2012.12.20

"Урд хормойгоороо нөхөх санаа цухалзах болсон"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Засгийн газраас гаргасан “Чингис” бондоор яг одоо хэрэг­жүүлж байгаа бэлэн төсөл байна уу. Үүн дээр Эдийн засгийн байнгын хороо ямар хяналт тавьж байгаа вэ?

-Энэ асуудлаар ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасныг Ерөнхийлөгч танилцуулсан. Тэр зөвлөмжид бондын асуудлаар Бодлогын зөвлөл байгуулах чиглэл өгсөн. Энэ зөвлөл холбогдох яамдаас гишүүдээ бүрдүүлснээр өчигдөр анхныхаа хуралдааныг хийлээ. Уг хуралдаанаар “Чингис” бондоор хэрэгжүүлье гэсэн яамдуудын төслийг ерөнхийд нь танилцуулсан. Гэхдээ ирэх баасан гаригт илүү нарийвчилж ярина. Эдийн засаг, Төсвийн байнгын хороод энэ бондын зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй. Тиймээс манай зүгээс Засгийн газарт хандан “Нэгэнт ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тул уг бондоор хэрэгжүүлэх ажлын хугацааг түргэвчлэх хэрэгтэй байна” гэсэн зарч­мын саналаа өгсөн. Энэ хүрээнд бод­логын зөвлөл анхныхаа хуралдааныг хийсэн гэж ойлгож байна. Бодлогын зөвлөлөөр олон төсөл орж ирсэн. Энэ дундаасаа алийг нь сонгож авахаа дараагийн хуралдаанаар ярилцана.

-Гол нь аль салбарт хөрөнгө оруулалт хийх саналтай байна?

-Үндсэн гол санаа бол эрчим хүч, ДЦС, дэд бүтцийн асуудлуудад илүүтэй зарцуулна. Харин барилгын салбарын тухайд дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх нь илүү оновчтой гэж хувь гишүүнийхээ зүгээс үздэг. Нэг ёсондоо барилга барих боломж нь барилгын компаниудад байгаа. Хамгийн гол нь энэ бондыг богино хугацаанд үр дүнтэй ашиглая гэвэл авто болон төмөр зам, Улаанбаатар хотын газар доорх дэд бүтцэд зарцуулах нь илүү оновчтой гэж боддог.

-Бодлогын зөвлөлөөс яг энэ төслийг “Чингис” бондоор хэрэг­жүүлье гэдэг шийдвэрээ эцсийн байдлаар хэзээ гаргах боломжтой вэ?

-Энэ талаар Засгийн газар нэлээн удаан хугацаанд ярьж байгаа. Үүнийгээ ч бидэнд мэдэгдсэн. Ойрын хугацаанд төслөө оруулж ирье гэдэг үүднээс Бодлогын зөвлөлийг өргөтгөсөн. Өмнө нь ҮАБЗ дээр тодорхой хүрээний байгууллагаас төлөөлөл авч Бодлогын зөвлөлийг бүрдүүлсэн. Харин энэ нь нэлээн өргөжсөн байгаа. Тиймээс яамдаас орж ирсэн материалууд дээр тулгуурлан хэрэгжүүлэх төслийг нэг, хоёроор нь эрэмбэлнэ. Ингэхдээ үнэхээр ач холбогдолтой гэснийг нь эхэнд тавина. Ер нь ойрын хугацаанд эцсийн шийдвэр гарна.

-Хэрэгжүүлэх төсөл нь эцсийн байдлаар тодорхой болох хугацааг асуусны учир нь бондын арилжаанаас тодорхой хэмжээний мөнгө нь ороод ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, төлөх өрийн хүү хэдийнэ бодогдоод эхэлсэн?

-Хүүний хувьд айж, эмзэглээд байх зүйлгүй гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн. Яагаад гэвэл энэ бондоор орж ирэх мөнгөний менежментийг Мон­голбанкаар хийлгэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тиймээс хүү болон бусад гарч болох асуудлуудыг Монголбанк шийдээд явах юм. Тухайлбал, хүү төлөх мөнгийг олох нөхцөлийг Монголбанк бүрдүүлнэ. Гэхдээ ажил дөнгөж эхэлж байна. “Чингис” бондыг зээл гэдэг үүднээс хүмүүс нэлээн болгоомжилж байх шиг. Гэхдээ хийж байж үр дүнг нь үзэх ёстой. Мэдээж урт хугацаанд хийвэл бид алдагдал хүлээх нь тодорхой. Тиймээс аль болох богино хугацаанд , зөв шийдвэр гаргах нь чухал.

-“Чингис” бондоос гадна тодор­хой салбарт чиглэсэн өрийн бичгийг Засгийн газраас гаргаж байна. Тухайлбал, Арьс ширний салбарыг дэмжих 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Гэвч өмнөх УИХ, Засгийн газрын үед гаргасан өрийн бичгийн үр дүнг харах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн өгч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Өөрийн чинь хэлж байгаа зөв. Гишүүдийн зүгээс ч ийм шүүмжлэл гарч байгаа. Өмнөх бондуудын үр дүнд анхаарал тавих ёстой. Энэ бол зарчмын асуудал. Сүүлийн үед салбар бүхэн өөрийн бонд гаргах гэсэн эрмэлзлэлтэй нь харагдаж буй. Үүнийг аль болох зөв голдрилд оруулж, яг зориулалтын зөв бонд мөн үү гэдэг дээр эргэж харах, ярих зүйлүүд бий. Яагаад гэвэл Төсвийн тогтвортой байдал болон бусад хуулиас өөрөөр урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг санаанууд үе үе цухалзах болсон. Тиймээс бидний зүгээс энэ бүхнийг хийхгүй байхын төлөө байна. Өөрөөр хэлбэл, гарах ёстой, оновчтой бондуудыг гаргая, бусдыг нь өөр аргаар шийдэх арга зам хайхаас өөр аргагүй. Тэгэхгүй бол сүүнд, арьс ширэнд гэх мэтээр бүх л зүйлд зориулж бонд гаргая гэнэ. Хэдийгээр энэ нь хөдөөгийн малчдыг дэмжиж байгаа мэт боловч улс эх орны хувьд зөв зүйтэй шийдвэр мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Зүгээр л гишүүд, нэр дэвшигчид өөрсдийгөө ард түмний төлөө ажиллаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн төлөө шоу маягийн үндэслэл муутай зүйлүүдийг үе үе гаргаж ирээд байна. Энэ байдал явцын дунд засагдах байх.

-Гэхдээ тойрогтоо оноо авах, сонгогчдод таалагдах арга барилыг Засгийн газар сонгож болохгүй биз дээ?

-Мэдээж тийм. Тэгэхээр асуудлыг оруулж ирж буй яамд Засгийн газар дээрээ сайтар ярилцах ёстой. Иймэр­хүү зүйлүүд гарч ирснийг нуух шаардлагагүй. Засгийн газар дээрээ эцэслээгүй байж УИХ-д оруулж ирдэг байдал зарим нэг тохиолдолд харагдаад байгаа.

-Тухайлбал, аль яаж иймэрхүү популизм хийж байна?

-Одоохондоо нэр зааж хэлээд яах вэ. Ерөнхийдөө иймэрхүү асуудлууд ажиглагдаад байгаа. Яагаад гэвэл шинэ Засгийн газар бий болоод өмнөх засгийн үеийн хуулийн төслүүдийг буцаах талаар яригдсан. Энэ завсраар нь гишүүдийн лобби, ажилтнуудын алдаанаас болоод татаж аваагүй хуулиудыг хэлэлцэх шаардлага гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар, УИХ-ын үеийн хууль санаачлагчид дахин сонгогдоогүй, саналаа эргүүлэн татаж байгаа тохиолдолд иймэрхүү зүйл ажиглагдаж байна. Тиймээс бүх Байнгын хороо энэ асуудлыг цэгцэлж авахгүй бол болохгүй. Хойшдоо цэгцрээд явчих байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр анхаарал татсан нэг сэдэв нь нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээ. Иргэн арван сая, хуулийн этгээд тавин сая төгрөг хүртэл хандив өгч болно гэж заасныг та хэрхэн харж байна?

-Үүнийг хууль санаачлагч болон намын бүлгийн түвшинд ярилцаад Улс төрийн намуудын тухай хуулийн заалттай уях нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ тухайн нэр дэвшигчийг дэмждэг хүмүүс хандив өгөхөд буруутаад байх зүйлгүй.

-Хэлэлцүүлгийн үеэр маргаан дагуулсан бас нэг асуудал бол Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигч­дийг саналын хуудас дээр бичихдээ парламентад авсан суудлын тоогоор эрэмбэлэх тухай байлаа. Ингэснээр эрх баригч намаас нэр дэвшигч хамгийн эхэнд бичигдэх нь л дээ. Энэ хэр зөв шийдвэр юм бол?

-Миний бодлоор энэ байж болох асуудал. Яагаад нөгөө л МАН хамгийн дээр нь бичигдэж, Ардчилсан нам хоёрт байх ёстой юм бэ. УИХ болон Засгийн газрын олонхийг бүрдүүлж байгаа нам өөрийн нэр дэвшигчийг дээр нь бичүүлж яагаад болохгүй гэж.

-Гэхдээ өмнө нь МАН эрх барьж байхдаа хийсэн сонгуулиудаар нэр дэвшигчдийн нэрийг саналын хуу­дас дээр сөөжилж бичдэг байсан шүү дээ?

-Өмнөх сонгуулийг би сайн мэдэхгүй юм. Магадгүй сөөжилдөг байсан байж болно. Гэхдээ хойшид эрх баригч нам нэр дэвшигчээ нэгдүгээрт бичүүлдэг байж болно шүү дээ. Үүн дээр маргаад байх юу байна. Өмнө нь тийм байсан гэдэг нь одоо ч гэсэн ийм байна гэсэн үг биш шүү дээ. Аливаа зүйл гэдэг цаг цагаар өөрчлөгдөж байдаг.

-Гэхдээ эрх баригч намын нэр дэвшигч нэгдүгээрт бичигдэнэ гээд хуульчлахаар бусдад нь ижил тэгш боломж олдохгүй юм биш үү?

-Яагаад.

-Аль ч шатны сонгуульд нам, эвсэл нэр дэвшигчид саналын хуудас дээр бичигдэх дараалалд илүү ач холбогдол өгдөг шүү дээ. Магад­гүй хамгийн дээр бичигдсэн нэр дэвшигчийг олон хүн дугуйлж магадгүй?

-Хэрвээ тийм байсан бол дандаа МАН ялж, дандаа тус намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй яасан юм бэ. Үгүй л байгаа биз дээ. Сонгогчид өөрийн дэмждэг хүний төлөө л саналаа өгдөг нь өнгөрсөн хугацаанд харагдсан.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны хуга­цаа 35 хоног гэж байна. Энэ хэр боломжтой хугацаа вэ?

-Ер нь сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байх нь ашигтай шүү дээ. Яагаад гэвэл цаг хугацааны үүднээс хүмүүсийн ажлыг алдагдуулахгүй байхад ашигтай. Харин тэр богино хугацаанд нэр дэвшигчээ маш амжилт­тай сурталчлах нь тухайн багийн асуудал.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад төрийн албан хаагч­­даас гадна улс төрийн намуу­дын төлөөллийг оролцуулъя гэдэг саналыг зарим намаас гаргаж бай­на. Үүнийг та дэмжиж байна уу?

-УИХ, орон нутгийн гээд хоёр ч сонгуулийг саяхан хийлээ. Аль алийг нь төр зохион байгуулсан. Өмнө нь намууд төрийн сонгуулийн зохион байгуулалтад оролцдог байсан. Одоо бол УИХ, орон нутгийн сонгуулийг хийсэн туршлага дээрээ үндэслээд зайлшгүй өөрчлөхийг нь өөрчлөн автомат машинаар саналаа тоолох нь зөв. Ер нь аль болох урагшаа харсан дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож авъя. Мэдээж ажил хийж байгаа тохиолдолд алдаа гарна. Тэр алдаа дараагийн алхам дээр засагдаж байх ёстой. Миний ажигласнаар хүмүүс дандаа “алдчихвий” гэж болгоомжилсон байдлаар ярьдаг. Ийм сэтгэлгээтэй болгочихсон нь харамсалтай. Аливаа ажлыг хийхийн тулд тодорхой эрсдэл гаргадаг, түүнийг даах чадвартай байх ёстой. Харин дараагийн удаа тэр эрсдлийг гаргахгүй байх боломжийг олох нь илүү үр дүнтэй.

-УИХ-ын гишүүн Д.Арвин танай намд элсэх талаар яригдаж байна. Та энэ талаар дуулсан уу?

-Би та нарын адил хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байна. Ер нь бол тэр хүний асуудал. Би зүгээр л харж байна.

-Танай намын бүлэг дээр, эсвэл тодорхой хүрээнд энэ талаар яригдаагүй юу?

-Яригдаагүй. Энэ бол тэр хүний л асуудал. Би үүнд ач холбогдол өгч гайхаад байгаа зүйл алга. Өнөөгийн хууль тогтоомж нь тэгж болдог бол юу хэлэх вэ. УИХ-д дөрөв дараалан сонгогдсон хүн мэдэж байгаа байлгүй дээ. Тэр хүн өөрөө зөв гэж бодоод сонголтоо хийж байгаа биз.