Барилгын материалын үйлдвэрийг дэмжсэнээр орон сууцны үнэ буурна
Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Үүнийг манайхан урд хөршөөс барилгын материал авч буйтай холбон тайлбарлаж байгаа.
Тиймээс дотооддоо барилгын материал үйлдвэрлэхээр төсөл боловсруулж эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгааг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа.
-Барилгын материалын үйлдвэрүүд барих талаар ярьж байгаа. Түрүүч нь хэзээ байгуулагдах вэ?
-Манайд барилгын материалын үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага их байгаа. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийм үйлдвэр байгуулахыг дэмжихээр тусгасан. Ирэх хавар барилгын ажил эхлэхэд импортоор цемент, арматур оруулахгүй, дотоодын үйлдвэрээсээ хангах бодлого барих юм. Энэ ажлын дагуу манай яамнаас "Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр" баталсан. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас Монголбанктай хамтран гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих бодлого баримталж, гэрээ байгуулсан.
Барилгын материалын үйлдвэрийг дэмжих үүднээс 370 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн моргейжийн зах зээлийг дэмжих зорилгоор 800 орчим тэрбум төгрөг гаргана.
Ойрын хугацаанд Монголбанкнаас сонгон шалгаруулсан арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлнэ. Харин хүүгийн хөнгөлөлтийг бодлогоор зохицуулах байх. Орон нутагт бүтээн байгуулалттай холбоотой зайлшгүй байх шаардлагатай үйлдвэрүүд бий. Тиймээс бетон зуурмагийн, төмөр бетон эдлэлийн үйлдвэрийг аймаг бүрт шинээр байгуулах юм. Хотын баруун, зүүн захад барилгын материалын төв байгуулна. Одоогоор холбогдох яам, нийслэлтэй хамтран чухам хаана байгуулах байршлыг сонгохоор ажиллаж байна. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн менежментээр авч явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Барилгын материал үйлвэрлэх аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож үйл ажиллагаа явуулснаар орон сууцны үнэ буурах боломжтой гэж үзэж байна.
-Урьдчилсан байдлаар орон сууцны үнэ хэчнээн төгрөгөөр буурах боломжтой гэж үзэж байна вэ?
-Барилгын материалыг дотоодоосоо хангаж эхэлбэл орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр буурна. Моргейжийн зээлийг олгохдоо бэлэн болсон орон сууцанд олгох юм. Ингэснээр тухайн орон сууцны үнийг хямдруулах боломжтойгоос гадна моргейжийн зээлээр байр авч байгаа хүн ямар нэг барилгын компанийн хараат болохгүй. Хамгийн гол нь барьцааны зээл нь тухайн орон сууцанд олгогдох ёстой. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо ажиллаж байна. Уг хороо моргейжийн зээлийн бодлогын хүүг нарийвчлан гаргах болно.
-Одоогийн байдлаар барилгын материал үйлдвэрлэдэг хэчнээн үйлдвэр манай улсад байдаг юм бэ. Тухайн үйлдвэрүүдэд зээл олгохдоо ямар шаардлага тавих бол?
-Арилжааны банкуудаас тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Хамгийн гол нь хугацаа хэтэрсэн зээлтэй байх ёсгүй. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан байх нь бас чухал.