2012.08.15

Монголын олимп Баянхонгор аймагт гурван өдөр үргэлжиллээ

Тив дэлхийн орнуудыг спортын тэнгэр дор нэгтгэн энхтайванаар амьсгалуулдаг “Лондон-2012” олим­­пийн наадамтай давхцан Мон­гол Улсад бага олимп болж өн­дөр­лөлөө. Бага олимпийг одоо­гоос дөрвөн жилийн өмнө анх зохион байгуулж байв.

Эл наадмыг 2008 онд УИХ-ын ги­шүүн Х.Баттулга санаачилж, Баян­хон­­гор аймагт анх удаа “Бага олимп”-ийн бамбарыг буухиалж, дөр­­вөн жил тутамд уламжлал бол­гон зо­хион байгуулж байхаар шийд­вэр­лэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм. Тус наадам энэ удаад ч амжилттай болж их олимптой эн зэрэгцлээ. “Бага олимп”-д  Баян­хонгор аймгийн 20 сум, есөн ба­гийн 816 тамирчин жүдо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ши­рээ­ний теннис, хүчний гурван тө­рөл, үндэсний бөх, буухиа гүйлт гэ­сэн есөн төрлөөр явагдаж, та­мир­чид ур ухаан, хүч хөлсөө дайч­лан өрсөлдөж, шилдгүүдээ тод­руулсан бөгөөд нэмэлтээр хүүх­дийн хөлбөмбөгийн тэмцээ­нийг зохион байгуулж, аваргаа шал­гарууллаа. Энэ сарын 10-12-ны хооронд гурван өдөр үргэлжилсэн уг наадмыг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Ардчилал сан, Техник импорт нэгдэл, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулсан бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион явуулж байхаар уламжлал болгож байгаа ажээ.

Уухайн түрлэг дор ассан “Бага олимп”-ийн бамбар

Олимпийн наадмын хоёр дахь өдөр “Бага олимп”-ийн бамбар асаах ёслолын ажиллагаа үзэгчдийн халуун сэтгэл, уухайн түрлэг дор болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагааны эхэнд олимпийн наадамд хурд хүчээ сорих сум, дүүрэг, багийнхан ээлж дараалан уухайн түрлэг дор гарч ирснээр олимпийн наадмын албан ёсны нээлт болсон юм. “Бага олимп”-ийн торгон агшин бамбар асаах ёслол байсан. Баянхонгор аймгаас төрөн гарсан ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт, Универсадын аварга, залуучуудын улсын аварга М.Уранцэцэг энэхүү эрхэм хүндтэй үүрэг оногдсон. Мөн тус наадмыг хүндэтгэн “Лондон-2012” олимпийн наадмын үе үеийн шилдэг тамирчид, Спортын хорооныхон, Баянхонгор аймгаар овоглосон алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Тодруулбал, ОУХМ-уудаас олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очир, Г.Сугаржаргал, Э.Энхбат, Ш.Цэвэлмаа, Д.Төмөрхүлэг, Ч.Насантогтох, М.Уранцэцэг, П.Лхамдэгд мөн МУГТ Х. Цагаанбаатар, Х.Болдбаатар, О.Балжинням, МУГЖ Д.Сосорбарам зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Бамбар асаах ёслолын ажиллагааны дараа Олимпийн далбаа болон Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болж, МУСГЗ Ц.Чулуунбат болон “Sweetymotion” хамтлаг Төрийн дуулал эгшиглүүлсэн юм.

Энэ үеэр МУГТ, жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын сэтгэгдлийг сонслоо

-Сайхан наадам болж байна. Спортыг хөгжүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулж байгаа гэж бодож явдаг. Олимпийн наадам шиг томоохон ажиллагааг зохион байгуулж байгаад нь маш их баяртай байна. Өмнө нь 2008 онд ирж байгаагүй. Харин энэ удаад сонирхлоо. Үнэхээр сайхан юм.

Бамбар асаах ёслолын дараа наадмыг зохион байгуулагч, санаачилагч УИХ-ын гишүүн Х.Баттулга нээж, үг хэллээ.

Баянхонгор аймаг

-Тэрбээр “Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилго­тойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй “Бага олимп” амжилттай үргэлжилж байна. Анхны олимпод спортын есөн төрлөөр гурав хоногийн турш өрсөлдөж байсан бөгөөд Баянхонгор аймаг олимпоор амьсгалж байсан билээ. Бидний уриа бол “Бага олимп”-оос “Их олимп”-ийн оргил өөд тэмүүлэх явдал юм. Үнэхээр  монголчууд бид олимпийн аварга болохыг олон жил хүсч байсан. Бидний хүслийг Н.Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль авснаар биелүүлж байсан юм. Энэ нь ч бидэнд “Бага олимп” бага ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодогдуулсан” хэмээсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт хонгорчууд аа, эрхэм хүндэт тамирчид аа, эрхэм хүндэт олимпийн медальтнууд аа. Үнэхээр өнөөдөр Баянхонгор аймагт маш сайхан үдэш болж байна. Юуны түрүүнд баянхонгорчуудаа төлөөлөн Лондонгийн олимпод оролцсон тамирчиддаа амжилт хүсье. Анх 2008 онд зохион байгуулагдсан “Бага олимп” өдгөө дахин болж байна.

Тэр үед бид бүхэн олимпийн аваргагүй байсан.

Олимпийн аваргатай болоосой гэж хүссэний үндсэн дээр энэ наадмыг зохион байгуулсан. Үүнээс дөрвөн жилийн дараа Бээжингийн олимпоос тамирчид маань богц дүүрэн медальтай ирж байлаа. Өнөөдөр ч гэсэн тамирчид маань богц дүүрэн медальтай ирсэн. Ард иргэдийн эрүүл мэнд, спорт, эрүүл энх, энх тайвныг бэлгэддэг энэ ажил маш зөв зүйтэй юм гэдгийг хэлье” хэмээсэн юм.
Үүний дараа Спортын дэд мастер Б.Сийлэгмаа тамирчдын тангаргийг уншсанаар нээлтийн үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжиллээ.

Бага олимп”-ийн нээлтийн арга хэмжээнд “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, “Anemone” хамтлаг, дуучин A-Cool, “Sweetymotion”, залуу дуучин Л.Насанбуян нар ая дуугаа өргөн Баянхонгор аймгийн бяцхан хүүхдүүд гимнастикийн тоглолтоороо бэлэг барьсан юм.
Харин энэ үеэр цугласан олны анхаарлыг эрхгүй татан, босон уухайлахад хүргэх үзүүлбэрийн нэг нь яалт ч үгүй  “Хан Монгол” хамтлагийн циркчдийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэр байлаа. Монгол морьдын гайхамшиг, унаачийн эрэлхэг байдлыг харуулсан тус үзүүлбэрийг хамтлагийнхан зөвхөн эх орондоо ч бус дэлхий даяар гайхуулан ажилладгаа ч хэлээд амжлаа. “Хан Монгол” хамтлаг 15 гишүүнтэйгээр Монголд үзүүлбэрээ амилуулдаг бол Солонгос тэргүүтэй гадаадын хэд хэдэн оронд ч мөн ажилладаг байна. 

“Бага олимп”-ийн бэлгэдэл Мазаалай

Энэ жилийн “Бага олимп”-ийн наадмын бэлгэ тэмдгээр говийн Мазаалайг нэрлэжээ. Тэмцээнд түрүүлж медальт байрт орсон тамирчдад Мазаалай баавгайгаар бэлэг барьж байсан юм. Монгол орны говь цөлийн онцлогийг шингээсэн Мазаалайн тоо толгой хорогдон өдгөө дөнгөж 25-30-ын хооронд хэлбэлзэж байгаа билээ. 2008 онд Бээжингийн олимпийн бэлгэ тэмдэг Хятадын үндэсний баавгай болох Панда болж байсан бол Монголын “Бага олимп”-ийн бэлгэдэл Мазаалай байсан нь нүдээ олсон хэрэг болсныг ч цугласан олон хэлж байлаа. “Бага олимп”-ийн эхний өдөр чөлөөт бөх, шатар, волейбол, үндэсний бөх, ширээний теннисний төрлүүдээр явагдсан. Харин хоёр дахь өдөр сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх, хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнүүд болсон юм.

Үндэсний бөхийн аваргаар аймгийн арслан Б.Эрдэнэхүү тодров

“Бага олимп”-ийн наадмын үндэсний бөх тойргоор барилдаж, дөрвөн группийн зохион байгуулалттайгаар болсон юм. Улмаар аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Ч.Баасанбат нар үзүүр түрүүнд үлдсэн. Барилдаанд 30 бөх зодоглосноос Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү 16-аас 15 давж, түрүүлэн алтан медалийн эзэн болов. Харин мөнгө, хүрэл медалийг Баян-Овоо сумын харьяат аймгийн арслан Ч.Баасанбат, Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар адил 14 давж хүртсэн юм. Аймгийн арслан Б.Бат-Орших “Тойргийн барилдаан нэлээд хүнд байлаа. Нийтдээ 16 барилдсанаас хоёр унасан. Аймгийн наадамд мөн амжилттай оролцсон. Баяртай байна” гэж байсан. Мөн барилдаанд аймгийн арслан гурав, аймгийн заан ес, харцага цолтон 14 байсан. Медальт байрт шалгарсан бөхчүүдийн шагналыг улсын аварга О.Балжинням гардуулсан аж. 2008 оны тус наадамд алтан медалийг аймгийн начин Ж.Отгонбаатар хүртэж байсан бол Ч.Баасанбат энэ жил хошой мөнгөн медалийн эзэн боллоо. Харин хүрэл медалийг аймгийн заан Х.Буянмөнх хүртсэн байна.

Баянхонгорчууд 1975 оноос хойш волейболоор аваргалжээ

Волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй 60 баг орсон. Эмэгтэй багийн аваргаар Баянцагаан, хоёрдугаар байрт I баг, харин гуравдугаар байр буюу хүрэл медалийг Шинэ жинст сумынхан хүртлээ. Эрэгтэй багийн тоглолтыг Богд сумынхан тэргүүлсэн бол удаах байранд Эрдэнэцогт, хүрэл медалийг  Жинст сумынхан хүртсэн байна. Тус аймгийнхан 1975 оноос хойш улс, аймгийн чанартай тэмцээнүүдэд дараалан медаль авч байсан тухай зохион байгуулагчид ам нэгтэй хэлж байв.

Шатар сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн

Шатрын тэмцээнд 21 сумын 60 тамирчин оролцсон бөгөөд эхний өдөр таван өрөг, хоёр дахь өдөр гурван өрөг тоглосноор тэмцээний дүн гарлаа. Эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг долдугаар багийн тамирчин Я.Бүрэндэлгэр 7.5 оноогоор эзэлсэн бол мөнгөн медалийг нэгдүгээр багийн тамирчин Ц.Одонгэрэл, хүрэл медалийг наймдугаар багийн тамирчин Л.Хонгорсүрэн нар тус тус 7.0 оноогоор хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд алтын болзлыг наймдугаар багийн тамирчин Ш.Норов 7.5, мөнгөн медалийг хоёрдугаар багийн тамирчин Ж.Мэнд-Амар 7.0, хүрэл медалийг Богд сумын тамирчин Л.Пүрэвлхам 6.5 оноогоор тус тус хүртсэн юм. Зохион байгуулагчийн хэлж буйгаар шатрын тэмцээнийг Швейцарь системээр буюу хожсон нь хожсонтойгоо тоглох зарчмаар явуулж байгаа аж. Оролцогчдын хувьд хамгийн бага нь 11 настай бол 80 настай буурай ахмад тоглогчоор тодроод байна. Анх дөрвөн жилийн өмнө зохион байгуулж байхад шатрын төрлөөр 27 хүн оролцож байсан бол өдгөө энэ тоо 60-д хүрч өсчээ.

Эцсийн тулаан багш шавийн хооронд өрнөлөө

Ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй 60 тамирчин өрсөлдсөн юм. Холимог, ганцаарчилсан хоёр төрлөөр зохион байгуулагдсан тэмцээний холимог багийн төрөлд алтан медалийг нэгдүгээр багийн тамирчин, спортын дэд мастер Б.Сийлэгмаа, спортын дэд мастер Н.Мөнх-Оргил, мөнгөн медалийг Эрдэнэцогт сумын тамирчин спортын мастер Б.Эрдэнэсувд, Б.Тэмүүлэн, хүрэл медалийг Шинэ жинст сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ, Б.Нямсүрэн нар авлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Р.Маргад, мөнгөн медалийг М.Мөнх-Оргил, хүрэл медалийг Г.Бат-Эрдэнэ нар хүртсэн юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг спортын мастер Б.Эрдэнэсувд, мөнгөн медалийг Б.Сийлэгмаа, хүрэл медалийг Б.Батдэлгэр нар хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд алтын төлөө ширүүхэн тулаан болсон бөгөөд Биеийн тамир спорт хорооны газрын дасгалжуулагч, спортын мастер Б.Эрдэнэсувд өөрийн шавь Б.Сийлэгмаатай тоглон ялалт байгуулсан юм.

Үндэсний бөх “Хүчний гурван төрөлт”-ийн аварга боллоо

Бага олимпийн хүчний гурван төрөлт нийт 50 гаруй тамирчид +75 кг, -75 кг-ын жинд газраас, цээжнээс, суултаар өргөх гэсэн гурван төрөлд бяраа сорилоо. Тэдгээрээс +75 кг-ын жинд Б.Мөнхтүшиг үндэсний бөхөөр барилддаг ч хүчний гурван төрлөөр анх удаа хүч үзэн алтан медаль хүртлээ.  Тэрбээр  270 кг-д сууж, алтын болзол хангасан юм. Мөнгөн медалийг С.Бат-Ирээдүй, хүрэл медалийг М.Батцэнгэл нар хүртлээ. Хүчний гурван төрөлтийн -75 кг-ийн жинд алтан медалийг Богд сумын тамирчин Б.Гансүх, мөнгөн медалийг Баян-Өндөр сумын тамирчин Э.Сувджамц, хүрэл медалийг “Хамо” багийн тамирчин Ч.Цэрэндорж нар хүртлээ. “Бага олимп”-ийн наадамд улсын аваргын медальт тамирчин болон үндэсний бөх, хүчний гурван төрөлтөөр хичээллэдэг тамирчид өрсөлдсөн юм.

Оддын үзүүлэх тоглолтод бөхчүүд тэргүүлэв

“Бага олимп”-ийн наадмын сонирхолтой үзүүлбэрийн нэг нь оддын холимог тоглолт байлаа. Холимог тоглолтын төрөлд “Лондон-2012” олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очир, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ М.Уранцэцэг мөн улс аймгийн цолтой бөхчүүдээс нэг талын баг бүрдлээ. Харин нөгөө талын багт UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, дуучин A Cool буюу Б.Анхбаяраар ахлуулсан сэтгүүлчид тоглосон юм. Тоглолтын эхний үед сэтгүүлчдийн баг хоёр оноогоор тэргүүлж байсан бол эцсийн мөчид бөхчүүдийн баг аваргалсан юм. Зохион байгуулагчдын хэлснээр “Үзүүлэх тоглолт учраас хожих хожигдохдоо гол нь биш шоу тал руугаа байх нь чухал” хэмээж байсан. Үүнийг ч сэтгүүлчдийн баг үйл хөдлөл, хөгжөөн дэмжигчдээсээ эхлээд нэлээд сайн баримталж байлаа.

Буухиа гүйлтийн төрөлд нэгдүгээр баг аваргалав

Буухиа гүйлтийн төрөлд нийт 30 багийн 120 тамирчин өрсөлдсөн юм. Тамирчид хоёр өдөр өрсөлдлөө. Буухиа гүйлтийн төрөлд алтан медалийг нэгдүгээр баг, мөнгөн медалийг дөрөвдүгээр баг, хүрэл медалийг Бууцагаан сумын баг тамирчид тус тус хүртлээ.

Нэгдүгээр багийнхан сагсан бөмбөгийн төрөлд ч одтой байлаа

Сагсан бөмбөгийн төрөл “Бага олимп”-ийн хоёр дахь өдөр болон 20 сум, есөн багийн эрэгтэй 30, эмэгтэй 30 баг оролцлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтыг нэгдүгээр багийн тамирчид, мөнгө “Хамо” баг, хүрэл медалийг Эрдэнэцогт сумын баг тамирчид хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг тав, мөнгөн медалийг долоо, хүрэл медалийг нэгдүгээр багийн тамирчид тус тус хүртлээ.
Баянхонгор аймагт зохиогдож буй “Бага олимп”-ийн хүрээнд чөлөөт бөхийн төрөлд шилдэг тамирчдаа тодрууллаа. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 59 кг-ын жин болон эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 84 кг-ын жингийн шилдгүүдийг тодруулсан юм.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд:
48 кг-ын жинд:
Н.Аринжаргал алт,
Д.Нандинцэцэг мөнгө,
Б.Чойжмаа, н.Тамжидмаа нар хүрэл
55 кг-ын жинд
Э.Энхбул-алт
М.Уранчимэг-мөнгө
Д.Лхамсүрэн, Н.Жавзанпагма-хүрэл
59 кг-ын жинд
Ж.Түмэнжаргал -алт
М.Лхагвалхам-мөнгө
Ж. Энхбаатар, н.Бат-Амгалан-хүрэл медалийн эзэд боллоо.
Анх 2008 онд зохион байгуулагдахад 14 сумын 80 гаруй тамирчин өрсөлдөж байсан аж. Энэ удаад тамирчдын тоо улам өссөнд зохион байгуулагчид таатай хүлээн авч “2016 онд УАШТ болж байгаа юм шиг болох нь” хэмээв.

Н.Ариунжаргал: Өрсөлдөгчдийн хувьд бүгд хүчтэй байлаа

48 кг-ын жинд алтан медалийн эзэн болсон Н.Ариунжаргал ийн ярив.
-Маш их баяртай байна. Өрсөлдөгчдийн хувьд бүгд хүчтэй байлаа. Зохион байгуулалт хүртэл өндөр хэмжээнд байгаад баяртай байна. Бусад тамирчиддаа амжилт хүсье.

“Бага олимп”-ийн шилдгүүд тодрох торгон агшин

Наймдугаар сарын 12-нд Олимпийн медальтнуудаа алдаршуулснаар Баянхонгорын “Бага олимп”-ийн хаалтын үйл ажиллагаа эхэллээ. Эхлээд 2008 онд болсон “Бага олимп” болон 2012 оныхтой харьцуулан хошой болон хос медальнуудыг алдаршуулсан юм. Үүнд, Богд сум волейболын төрөлд хошой алтан медаль, Шинэ жинст сум 2008 онд мөнгө 2012 онд  хүрэл медаль авснаар хос медальт, Долдугаар баг жүдо бөхийн төрөлд хос медаль, Долдугаар баг шатрын төрөлд хос медалийг тус тус авлаа.
“Бага олимп”-ийн хамгийн хамгийн
Олон медальт багаар Номгон сумын нэгдүгээр баг тодорлоо.
Хамгийн олон медаль авснаар цомын эзэн болсон нэгдүгээр багийн ахлагч Ж.Сайнбилэг:
-Баянхонгор аймгийн “Бага олимп” сайхан болж өнгөрлөө. Манай  нэгдүгээр багийн хувьд 2008 онд болсон олимпод медаль авч байсан. Энэ удаад ч гэсэн  медалийн тоогоор тэргүүлэн цомын эзэн болсондоо баяртай байна. Манайхаас нийт 30 баг явсан. Теннис, шатрын төрөлд алт мөнгө, жүдо бөхийн төрөлд алтан медаль авснаар үндсэндээ таван алт, нэг мөнгө, хүрэл авсан амжилттай байлаа. Багийнхаа дүнгээр тэргүүлсэндээ баяртай байна. Бэлтгэлийн хувьд өмнөх олимп дуусаад шууд орсон гэхэд болно.
-Хамгийн өндөр тамирчин Шинэ жинст сумын Б.Батбаяр /193 см/
-Хамгийн намхан тамирчин тавдугаар багийн тамирчин Э.Оюунбаяр /128 см/
-Хамгийн ахмад тамирчин Өлзийт сумын н.Сүрэн /80 настай/
-Хамгийн залуу тамирчин хоёрдугаар багийн тамирчин А.Төгөлдөр /10 настай/
-Хамгийн хүчтэй тамирчин Богд сумын Д.Гантөр /76.5 кг жинтэй бөгөөд 650 кг-ийг өргөсөн/

Номгон сумынхан тэргүүн байрт шалгарлаа

“Бага олимп”-ийн эхний гурван байрыг 81 оноотойгоор Номгон сум тэргүүллээ. Харин хоёрдугаарт Богд сум, “Хамо ТББ”-ынхан тодорсон юм. Мөн энэ үеэр Баянхонгор нутгаас төрсөн МУГТ Н.Энхбатад медаль гардууллаа. Тэрбээр 1988 онд Сөүлийн олимпийн наадмын боксын тэмцээний 60 кг -ын жинд хүрэл медаль хүртэж олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болж байжээ. Шагнал гардуулахаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Жаргал, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, МУГТ Н.Энхбат, Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй олон хүмүүс ирсэн байлаа.

МУГТ Н.Энхбат: Монгол хүн хэзээ ч хаанаа ч нэрээ гаргаж явна гэдэгт итгэлтэй байна
-Өнөөдрийн энэ арга хэмжээнд сэтгэл маш их хөдөлж байна. Өөрөө олимпод орж байгаа юм шиг санагдлаа. Боксын тамирчид маш амжилттай өрсөлдсөн. Монгол хүн хэзээ ч хаанаа ч нэрээ гаргаж явна гэдэгт итгэлтэй байна.

Ингээд Баянхонгор аймагт болсон “Бага олимп”-ийн наадам 30 багийн 810 тамирчин 70 гаруй шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Хаалтын үйл ажиллагааны төгсгөлд рок попынхон ая дуугаа өргөсөн юм. “Anemone”,  “Fire”, залуу дуучин Л.Насанбуян, СТА Б.Анхбаяр буюу A Cool, МУГЖ Д.Сосорбарам нар цугласан олонд ая дуугаа өргөлөө. Хаалтын ажиллагааны төгсгөлд Баянхонгор аймгийн сүлд дуулал “Баянхонгор миний нутаг” дууг дуулснаар хоёр дахь жилдээ болж буй “Бага олимп”-ийн өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.