АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав
Ардчилсан намын байр
2013.02.21

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж намын дүрэмнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэх, ҮЗХ болон нийслэл, дүүрэг аймгийн анхан, дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах, Ардчиллын өргөөний ажлын явцтай танилцах гэсэн гурван асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Энэ үеэр намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан намын дүрэмнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах тогтоол гаргасан юм. Ажлын хэсгийн даргаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нарыг томилсон юм.

Намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналыг намын дунд шатны дарга нараас АН-ын E-Office цахим шуудангаар авна

Харин ажлын хэсэгт Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болд, С.Төмөрхүү, Б.Ургамалцэцэг, Б.Мягмардаш нар гишүүдээр ажиллахаар болсон. Намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналыг намын дунд шатны дарга нараас АН-ын E-Office цахим шуудангаар хүлээн авч нэгтгэж байгааг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь онцоллоо.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын дүрмэнд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан энэ оны есдүгээр сарыг хүртэл АН-ын ҮЗХ болон нийслэл, дүүрэг, аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах тогтоолыг баталжээ. Түүнчлэн хурлаар Ардчиллын өргөөний ажлын явц байдлын талаар хэлэлцэж, дахин танилцуулах асуудлыг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт даалгалаа.