rаh-е di-gаг» Өөр зам/ блогийн эзэн «Энэхүү хуулийн төсөл эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаад зогсохгүй их сургуулиудад хүйсийн зааг тогтоож, зарим мэргэжлээр эмэгтэйчүүдийн сурах эрхийг боогдуулж байна» гэж бичжээ. Эндээс харахад тус улсын засаг захиргаа эмэгтэйчүүдийн мэргэжлийг хязгаарласнаар эмэгтэйчүүдийг зөвхөн ээж, эхнэр байх үүргээ л сонгоход хүргэж байгаа аж. Түүнчлэн энэ арга хэмжээ нь зөвхөн хүний эрхийг хязгаарлаад зогсохгүй, эрчүүдэд ч давхар дарамт үүсгэнэ гэж блогчид тэмдэглэсэн байна.
Учир нь эрчүүд 40 хүрээгүй, бие даан шийдвэр гаргах боломжгүй эмэгтэйчүүдийн төлөө хариуцлагад татагдахаар болжээ.
Үүнээс гадна «Zаn ve rehayi /Эмэгтэйчүүд ба чөлөө/ блогийн эзэн «Ямар нэгэн азтай тохиолдлоор энэ хуулийн төсөл дэмжигдэхгүй байсан ч олон эр охидынхоо өмнөөс шийдвэр гаргаж, тэдний амьдралыг удирдах эрхтэй гэсэн бодолтой үлдэнэ» хэмээн бичсэн байна. Иранд эмэгтэйчүүд олон талаараа нөхрөөсөө болон асран халамжлагчдаасаа хамааралтай байдаг. Тухайлбал, гадаад паспорт авах, сунгуулахад хүртэл тэднээс зөвшөөрөл авдаг аж. «Jariyan-e » /Шинэ урсгал/ блогийн эзэн гадаад паспортоо сунгуулахын тулд нөхрөө дагуулаад нотариатчид очсон тухайгаа бичжээ. Энэ үеэрээ тэрбээр бас нэг эмэгтэй маш их зовж байгааг харсан гэнэ.
Жар гаруй насны тэр эмэгтэй гадагш гарах зөвшөөрөл авахын тулд зөнөсөн нөхрөө дагуулан нотариатч дээр иржээ. Нотариатч ч өвгөнөөс эхнэрээ мөргөл үйлдэхээр Мекка руу явахыг зөвшөөрч байна уу гэж асууж. Харамсалтай нь, өвгөн юу болоод байгааг ойлгох ч чадваргүй нэгэн байсан бөгөөд хөөрхий эмэгтэйд зөвхөн өөрийнх нь гарын үсэг л хэрэгтэй гэдгийг яаж мэдэх билээ. Шинэ хуулийн төслийг зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч эсэргүүцэж байгаа юм. Тэд энэхүү төслийг эмэгтэйчүүдийг доромжилсон үйлдэл гэж үзээд, бусад эрчүүдийг ч үүнд анхаарахыг уриалжээ