2012.12.25

Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн баталгаа алга

Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн баталгаа алга
Ч.Мөнхбаяр: Уран судлаач

Уран судлаач Ч.Мөнхбаяр­тай ярилцлаа

 -Монгол Улс НҮБ-ын индэрт “Цөмийн эсрэг тэмцэнэ. Уран олбор­лох­гүй” гэдгээ зарласан цаг саяхан. Гэтэл ураны исэл буюу бичил нь болох шар нунтгийг технологид ажиг­лахаар тогтлоо. Бүр тө­сөвт зарцуулах хөрөнгө мөнгийг нь тусгачихсан байх аа?

-Монгол Улс цөмийн эсрэг олон улсын олон конвенцид нэгдсэн бай­даг. Тухайлбал, Цө­мийн зэвсэг дэлгэ­рүү­лэхгүй байх, Цөмийн осол гарвал шуурхай мэдээлэх, Цө­мийн бодисын аюулгүй байдлыг хадгалан хамгаа­лах гээд цөмийн хор хө­нөө­­лийг хязгаарлахад чиг­лэсэн олон гэрээнд нэгдэн орсон. Хэдийгээр манайх цөмийн зэвсэг дэлгэрүү­лэхгүй байх олон улсын конвенцид нэгдсэн ч хөг­жиж буй жижиг орнууд цөмийн асуудалд тэр бүр оролцоод бай­даггүй.

Тэр зарчмаараа явах ёстой. Цөмийг дотор нь их, бага гэж ангилдаг. Их цөмд нь дунд хэм­жээний болон их хэмжээний хог хаягдал гаргадгийг хэлнэ. Бага хэмжээ гэдэг нь бидний урьд нь хэрэглэж байсан цацрагт эмчилгээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэрт хэрэглэдэг янз бүрийн цөмийн бодисыг хэлнэ.

Цацраг идэвхит тоосжилт нь хорт хавдраар өвчлөх, удамшлыг нь гаж буруу болгох, өвс ургамал өсөлтийг гаж буруу болгож бууруулах гэхчилэн аюул ихтэй

Монголын тухайд их, бага хамаагүй цөмийн салбарыг хөгжүүлэхгүй байх талаар үүрэг амлалт авсан байдаг. Тэгвэл Монгол Улс тэр амлалтаа уландаа гишгэсэн гэхэд болно. Нөгөө талаар соц нийгмийн үед байгуулсан цөмийн зэвсэггүй орон гэдгээ мартчихаад явж байна шүү дээ.

Яагаад ингэж хэлэв гэхээр Ц.Элбэгдоржийн НҮБ-ын индэр дээрээс цөмийн зэвсэггүй орон гэж зарласантай холбож хэлэх гээд байна. Манай улс эрт үеэс цөмийн зэвсэггүй байхаа зарлаж байсан уу гэвэл зарлаж байсан. Гэтэл төрийн залгамж халаа байдаггүйгээс болж огт ярьж байгаагүй мэтээр олон улсад зарлаж байх жишээтэй. Энэ яах вэ, байж болохгүй гэсэн зүйл биш.

Зөвхөн төрийн залгамж халаа байхгүй байгааг л илтгээд байгаа юм. НҮБ-ын индэрийн мэдэгдлээс гадна Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд асан С.Бат­болдтой хамтран “Цөмийн хор аюулаас ангид байх тухай” зарлиг гаргасан. Мөн Говьсүмбэр аймагт орон нутгийн иргэдтэй уулзахдаа “Атомын цахил­гаан станц барихгүй” гэх мэдэгдэл хийжээ. Гэвч энэ бүх мэдэгдэл, яриа хэлэлцээр төрийн бодлогод тусахгүй байна. Түүгээр ч барахгүй намууд цөмийн хаягдлыг улстөр­жүүлээд ярьж байна шүү дээ. Үүнийг эцэс болгоод төрийн бодлого боловс­руулах ёстой юм, угтаа. Улстөржүүлэхийн арга­гүйгээр уран олборло­доггүй улс болох ёстой байхгүй юу.

 -Гэтэл?

-Уран олборлохгүй гэж мэдэгдсэн атлаа цөмийн зэвсэг бол аюулгүй гэсэн мэдэгдлийг олон нийтэд өгч байна. Энэ нь цөмийн асуудлыг улам аюултай болгож байгаа юм. Цө­мийн асуудлыг аюулгүй гээд ярих тусам ард иргэд болгоомжлохоо байна. Бол­гоомжлохоо боль­могцоо ураныг гар аргаар олборлох, худалдах, ахуйн хэрэгцээнд хэрэглэж мэднэ шүү дээ.

-Монгол Улс “Цөмийн санаачлага” гаргалаа гэж нэг хэсэг дэлхийн хэвлэ­лээр шуугисан. Тодруул­бал, манай улсад цөмийн хаягдлыг булшлахаар бол­сон тухай яриа гарсан. Энэ мэдээлэл үндэслэлтэй юү?

-Олон улсын атомын энергийн агентлаг гэж бий. Хэдийгээр цөмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага ч гэлээ том гүрнүүдийн шахалтад байдаг гэх юм билээ. Яагаад гэхээр цөмийн хаягдлаа булшлах газар энэ дэлхийд олдохгүй болмогц манай улсад булшилж болох эсэх тухай асуулт тавьсан. Үүнд татгалзаж, зөвшөөрсөн нь мэдэгдэхгүй тодорхой хариулт өгдөггүй. Миний олсон мэдээллээр том гүрнүүд цөмийн хаягдлаа хаана ч булах аргагүй бол­чихоод гал тэргээр хаана ч буулгахгүй зөөгөөд явдаг гэсэн.

Нэг газар жаахан саатуулахаар нөгөө орнууд хөөгөөд явуулчихна. Тийм учраас цөмийн хаягдлыг үр нөлөөтэй булшлахад ямар ч арга байхгүй. Энэ утгаар Монголыг цөмийн хаягдал булшилж болох орон юм гэж тооцоолоод “Цөмийн санаачлага” гэх бичиг баримтыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс янз бүрийн оронтой цөмийн хаягдал булшилна гэсэн то­хиролцоо хийсэн тухай дэлхийд шударгаараа гайхагддаг Японы “Ма­ничи” сонинд нийтлэл гарсан. Мөн олон улсын нэр бүхий улс төрчид “Монгол улс дэлхийн орнуу­дын цөмийн хаягд­лыг авч булшлах бо­ломжтой” гэж мэдэгдлээ гэж хэлсэн байдаг. Түүгээр ч барахгүй Японы Гадаад яамны нэр бүхий албан тушаалтнууд тийм яриа тохироо байгаа тухай ярьсан нь бий.

Энэ үед Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Монголд цөмийн хаягдал төвлөрүүлэх гэсэн яриа хэлэлцээрт сайд асан Д.Зоригт гарын үсэг зур­сан” гэж мэдэгдэл гаргаж байлаа. Ийм л эргэлзээ байгаа учраас Монголд цөмийн хаягдал булш­лахгүй гэсэн баталгаа алга.

-Цөмийн эсрэг тэмцэг­чид та бүхэн уран олбор­лох 154 лицензийг 11 аймагт олгосон тухай ярь­даг. Энэ лицензүүдийг хэн, хэзээ олгов?

-Лицензийг Ашигт малт­малын газраас олго­сон юм билээ. Цөмийн энергийн газраас хоёр ч хайгуулын лиценз олгосон байдаг. Уран олборлох лиценз олгох асуудлыг Цөмийн энергийн газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтран шийдэж байя гэсэн шинэ журам гаргахаар хичээж байна. Хуучин бол Ашигт малтмалын газраас олгож байсан. Үүнийг шинэчлэх бололцоо бий.

Гэвч өдийг хүртэл Цөмийн энергийн газар яаж ажиллах нь тодор­хойгүй. Тэд лицен­зийг багасгая, хумья гэж ярихгүй байгаа учраас цөмийн эсрэг тэмцэгчид албаны хүмүүстэй нь уул­заж ярилцлаа. Уулзалтаар “Атомын цахилгаан станц барина гэсэн асуудал Засгийн газрын хэмжээнд байхгүй учраас бид тэр чиглэлээр ажиллахгүй.

Мөн цөмийн хог хаягдал булшилна гэсэн Засгийн газрын бодлого чиглэл байхгүй. Харин шар нун­таг үйлдвэрлэх чиглэлээр Засгийн газар үүрэг өгвөл бид ажиллана. Нөгөө та­лаар цөмийн аюулгүй байдлын төлөө тэмцдэг та бүхэнтэй цөмийн бо­дистой холбоотой зүйлд хамтран хяналт хийх бо­ломжтой” гэж хэлж бай­сан. Мөн цөмтэй хол­боотой хууль эрх зүй болон олон нийтийн ажлын хэсгүүдэд цөмийн эсрэг тэмцэгчид оруулах бо­ломжтой гэсэн. Цаашид бидний харилцаа санамж бичгээр үргэлжилнэ.

-Ураны бичил буюу шар нунтгийн асуудал яригддаг. Энэ талаар мэдэх зүйл бий юү?

-Шар нунтгийг яг ч олборлоно гээгүй. Ерөнхийлөгчийн мэдлийн 50 тэрбум төгрөгт ураныг олборлох хөрөнгө тусгасан байна гэсэн хардлага бол бий. Ер нь уран олборлох асуудалд төр, засгийн удирдлагууд бөөрөнхий хариулт өгдөг. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтан­хуяг “Ард түмэн зөв­шөөр­вөл олборлоно. Үл зөв­шөөрвөл олборлохгүй” гэсэн утгатай зүйл ярьдаг. Энэ нь яасан ч яах вэ гэсэн ойлголт юм.

-Олон орнуудын хэрэг­лэсэн цөмийн хаягдлыг нууцаар булшлах боломж бий юү?

-Байж болно. Яагаад гэвэл үүнийг заавал төрийн байгууллагаар дам­жуулалгүйгээр ямар нэгэн хувийн байгуул­лагаар гүйцэтгүүлж магадгүй. Ийм асуудлыг сонирхдог судалдаг ху­вийн компаниуд байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч энэ талын мэдээлэл хаалттай байдаг учраас булшлаагүй гэдгийг нь яаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, энэ талд бүрэн хяналт тогтоох боломжгүй байна.

Нэг хэсэг Улаанбаатарын орчимд бага зэргийн цөмийн хаягдал нуусан гээд шуугиж байлаа. Түүнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэг компани үйл ажиллагаа явуулж байгаад илрээд зогсоож байсан нь саяхан. Тэгэхээр бүрэн хянах бололцоо байхгүй. Нууцаар хийх бололцоо байгаа учраас ард түмэн сэргэг байх ёстой.

-Уран нь хүрээлэн буй орчиндоо ямар хор аюултай байдаг юм бэ?

-Монголчууд шар нунтаг үйлдвэрлэнэ гэж ярьж байгаатай холбог­дуулаад хэлэхэд ураныг олборлоход янз бүрийн тоосжилт гарч ирдэг. Цацраг идэвхит тоосжилт нь хорт хавдраар өвчлөх, удамшлыг нь гаж буруу болгох, өвс ургамал өсөлтийг гаж буруу болгож бууруулах гэхчилэн аюул ихтэй. Дээрээс нь радон хий гэж ялгаруулдаг. Энэ хий нь өнгө, үнэр байхгүй. Тэгсэн атлаа маш хортой. Ингээд уран олборлоод гадагш экспортлолоо гэхэд нөгөө үйлдвэрлэлд ашиг­ласан орон нь хогоо эр­гүүлж өгч таарна. Үүнийг нь манай улс зөвшөөрөх чиглэлтэй байгаа шүү дээ. Байгаль дахь ураны хүдрийн агууламж дунджаар 0.2 хувь очрим байдаг гэвэл нэг тонн ураны хүдрийг уусгах замаар боловсруулахад хоёр килограмм уран, 998 килограмм хорт шавар ялгарч байдаг.

Шавран нууранд хүдрийн 80 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг. Цацраг идэвхт бодис гүний ус, агаарыг олон мянган жилийн турш хордуулахаас гадна хөрс гулсах, далан нурах үед хальж орчныг сүйтгэдэг. Казахстаны Актау хотын 150 мянган иргэн яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсоор байна. Киргизийн хөндийн уран олборлосны дараа хоцорсон шавран нуур улс дамнасан сүйр­лийн гамшиг дагуулна гэж НҮБ-аас дүгнэсэн байна лээ.

-Ер нь цөмийн хаягдлыг булшилснаар аюулгүй байж чадах уу?

-Цөмийн эрчим хүчний түүхээс үзэхэд хэдэн мянган жилээр байтугай 30 жилийн турш хог хаягдлаа чандлан харж хандах бараг боломжгүй гэдэг нь батлагдсан. Германд 30-40 жил хадгалахад л торх зэвэрч цоороод цөмийн хаягдал гадагш нэвчсэн аюултай нөхцөл үүссэн байдаг