2013.02.27

Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилна

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ри Чөл Гванг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ри Чөл Гван Монголд Улсад элчин сайдаар суух хугацаандаа хоёр улсын харилцаа,  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирснээ дурдлаа. Өнгөрсөн онд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок манай улсад айлчилсан нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэрээр онцоллоо.

Манай улс БНАСАУ-тай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт илүү хамтран ажилладаг байна. Тус улсаас манай улсад өнөөдрийн байдлаар 2000 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бол энэ жилд дээрх тоог 5000-д хүргэх зорилготой байгаа талаар Элчин сайд Ри Чөл Гван хэллээ. Түүнчлэн “Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Ойн хүрээнд өндөр хэмжээний харилцан айлчлал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд айлчлуулах талаар ярилцаж байна” гэлээ. 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа ноён Ри Чөл Гван илэрхийлж байв. Улмаар Монголын Засгийн Газраас хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэхээр болсонд талархал илэрхийлээд тусламжаа даруй шийдэж өгөх хүсэлтийг тавьж байв. УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайдын албаа амжилттай дуусгаад эх орондоо буцах болсон Ри Чөл Гванд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар санаачилгатай ажиллаж ирсэнд нь талархал илэрхийллээ. Хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд ач холбогдол өгч, зохих түвшинд тэмдэглэх саналтай байгаагаа мөн дурдав. Түүнчлэн 2 орны хууль тогтоох байгууллага парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, найрамдлын бүлгийн харилцаа тогтмолжсоныг тэмдэглээд цаашид парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож байх нь зүйтэй юм гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн “2013 оны Төсвийн тухай хуульд гадаад улс оронд хүнсний тусламж үзүүлэх талаар тодорхой мөнгө төсөвлөсөн. Тиймээс хойд Солонгост үзүүлэх хүнсний тусламжийн асуудлаар Засгийн газартаа хандана” гэдгээ хэллээ.