Д.Ганбат: 1,5 тэрбум ам.долларын 2/3-ыг хувийн хэвшилд зарцуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- УИХ дах МАН-ын гишүүд бүлэг байгуулж өгөхгүй байгаа асуудлыг удаа дараа тавьж байна. Тэдний зүгээс эрх баригч намыг сөрөг хүчнийг боомилж байна гэж шүүмжилсэн. Таны бодлоор бүлэг байгуулах асуудлыг удаагаад байгаа шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Ерөнхийлөгч маань саяхан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Төсөлд намууд бүлэг байгуулсан тухайгаа УИХ-ын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлнэ гэж заасныг өөрчлөхөөр болсон.
Би тэрийг дэмжиж байгаа. Ер нь аливаа асуудал шат шатныхаа юмаар хэлэлцэгдээд л явж байгаа гэж бодож байна. Нэг, хоёр дах хэлэлцүүлэг гэж байна. Байнгын хороогоор орно. Тэгээд хууль батлагдана шүү дээ. Тэр журмаараа л явж байгаа байх. Түүнээс биш сөрөг хүчийг боомилсон асуудал байхгүй гэж бодож байна. Тэд өөрсдөө бүлэг байгуулснаа 24 цагийн дотор мэдэгдээгүй шүү дээ. Уг нь 24 цагийн дотор байгуулах нь төр засаг хурдан шуурхай эмхлэгдэх боломжтой цаг хугацаа.
Ер нь бүлэг байгуулагдах нь зөв. Ардын нам бүлэгтэй болох нь зөв. Гэхдээ тэр бүхэн хуулийн дагуу л байх ёстой.
-Ардын намын гишүүд эрх баригчдыг удаа дараалан бонд гаргасан асуудлыг шүүмжилж байгаа. Бондтой холбоотойгоор хяналт тавих ажлын хэсэг гаргах саналтай гэдгээ ч мэдэгдсэн.
МАН-ын гишүүд ард түмнээс сонгогдсоныхоо хувьд хяналтаа тавих эрхтэй. Энэ бол ардчиллын зарчим.
-Таны зүгээс бондын талаар юу гэж бодож байгаа вэ?
Энэ бондыг зөв зүйлд зарцуулж үр ашгийг нь сайн тооцвол улс орон үнэхээр сайн хөгжинө.
-Саяхан 1,5 тэрбум ам.доллар төрийн дансанд орж ирсэн. Гэхдээ бонд бол өр гэдэг. Зээлийн хүү өдрийн 270 сая төгрөгөөр бодогдоод эхэлчихсэн. Гэтэл тэр бондыг зарцуулах төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэл нь хийгдээгүй байгаа нь асуудал үүсгэж байна шүү дээ?
Тийм тал байх шиг байна. Яг бэлэн болгоод төсөл гээд сонгосон юм өнөөдөр алга. Үнэндээ бондын хөрөнгө орж ирэхэд байсангүй. Гэхдээ манай улс бондоо үнэхээр цагийг нь олж, тохиромжтой цаг үед арилжаалж чадсан. Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар 1,5 тэрбум ам.долларын гуравны нэгийг төр засаг томоохон төслөө санхүүжүүлээд, гуравны хоёрыг хувийн хэвшилд зарцуулах чиглэл рүү явахыг миний хувьд дэмжиж байгаа.