МАН парламентын өмнө хариуцлага хүлээх гэж бүлэгтэй болсон
АН-ын бүлгийн хуралдаан дараах мэдээлэл 01 сарын 07
2013.01.08

МАН парламентын өмнө хариуцлага хүлээх гэж бүлэгтэй болсон

АН-ын бүлгийн хуралдаанаар цаг үеийн зарим асуудал болон Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай зэрэгцэн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн яамнаас 2013 онд хэрэгжүүлэх ажлын гол чиглэл нь МСҮТ-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сургалтын хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зорилт тавьж байгаа аж. Өмнө нь МСҮТ-үүдэд элсэлтийн квот гэж өгдөг байсан бол энэ жилээс аж ахуйн нэгжүүд, ажил олгогчдын захиалгаар элсэлт авдаг зарчим руу шилжиж байгаа гэнэ. Хөдөлмөрийн яам МСҮТ-ийн захирлуудыг зөвхөн танхимын сургалт явуулаад дипломыг нь өгөөд төгсгөчихдөг байснаа өөрчилж, төгссөн оюутнуудаа ажлын байраар хангах чиглэл рүү анхаарч ажиллахыг санууллаа.

Тус яамнаас их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан ирэх сарын 1-нээс 24-өөс дээш насны иргэдийг хамруулан мэргэжилтэй ажил­тан бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар програм хөтөлбөр, тө­лөвлөгөө боловсруулж байгаа аж. Энэ хүрээнд суралцагчид 500-600 цаг онолын хичээл үзээд, сонгож авсан компанидаа гурван сар дадлага хийх юм байна. Ингэхдээ тухайн суралцагч таван сарын хугацаанд сар бүр 194 мянган төгргийн тэтгэлэг авна. Суралцагчид хамгийн гол нь сонгосон чиглэлээрээ мэргэшиж хичээллэхээрээ давуу талтай юм байна. Хөдөлмөрийн яамнаас 3300 хүнийг сургалтад хамруулахаар Хөдөлмөрийн төв бирж дээр бүртгэлээ явуулахаар болжээ.

Я.Санжмятав сайдыг ийн­хүү мэдээлэл хийсний дараа Д.Эрдэнэбат гишүүнээс бүлгийн хурал­даанаар хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.    

-МАН-ын бүлгийн гишүүд өнгөр­сөн баасан гарагийн чуулганы хурал­даанд ороогүйгээс ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй. Үүний шалтгааныг юу гэж харж байна?

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар МАН албан ёсны бүлэгтэй болсон. Тэднийг бүлэгтэй болгох асуудлыг АН-ын бүлэг дэмжиж баталсан. УИХ-ын гишүүн бүр асуудлыг өөр өөрсдийнхөөрөө шийдэж, парламентын хариуцлагыг сулруулж болохгүй гэдэг үүднээс МАН-ыг бүлэгтэй болгосон. Харамсалтай нь, МАН-ынхан АН чуулганы ирцээ хангахгүй бол хуралдаанд оролцохгүй гэх хариуцлагагүй үг хэлж байна. МАН парламентын өмнө хариуцлага хүлээх гэж бүлэгтэй болсон.

Намын бүлэг байгаа бол парламен­тын үйл ажиллагаа дэгийнхээ дагуу явах үүрэгтэй.

Аливаа бүлэг хэлэлцэж буй асуудлаар санал нэгдэхгүй бол чуулганы хуралдаанаар албан ёсныхоо байр суурийг илэрхийлж, завсарлага авах ёстой. Гэтэл ингэсэнгүй.

УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага хүлээж буй энэ үед бүлгийн гишүүдийн 50-аас доошгүй хувь нь чуулганы хуралдаанд ирцээ хангаж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачлах ёстой гэж бодож байна. Ингэснээр парламент төлөвшинө.

-Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэсэн. Яг ямар асуудал ярив?

-Хөрөнгө оруулалтыг дөрвөн жилээр урт, дунд хугацааны гэж төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр гишүүдийн саналыг нэгдүгээр сарын 10-ны дотор авч дуусаад улс орны нэгдсэн бодлогын хүрээнд ямар хөрөнгө оруулалт хийх талаар саналаа гаргахаар болсон.

Нэн тэргүүнд нийслэлийн хүн амын төвлөрөлд онцгой анхаарах ёстой. Хот төлөвлөлтгүй хөгжихөөр ямар үр дагавар авч ирдгийг нийслэлийн өмнөх удирдлагууд харуулж байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь 15 мянган хүнтэй суурин хотууд руу шуурхайлан ажиллах ёстой гэдэг санал хэлж байна. Үндсэн хууль, бусад дагалдах хуульд яаралтай өөрчлөлт оруулж, хотжилтын болон бусад хуулийг нэн даруй өөрчилж, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзсэн.