2013.01.02

Ц.Оюунбаатар гишүүний тангарагаа өргөв

УИХ-ын чуулганы оны отгон хуралдаанаар УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг тус эвслээс УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөд бэлэн байгааг мэдэгдсэн юм.   

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгаагаа хэлсэн.

Ийнхүү Ц.Оюунбаатар УИХ-ын 74 дэх гишүүн болж УИХ-ын 2012 оны хамгийн сүүлчийн хуралдаанаар гишүүний тангарагаа өргөж, тангарагын бичигт гарын үсэг зурснаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болов.

УИХ-ын дарга гишүүний тангарагаа өргөсөн Ц.Оюунбаатарт баяр хүргээд гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулахад гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.