С.Ганбаатар: “Баруун Цанхийн хэлэлцээ гацсанд баяртай байгаа”
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.01.10

С.Ганбаатар: “Баруун Цанхийн хэлэлцээ гацсанд баяртай байгаа”

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон асуудлын хүрээнд ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярцогт гишүүнтэй мэтгэлцсэнээс хойш та энэ асуудлаар дахин байр суурь илэрхийлсэнгүй?

-Байр сууриа би нээлттэй илэрхийлж байгаа. Хэрвээ би мэтгэлцээний үеэр түүнийг давж гарахыг хичээсэн бол мэтгэлцээн үр дүнгүй болох байсан. Өөрөөр хэлбэл, би хүлээцтэй бөгөөд асуудалд бодитой хандаж, мэдээлэл өгч чадсандаа баяртай байгаа. Эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Оюутолгойн мэтгэлцээний дүнд нийгэмд тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн. Энэ гэрээ үнэндээ  газрын дор байгаа баялгийг ямар ч үнэ цэнэгүйгээр гадныханд өгч, харин дээр нь ажиллуулах техник хэрэгслийн 34 хувийг яаж зээлээр авах вэ гэсэн агуулгатай  болсон. 2033 он хүртэл бид ногдол ашгаа авч чадахгүй юм байна, анхны хөрөнгө оруулалт нь 2,4 тэрбум ам.доллар байснаа 4 тэрбум,  сүүлд 7,8 тэрбум ам.доллар болж өөрчлөгдөөд байгаагийн учир юу вэ гээд нийтэд мэдэгдэхгүй 25 асуудлыг нээлттэй болгохыг хичээсэн нь үр дүнгээ зохих хэмжээнд өгч чадсан гэж би бодож байгаа шүү. Ойрын үед Оюутолгой төсөл, гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын байнгын хороодод нээлттэй сонсгол хийхээр хүсэлтээ илэрхийлээд байгаа. Саяхан Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Гэтэл цахилгаанаа ямар үнээр авч байгаа юм, баяжмалаа ямар үнээр хэрхэн борлуулах юм гээд нээлттэй бус хэд хэдэн зүйл байна. Энэ  бүхнийг тодруулах шаардлага бий.

-Тавантолгойн ордын асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгой, Тавантолгойн гэрээг ид яригдаж байх үед хөндлөнгийн бие даасан шинжээчдийн баг ажиллуулаач, улс төржсөн шийдвэр гаргаж, асуудалд хандахаа болиоч гэсэн мэдэгдлийг би олон удаа хөндөж, бичиг сэлт хүргүүлж байсан. Тухайн үеийн хамтарсан Засгийн газрын буруу шийдвэрийн үр дагаврыг өнөөдөр бид өвлөж аваад, “Одоо яах вэ” гээд сууж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ буруу шийдвэрийн дунд ажлаа явуулж байна. Тиймээс энэ том төслийг хөдөлгөх  хүмүүс маш ухаалаг ажиллах хэрэгтэй. Зөвхөн энэ компанийн шийдвэрлэх хэрэг биш учраас Засгийн газар, тэр дундаа УИХ анхааралдаа авах цаг хэдийнэ болсон. Ард түмний нийтлэг эрх ашигтай шууд холбоотой энэ асуудалд би идэвхтэй оролцоно. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Тавантолгойтой холбоотой хөндлөнгийн дүгнэлт гаргуулах талаар санаачлагтай ажиллана.  Хамтарсан Засгийн газрын харалган бодлыг энэ удаа засч залруулна гэдэгт итгэлтэй байна. 

-Хятадын “Чалко” компанитай хийсэн гэрээний талаар та юу хэлэх вэ. Энэ  компаниас авсан урьдчилгаа мөнгийг өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх үүрэг өгч, иргэдэд тараасан. Уг нь 418 тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулсан бол Тавантолгой төсөл урагшилж, бүтээн байгуулалтуудын ажлын эхлэл тавигдах байлаа гэж ярих хүмүүс олон шүү дээ?

-Гэрээ хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож, дараагийн гарцаа зөв хайх хэрэгтэй. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн нүүрсээ олборлолтын зардлаасаа хямд үнээр Хятадын талд 2018 он хүртэл нийлүүлэх юм билээ. Хэрвээ ингээд алдагдалтай яваад байвал бид өөр орны ард түмэнд 21 мянган  төгрөг бэлэглэдэг хүмүүс болж хувирч байна. Энэ юу гэсэн үг вэ. Өөрөөр хэлбэл, дэлхийд гайхагдах энэ ордоо үнэгүйдүүлж, хөрш залгаа улс орныхоо иргэдэд 21 мянган төгрөг бэлэглэдэг  гайхалтай өгөөмөр орон болж хувирах гээд байна.

-Өмнөх Засгийн газрынхан Зүүн Цанхийг Хятадын “Чалко”-гийн аманд хийчихжээ. Тэгвэл Баруун Цанхиа монголчууд дангаараа ашиглаж, дэлхийн зах зээлд нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж бий юу?

-Дэлхийд үнэлэгдэх том ордоос монгол хүн биш харин гадны том компаниуд арвин хишиг хүртэх боломж олгосон хууль эрх зүйн орчинг өмнөх эрх баригчид бий болгосон. Энэ бол УИХ-ын 39 дүгээр тогтоол. Гадны том компаниудын зодооны талбар нь ганцхан өмнийн говь болох юм уу. Үгүй ш дээ.  Гэхдээ  Баруун Цанхид хөрөнгө оруулах стратегийн түншүүдийн хуйвалдаант хэлэлцээ гацсанд би маш их баяртай байгаа. Энэ нь монголчуудад хэрэгтэй. Монголчууд нүүрсээ өөрсдөө олборлож, зөөхдөө гаднынхны тусламж авах хэмжээнд арай хүрчихээгүй байна. Налайх, Багануур, Шарын голын нүүрсний уурхайгаа бид өөрсдөө ашиглаж, инженер техникийн ажилтнуудаа бэлтгэсэн. Хэрвээ бид Тавантолгойг дангаараа ашиглавал дунджаар 12-15 мянган хүний ажлын байр бий болгох тооцоо бий. Хамгийн гол нь Баруун Цанхийг “Эрдэнэс Тавантолгой” компани буюу монголчууд өөрсдөө ашиглавал Монгол Улсын хүртэх эдийн засгийн өгөөж өндөр, IPO хийхэд компанийн үнэлгээ нэмэгдэж, уурхай олборлолтын ажил цаг алдалгүй эхэлнэ.