Ц.Баярсайхан: Зээлийн давхардал арилна
2010.12.01

Ц.Баярсайхан: Зээлийн давхардал арилна

Арилжааны банкууд Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болохоор ажиллаж, харин УИХ хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхээр шамдаж байна. Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор иргэд, аж ахуйн нэгжийн хувьд зээлийн түүхтэй болж, банкууд тухайн зээлдэгч нь өөр зээлтэй эсэх, хэдий хэмжээний зээл олгох боломжтойг Зээлийн мэдээл­лийн сангаасаа мэдэх болол­цоотой. Зээлдэгч  өмнөх зээлээ банкиндаа цаг хугацаандаа төлж ирсэн бол дараа зээл хүсэхэд  тодор­хой хөнгөлөлт эдэлдэг байх гээд хэн хэндээ хэрэгтэй тогтолцоо бий болох аж. Одоо Монголбанкны Хяналт, шалгалтын албаны харьяанд Зээлийн мэдээллийн сан ажилладаг ч тэр нь хүртээмжтэй бус. Орон нутаг дахь банкны салбарууд тус газрын Зээлийн мэдээллийн санд хандах бололцоо байдаггүй. Тиймээс зээлдэгч нь 2-3 банкнаас зээл авах, барьцаа хөрөнгөө дахин дахин тавьсан байхыг ч мэдэхгүй зээл өгчихдөг. Энэ нь эргээд чанаргүй зээл бий болох нөхцлийг  бүрдүүлдэг байна. Тиймээс шинээр бий болох Зээлийн мэдээллийн сангийн хувьд энэхүү “цоорхойг” ч нөхөх ач холбогдолтой аж. Эл асуудлаар бид УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сая Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Хууль батлагдсанаар зээлдэгч болоод зээл олгосон банкуудын хувьд ямар эерэг үзүүлэлт бий болох юм бэ?

-Зах зээл хөгжсөн орнуудад хүн бүр зээлдэгчийн түүхтэй байх ёстой гэж үздэг. Манайд хараахан энэ тогтолцоо бүрдээгүй, бий болгохоор ажиллаж байна.
Нэгэн үе зээлтэй хүнийг их өртэй гэж ойлгодог байсан,  одоо үүнийг эрүүлээр авч үзэх ёстой. Зээлээ цаг хугацаандаа төлөөд байвал зээлийн мэдээлэл эерэг түүхтэй болно.  Эерэг түүхтэй болсноор банк өөрөө итгэлцлийн байгууллага учраас ямар нэг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгодог тогтолцоо руу шилжих юм. Энэ хууль батлагдсанаар зээлийн давхардал арилна, олон шат дамжлага байхгүй болно, муу зээл багасна. Мөн иргэн зээлээ зөв удирддаг болно.

-Зээлийн мэдээллийн санг хэн бий болгох юм,  хувь хүний нууцыг хэрхэн  хамгаалах вэ. Мөн өнөөдөр муу зээл буюу чанаргүй зээл хэдэн хувийг эзэлж байна?

-Зээлийн мэдээллийн санг гол нь зээлдүүлэгч буюу банкууд өөрсдөө бий болгоно. Банк бус санхүүгийн байгууллагууд өөрсдөө бий болгоно. Тэгэхдээ зээлдэгчидтэйгээ тодорхой гэрээ хийсний үндсэн дээр энэ мэдээлэл бий болох юм. Зээлийн мэдээллийн төвтэй харилцаж, мэдээлэл авах байгууллага нь зээлдүүлэгч буюу банк. Хоёрдугаарт зээлдэгч буюу хувь хүн. Гуравдугаарт, төрийн байгууллага буюу хууль хяналтын байгууллага байна.  Хууль хяналтын байгууллагынхны хувьд тодорхой нөхцөл байдлын улмаас мэдээлэл авах юм. Түүнээс хувь хүн энэ мэдээллийн санд шууд ороод нөгөө хүнийхээ мэдээллийг авах бололцоо байхгүй.

-Муу зээлийн тухайд?

-Нэгэн үе манайд хугацаа хэтэрсэн гэдэг юм уу, төлөгдөхгүй байгаа зээлийн хэмжээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр өссөн тал бий. Тэгэхдээ тодорхой төвшинд байна. Эдийн засаг сайжрахын хэрээр муу зээл багасна. Томоохон зээлдэгчдийн хувьд янз бүрийн зээлийг банкнаас давхардуулж авсан тохиолдлууд нэлээд бий. Энэ нь Зээлийн мэдээллийн сан байхгүй байсантай холбоотой юм. Зээлийн мэдээллийн сантай болсон тохиолдолд зээлдэгч нэг банкнаас томоохон хэмжээний зээл авчихаад давхардуулаад дахиад өөр нэг банкнаас зээл авдаг байдал арилна.

Мөн Зээлийн картын үйл ажил­лагааг сэргээх хэрэгтэй байгаа юм. Төсвийн байгууллагын албан хаагчид цалингийн карттай болсон. Авч байгаа цалингийнх нь  80 хувьтай тэнцэх хэмжээний зээл авах эрхтэй карттай байх ч юм уу. Тэтгэврийн тухайд ахмадууд тэтгэврийн зээл авна гэж ярьдаг, үүний оронд тэтгэврийн зээлийн карттай байя. Хадгаламжтай иргэд мөн 80 хувьтай тэнцэх зээлийн карттай байж болно. Тойрогт очиход иргэд, сонгогчид “Оюутны сургалтын төлбөр хийх болох, гэнэт өвдлөө гэхэд  мөнгө хэрэгтэй болж, хүнээс зээлэх гэхээр олддоггүй гэдэг. Зээлийн карттай байвал түүнээсээ төлбөрөө хийчихээд дараа нь бололцоотой үедээ буцаагаад төлж болно. Энэ механизм Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар бий болно.

-Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна гэж яриад байгаа. Түүнд барьцаагүй зээл олгох боломжийг хэр тусгасан бэ?

-Бид Зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл дээр ид ажиллаж байна. Зээлийн баталгааны сан сайн хөгжсөн Франц, Герман орнуудын туршлагыг судалж байна. Цаашдаа бол Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг батлуулсны дараа Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Банк бол ямар нэгэн зээлийн төслийг аваад барьцаа хөрөнгөд нь тааруулаад зээл өгдөг, барьцаа хөрөнгөгүй тохиолдолд “Боломжгүй” гэсэн хариуг өгдөг. Гэтэл энэ “Боломжгүй”  дотор жоохон барьцаа хөрөнгө байх юм бол зээл олгочих бололцоотой төслүүд байдаг. Тийм учраас энэхүү бололцоотой төсөл дээр ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг гаргахаар ажиллаж байна. Тус хуулийн төсөлд зээл олгох дээд хязгаарыг зааж өгнө.

-Жишээлбэл дээд хязгаар хэд байх юм?

-Жишээ нь 50 сая төгрөг гэж зааж өгч болно. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр улсаас өнгөрсөн хоёр жил тус бүр  30 тэрбум төгрөг гаргаад, үүнийгээ банкуудаар дамжуулж, банкууд нь төслийг хянаж үзээд, өөрийнхөө үйлчилгээний то­дор­хой хувийг нэмээд иргэд, аж ахуйн нэгжид зээл өгөөд явж байна. Тэгэхээр 30 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахгүйгээр баталгааг нь гаргачихаж болно. Энэ тохиолдолд тэрхүү 30 тэрбум төгрөгийн баталгааг үндэслээд банкууд зээл олгоно гэсэн үг л дээ.

-Зээл эргэн төлөгдөхгүй, муу зээл болоод хувирчихвал эрсдлийг нь хэн хариуцах юм?

-Зээл эргэн төлөгдөхгүй нөхцөлд тодорхой эрсдлийг банк хариуцна, мөн зээлийн баталгаа гаргадаг тодорхой байгууллага хариуцна, төр бас хариуцна. Ингэх юм бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том алхам болно. Энэ ондоо багтаагаад хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэсэн чиглэлээр ажиллаж байна.

-Төрөөс малчдын зээлийг хөнгөлөх талаар ярьж байгаа. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэх шатанд гишүүдийн дунд нэлээд яриа болж нэг хэсэг нь “Төрөөс малчны зээлийг тэглэх хэрэгтэй” гээд л зандраад байсан санагдана?

-Нийт малчдын 30 гаруй хувь нь зээл авсан байдаг. Арилжааны нэр бүхий гурван банкнаас. Нийт дүнгээрээ 57 тэрбум төгрөг шиг санагдаж байна. Ямар зорилгоор малчны зээлийг, хэдий хугацаатай авав гэдгийг судлахаад үзэхээр ихэвчлэн малчид өөрсдийн ахуй хэрэгцээндээ авсан зээл голлодог. Түүнээс мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлээр авсан зээл тун ховор. 

Энэ зээлийг шууд хүчингүй болгох юм уу, тэглэх хувилбар байхгүй, эдийн засгийн утгаараа. Бид арилжааны банкуудтай ярьж байна. Арилжааны банкууд маш уян хатан нөхцлүүдийг хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, зээлийн хугацааг уртасгаж, хүүг багасгаж, хүүгийн хүүг бодохгүй байна. Энэ мэтчлэнгээр олон арга хэмжээ авсны дүнд эргэн төлөлт бас харьцангуй сайжирсан юм билээ. Гэхдээ малаа зудад алдсан малчдын хувьд цаашид энэхүү малчны зээлийг хэрхэн барагдуулах вэ гэдэг чухал байгаа юм. Олонх малчдын яриагаар бол улстөрийн намууд амласан мөнгө хэрвээ бидэнд өгсөн бол түүгээр малчны зээлийг төлчих бүрэн бололцоотой гэдэг. Тийм учраас цаашдаа Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгох нэг сая төгрөгийг шийдэхдээ энэ зээлийн асуудлыг шийдэх механизм руу хувиргаж болох юм. Энэ асуудлыг Засгийн газар бодитойгоор судалж байгаа байх. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн. Бөөнөөр нь авахын тулд аж ахуй эрхлэх, хамтрах гээд нөхцөлүүд бий, энэ тохиолдолд Малчны зээлийг шийдвэрлэх ямар бололцоо байна вэ гэдгийг ч судлах ёстой.

Түүнээс хуучин нэг хэсэг нь зээл авдаг, түүнийг нь хүчингүй болгодог. Зээл аваагүй хэсгээ яах вэ гэдэг асуудал гардаг зарчмаар хандаж болохгүй. УИХ ийм байдлаар шийдэхгүй болов уу гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.