VIP 76 хамгийн ёс зүйтэй хүмүүс байгаасай
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2012.12.26

VIP 76 хамгийн ёс зүйтэй хүмүүс байгаасай

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хоёр оны зааг дээр өнгөрсөн онд юу хийж бүтээсэн талаар нь ярилцлаа.

-Удахгүй болох шинэ оны мэнд хүргэе?

Та болон танай сайтын хамт олон, монголын нийт ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе.  Он солигдох энэ мөчид монгол хүн бүр ирэх оноо өөдрөг сайхнаар төсөөлж байгаа биз ээ. Ирэх онд л монгол улс хөгжинө дөө. Ирэх онд л нийгэм маань улам сайхан болно гэж итгэж, залбирч, хичээж байна. Жилээс жилд сайжирна.

- Эргэцүүлээд нэг бодоход 2012 он Монголчуудын хувьд ямар он байсан бэ.

Сонгуулийн л жил боллоо. Сонгуулиа бид сайн өгсөн. Тайван замаар эрх мэдлийг шилжүүлж чадлаа. Ардчиллын үнэт зүйл чинь энэ шүү дээ. Ингэснээр дэлхийн олон түмэнд монголчууд сонгуулиа хийж чаддагийг харуулсан. Өлсч, цангаж, гудамжинд хамт тэмцэж ирсэн олон найз нөхөд минь энэ парламентад орж ирлээ. Бид чин сэтгэлээсээ зүтгэж байна. Монголын ард түмэн үнэхээр ухаалаг. Тэдний итгэлийг зүтгэлээр хариулах нь бидний туйлын зорилго.

 Монгол орон авилгалын индексээр 120-иос 94 дүгээр байрт орсон явдал хамгийн гол үйл явдал байлаа. 26 байраар урагшилна гэдэг өндөр дэвшил. 2013 ондоо энэ хэмжээгээ хадгалж ажиллана гэж бодож байна. Ер нь шийдвэр гаргагч, улс төрчид л авилгал авдаг. Эрх мэдэлтэй хүн авилгал авдаг. Эрх мэдэлтнүүд өнөөдөр иргэдээс айдаг цаг ирж байна. Миний хувьд амьдралынхаа найман жил, монголчуудын хувьд 20 жилийг энэ зүйлд зарцууллаа шүү дээ.

Хамгийн  VIP хүн бол Чингис хаан

Энэ ажлын анхны үр дүн гарч байгаад бид бүгд баяртай байна. Бид одоо Оюутолгойн гэрээг үнэн мөнөөр нь ойлгох ёстой. Энэ тухай ярихдаа хэзээ ч хүний тухай харих ёсгүй. Харин тэр хүний муу шийдвэрийг ярих хэрэгтэй. Хэн нэгэн улс төрчийн маш муу үр дагавартай шийдвэрийг засч залруулахын төлөө ажиллах ёстой. Ингэж чадвал соёлтой улс төрийг монголд бий болгох юм. VIP 76 хамгийн ёс зүйтэй хүмүүс байгаасай. Very important people маш чухал байхын тулд маш их ёс зүйтэй байх ёстой. Хүний төлөө гэсэн мөрөөдөлтэй байх ёстой. Хамгийн  VIP хүн бол Чингис хаан шүү дээ.

Би энд Чингис хааны сайхан үгийг хэлмээр байна.

“Дорд хүмүүн хүний тухай л ярьдаг

Дунд хүмүүн ажил хэрэг ярьдаг

Дээд хүмүүн үзэл санааны тухай ярьдаг”.  

76 чухал хүмүүс хүний тухай ярихаа больж, ажил хэрэг ярьж бүр цаашлаад үзэл санааг ярьдаг болоосой гэсэн сайхан ерөөлийг тавья.

-Таны хувьд 2012 он ямар он байсан бэ. Та юу хийж бүтээв?

Миний хувьд гайхалтай сайхан он байлаа. УИХ-ын гишүүн боллоо. Эртхэн мэдсэн бол өмнө нь УИХ-ын гишүүнд зүтгэдэг байж л гэж бодож байна. Яагаад гэвэл хүний төлөө маш их юм хийх бололцоо энд байна.

Намайг дэмжсэн МҮЭХ, Дархан-Уул аймгийн сонгогчиддоо үнэхээр их баярлалаа. Түүнчлэн монголын мянга, мянган жирийн ахан дүүсдээ баярлаж байна. Одоогийн байдлаар би иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өргөн бариад байна. Мөн цэргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тэтгэврийн талаар ажлын хэсэг ахлаад явж байна. ЕБС, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих томоохон хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна. Энэ төслөөр нийт 1119 сургууль, цэцэрлэг барих юм.

Улсын их хурлын гишүүн гэдэг бол хүний төлөө зүтгэх маш том боломж. 2012 онд би их баярлаж байна. Баярлахын хажуугаар их зүтгэнэ гэдгээ хэлмээр байна. Энэ онд Дархан-Уул аймагт Хараа голыг бохирдуулж байсан дөрвөн ч карьерын үйл ажиллагааг зогсоож чадлаа. За мөн Оюутолгойн гэрээний томоохон мэтгэлцээнийг хийлээ. Энэ бол ёс зүйн мэтгэлцээн байсан.  Цаашид 2013 онд Оюутолгой дээрээ бүр их төвлөрч ажиллахаар төлөвлөж байна. Мөн Дархан-Уул аймагтаа том орон сууцны ажлыг эхлүүлнэ, төмөрлөгийн үйлдвэрийн суурийг тавина гэсэн ийм зорилтууд тавьсан байгаа.

-Ирэх оноос маш олон томоохон төслүүдэд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болсон дээр үндэслэн 2013 онд улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг та төсөөлөөд нэг үз дээ.

Хамгийн гол нь экспортын чиглэлтэй үйлдвэрлэлүүд рүү хүчтэй хөрөнгө оруулалт хийгээсэй гэж бодож байна. Энэ л миний төсөөлөх хамгийн сайхан зүйл. Төмөр зам, цахилгаан станцад асар их мөнгө хаявал ойрын дөрөв, таван жилдээ монголд доллар орж ирэхгүй. Бид огт дэд бүтэцгүй ард түмэн биш.

Төмөрлөгийн үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гадагшаа гарч байгаа зэс, турба, төмөр, гулдмай чинь гаднаас доллар оруулж ирнэ. Ингэж экспортын чиглэлд хөрөнгө оруулалтаа сайн хийвэл доллар орж ирнэ. 1,5 тэрбум долларыг доллароор л төлнө ш дээ. Төгрөгөөр төлөхгүй.

-Одоо өдөрт 270 сая төгрөгийн хүү төлөөд явж байгаа?

Нэгэнт ороод ирсэн юмийг “паа”, “пүү” гэж ярихаасаа илүү яаж үр дүнтэй ашиглах вэ гэдгээ л ярьмаар байна. Ямартай ч хөрөнгө оруулалтын 30-40 хувийг дэд бүтэцдээ оруулж болно. Гэхдээ тэрийг улс төрчид биш, мэргэжилтэн шинжээчдийн дүгнэлт гаргасны үндсэн дээр хийх ёстой. Төрөөс тэрбумтан төрөх тийм тендерийн төслүүд битгий байгаасай гэж найдая. Хөрөнгө оруулалтын үлдсэн 60-аас доошгүй хувьд нь экспортын чиглэлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээсэй.

Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.