Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл
Гэр цэцэрлэгийн загвар
2013.02.14

Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй

Нэг. Нэмэлт оруулах зүйл

Тавдугаар бүлэг. Хүүхэд харах үйлчилгээ

121 дүгээр зүйл. Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт

121.1. Хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж эрхэлнэ.

121.2. Хүүхэд харах үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг эцэг эх, асран хамгаалагч, үйлчилгээ эрхлэгч харилцан зөвшилцөж тогтооно.

121.3. Хүүхэд харах үйлчилгээг өрх гэрт суурилсан, төвийн хэлбэрээр зохион байгуулна.

121.4. Өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээний нэг хүүхэд асран хариуцагчид 2-3 хүүхэд ногдоно.

121.5. Өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээ нь 4-6 хүүхдээс илүүгүй байна.

121.6. Төвд суурилсан хүүхэд харах үйлчилгээний 1 хүүхэд асран хариуцагчид 5-6 хүүхэд ногдоно.

121.7. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрх олгоход үйлчилгээнд хамрагдах хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдаас үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж байгааг нотолсон зөвшөөрлийг үндэслэнэ.

121.8. Хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх өдөр тутмын байнгын хяналтын эрхийг хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр баталгаажуулж, хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч хэрэгжүүлнэ.

121.9. Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, үйлчилгээний чанарын хариуцлагыг үйлчилгээг эрхлэгч шууд хариуцна.

121.10. Хүүхэд харах үйлчилгээ нь гэрээт хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий иргэний сум, хорооны Засаг даргын, иргэний мэдээлэлд суурилсан олон нийтийн хяналт гэсэн байнгын давхар хяналттай байна.

121.11. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч нь үйлчилгээний санхүүжилт, орлого, зарлагын тайлан мэдээг, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид сар бүр танилцуулна.

121.12. Хүүхэд харах үйлчилгээний эрхийг олгох, санхүүгийн төлөвлөлт, хуваарилалт, санхүүжилт, хүүхдийн бүртгэлийн хяналт, мэдээ, тайлагналыг аймаг, дүүргийн Засаг дарга хариуцаж, түүний боловсролын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

121.13. Энэ хуулийн 121.1 дэх хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг аймаг, дүүргийн Засаг даргын боловсролын асуудал хариуцсан нэгж хянан бүртгэж, хүүхэд харах эрхийн бичгийг олгоно.

121.14. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч, хүүхэд асран хариуцагчийг бэлтгэх богино хугацааны сургалтын хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

121.15. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч, хүүхэд асран хариуцагчийг бэлтгэх сургалтын сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэлжийн дээшлүүлэх, арга зүйн хөгжлийн хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг боловсролын мэргэжил, арга зүйн төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулна.

121.16. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон баклаврын боловсролын зэрэгтэй болон цэцэрлэгт туслах багшийн мэргэжлийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан иргэнд 12110 дахь хэсэгт заасан сургалтад хамрагдах шаардлага тавигдахгүй.

121.17. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлага, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт, давхар хяналт, хүүхдийн бүртгэл, санхүүжилтийн тухай журам, энэхүү хуулийн 121.8 дахь хэсэгт заасан гэрээний загварын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж Засгийн газар батална.

121.18. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч, хүүхэд асран хариуцагч, үйлчилгээний бусад ажилтнууд эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хагас жил тутам заавал хамрагдана.

121.19. Хүүхэд харах үйлчилгээний нэг хүүхдэд ногдох ашигтай талбай нь 2 м.кв-аас доошгүй байна.

121.20. Хүүхэд харах үйлчилгээг өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулна.

121.21. Хүүхэд харах үйлчилгээнд нийтийн хоолны эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг мөрдөнө.

121.22. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй халдварт болон сэтгэцийн өвчтэй хүнийг ажиллахыг хориглоно.

121.23. Хүүхдийг ямар ч нөхцөлд хараа, хяналтгүй орхихыг хориглоно.

121.24. Хүүхэд харах үйлчилгээ нь өдөрт 12 цагаас илүүгүй хугацаагаар ажиллахыг хориглоно.

121.25. Хүүхдэд телевизор, компьютерийг 30 минутаас илүү хугацаагаар үзүүлэх, гадаа удаан хугацаагаар тоглуулахыг хориглоно.

121.26. Хүүхдэд нойрсуулах эм хэрэглэхийг хориглоно.

121.27. Хүүхдэд компьютер, электрон тоглоом тоглуулахыг хориглоно.

121.28. Хүүхдийг хэл амаар доромжлох, хүүхдэд хэл ам, бие махбодь, сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл үзүүлэх аливаа хэлбэрийг хориглоно.

121.29. Хүүхэд харах үйлчилгээнд аливаа шашин, үзэл суртлын үйл ажиллагаа, үйлдэл зан үйлийг явуулахыг хориглоно.

Хоёр. Нэмэлт оруулах хэсгүүд

15 дугаар зүйлийн 3,4,5,6,7 дахь хэсгүүд:

15.3. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн нэг хүүхдэд ногдохх нормативт зардал, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

15.4. Хүүхэд харах үйлчилгээнд нэг хүүхдэд ногдох нормативт болон хоолны зардал нь төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил байна.

15.5. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн өөрийн өмчлөлийн, эзэмшлийн байранд үйлчилгээ үзүүлэх тохиолдолд түүнийг тогтмол болон ашиглалтын зардлын хүүхэд харах үйлчилгээнд ногдох хэсгийг энэхүү хуулийн 121.17 дахь хэсэгт заасан журмын дагуу эцэг, эх хариуцна.

15.6 Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж нь үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нэг бүр зөвшөөрсөн тохиолдолд хүүхдийн хоолны хангамжийг нэмэгдүүлэх, сургалт, хөгжлийн үйлчилгээ явуулах, хүүхэд харах үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зориулалтаар төлбөр авч болно.

15.7. Хүүхэд харах үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулах сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдэд зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж болно.

Гурав. Нэмэлт оруулах заалтууд

4 дүгээр зүйлийн 4.1.14-18 дахь заалтууд:

“4.1.14. “Хүүхэд харах үйлчилгээ” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг”

“4.1.15. “өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээ гэж” иргэн өөрийн өмчлөлийн, эзэмшлийн орон байранд зохион байгуулах хүүхэд харах үйлчилгээг”

“4.1.16. “төвд суурилсан хүүхэд харах үйлчилгээ гэж” иргэн, аж ахуйн нэгж зориулалтын байранд зохион байгуулах хүүхэд харах үйлчилгээг”

“4.1.17. “хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч гэж” бүрэн дундаас доошгүй боловсролтой, хүүхэд харах үйлчилгээг эрхлэгчийн сургалтад хамрагдсан, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хоол хүнс, эрүү ахуй, ариун цэврийн орчин, үйлчилгээний удирдлага санхүүжилтийг хариуцсан ажилтныг”

“4.1.18. “хүүхэд харах үйлчилгээний хүүхэд асран хариуцаг” гэж бүрэн дундаас доошгүй боловсролтой, хүүхэд асран хариуцагчийн сургалтад хамрагдсан, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх ажлыг гардан хариуцдаг ажилтныг”

14 дүгээр зүйлийн 14.2.7 дахь заалт

14.2.7. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж, эрх бүхийн байгууллагаас үйлчилгээ эрхлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгжийг сонгох

16 дугаар зүйлийн 16.2.3, 16.2.4 дэх заалтууд:

16.2.3. Энэ хуулийг 121.2, 121.4, 121.5, 121.6, 121.7, 121.8, 121.9, 121.10, 121.11, 121.16, 121.17, 121.18, 121.19, 121.20, 121.21, 121.22, 121.23, 121.24, 121.25, 121.26, 121.27, 121.28, 121.29, 15.6 заалтууд, 121.11 дүгээр заалтад заасан журмыг зөрчсөн хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хүүхэд харах үйлчилгээний эрхийг түр зогсоох эсхүл цуцална.

16.2.4. Энэ хуулийн 121.10 дахь хэсэгт заасан чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн аймаг, дүүргийн Засаг даргыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгоно.

2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн “ТАВДУГААР БҮЛЭГ-ийг ЗУРГАДУГААР БҮЛЭГ, ЗУРГАДУГААР БҮЛЭГ-ийг ДОЛДУГААР БҮЛЭГ, ДОЛДУГААР БҮЛЭГ-ийг НАЙМДУГААР БҮЛЭГ гэж тус тус өөрчилсүгэй.”

3 дугаар зүйл. Энэ хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.6 дугаар хэсгээс бусад зүйл, хэсэг, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл. Энэ хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.6 дугаар хэсгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

Боловсрол, шинжлэх ухааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.