2008.09.09

Ц.Баярсайхан: Тахир дутуу иргэдэд зориулсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна

НХХ-ын сайдын ажлыг аваад удаагүй байгаа Ц.БАЯРСАЙХАН  "Хүмүүн заяа" сонинд тахир дутуу иргэдийнхээ талаар анх удаа ярилцлага өглөө.

-Та тахир дутуу иргэдийн талаар ямар ажил зохион байгуулах гэж байна?

-Төр засгийн байнгын анхаарал халамжид байх шаардлагатай хүн амын хэсэг бол тахир дутуу иргэд байдаг. Тахир дутуу иргэдийг боловсролд хамруулах, мэргэжил эзэмшүүлэх, ажил, хөдөлмөр эрхлүүлэх замаар амьдралыг нь дээшүүлэх, нийгмийн хамгааллын"арга хэмжээнүүдийг сайжруулах талаар төр, засгаас тодорхой ажлуудыг хийсээр ирсэн ба цаашид ч шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байна. 2002 онд Ази - Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос 2003-2010 оныг "Ази-Номхон далайн бүсийн Тахир дутуу иргэдийг дэмжих 10 жил" болгон зарлаж, уг 10 жилийн ажлын хүрээнд зохион байгуулах "Үйл ажиллагааны Бивакогийн Мянганы Хөтөлбөр" -ийг батлан гаргасан билээ.

Уг 10 жилийн ажлыг Монгол улсад эрхлэн зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд би, тахир дутуу иргэдийн талаар хийх ажлаа 10 жилийн ажлыг эрчимжүүлэх ажлаас эхлэхээр төлөвлөөд байна. "Тахир дутуу иргэдийг дэмжих 10 жил"-ийн ажлын "Үйл ажиллагааны Бивакогийн Мянганы Хөтөлбөр"-нь Ази-Номхон далайн бүсийн тахир дутуу иргэдийн бүрэн оролцоог хангасан, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр юм. Дээрхи хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж ажиллавал тахир дутуу иргэдийн өмнө тулгараад байгаа нилээд асуудлуудыг шийдвэрлэчих бололцоотой. "Тахир дутуу иргэдийг дэмжих 10 жил"-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооноос хийх ажлын төлөвлөгөөг тав, таван жилээр боловсруулан батлах, уг хорооны ажлыг эрхлэн орон тооны ажилтантай болгох, тухайн арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгө санхүүжилтийг батлуулах зэрэг ажлуудыг шийдвэрлэнэ. Түүнчлэн тахир дутуу иргэдийн нийгэм, хамт олны дунд орж ажиллан, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдэнд зориулсан дэд бүтцийг байгуулах ажилд анхаарлаа хандуулна.

Эхний ээлжид томоохон үйлчилгээний төвүүд, төр, засгийн байгууллагуудад тахир дутуу хүн чөлөөтэй нэвтрэх зам, орц, гарц, шат байгуулах ажлыг шийдвэрлэнэ. Цаашдаа тахир дутуу иргэдэд зориулсан дэд бүтэц байгуулах ажлыг төсөл хэрэгжүүлэх замаар үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Мөн 1998 онд Монгол Улсын Засгийн газраас батлагдсан " Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжих хугацаа энэ онд дуусаж байгаатай холбогдуулан уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн сунгах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа! боловсруулан батлуулна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг тусгайлан зохицуулах хуультай болгох чиглэл баримталж байна. Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тэмдэглэдэг "Тахир дутуу хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр"-ийг угтаад тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалсан ТББ-уудын удирдах ажилтны сургалт семинарыг зохион байгуулж, тэдэнтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт ярилцлага зохион байгуулдаг өдөртэй болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.

-Таны бодлоор тахир дутуу иргэдэд чиглэсэн хуулийн заалтууд хэр биелэгдэж байна вэ? Хэрэв биелэгдэхгүй байгаа бол шалтгаан нь юунд байна.

-Манай улсад тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Харин хууль эрхийн актуудын хэрэгжилт нь доголддог явдлыг үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагддаг. Иймээс: Аж ахуй нэгж, байгууллагуудын удирдлагууд хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа, тахир дутуу иргэдийг авч ажиллуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжээс улсын төсөвт төлөх төлбөрийг төвлөрүүлэн, хуримтлуулах явдал хангалтгүй байгаа, тахир дутуу иргэдийг авч ажиллуулсан байгууллага аж ахуйн нэгжийг дэмжих, урамшуулах механизм байхгүй байгаа, ийм иргэдийн боловсрол, мэргэжил эзэмших явдал хангалтгүй байгаагаас тэд ажлын байраар хангагдахгүй, мэдлэг, мэргэжлээрээ гологдох явдал байдаг зэрэгтэй холбоотой гэж үздэг. Тахир дутуу иргэдийг авч ажиллуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжээс цугларах төлбөр, хуримтлалыг бүрэн цуглуулбал, тэр хөрөнгөөр тахир дутуу иргэдэд зориулсан ажлын байр шинээр бий болгох, тэдний нийгмийн хамгаалалд зарцуулах зэргээр нэлээд ажлуудыг хийх бололцоотой. Иймээс хууль, эрхийн актуудын хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа ба хэрэгжүүлэх арга замуудыг хайж ажиллах болно.

-Тахир дутуу иргэдийн талаар багц хууль байх шаардлагатай юу?

-Тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалсан асуудлууд бусад төрөлжсөн хуулиудад тодорхой заалтаар баталгаажсан байдаг. Түүнчлэн "Тахир дутуу иргэдийн эрх, аж байдлыг хамгаалах, дэмжих зорилго бүхий Олон улсын олон талт, цогц конвенци"-ийг Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, бүсийн улс орнууд хамтран боловсруулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар ойрын үед батлуулахаар хамтран ажиллаж байна. Тахир дутуу иргэдийн эрхийн асуудлаарх Олон улсын энэ конвенци батлагдсан тохиолдолд тахир дутуу иргэдийн талаархи бүхэл бүтэн, багц хууль болох учир манай улсад тусгай багц хууль боловсруулах шаардлагагүй гэж үзэж байна. Жил бүрийн 12-р сарын 3-нд "Тахир дутуу хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан зохион байгуулж ажлаа улам эрчимжүүлж, их ажил амжуулж, бүтээхийг нийт ард иргэддээ болон тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагуудыг хамтарч ажиллахыг санал болгож байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.