Ц.Баярсайхан: 50 саяас доош төгрөгийн хадгаламжид баталгаа гаргадаг болно
2011.06.23

Ц.Баярсайхан: 50 саяас доош төгрөгийн хадгаламжид баталгаа гаргадаг болно

Эдийн засгийн байнгын хороо уржигдрын хуралдаанаараа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Манай улсад Хадгаламж, зээлийн хоршоод дампуурч, олон иргэн хохирсон саяхны түүх бий. Тиймээс уг хуулийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийн гол агуулга нь юув. Яагаад энэ хуулийг санаачлах болов?

-Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэдгээс эхэлье. Хадгаламж зээлийн хоршоод дампуурч, олон хүн хохирсон тэр үед хоршооны гишүүдийн төлөө үйлчлэх байгууллага цөөн хүний эрх мэдэлд орсон байсан. Тэр цөөн тооны хүн иргэдэд өндөр хүү амласан. Түүнийхээ хэрээр  их хэмжээний хадгаламж төвлөрүүлж, түүнийгээ өөрсдийнхөө бизнест зарцуулсан. Олон зуун хүнийг хохироосон гэдгийг бүгд мэдэж байгаа. Хоршоонд мөрдөх үндсэн есөн зарчим байдаг. Үүнийг зөрчсөн.

Тиймээс Хоршооны  тухай хуулийг шинэчилье, хариуцлагын тогтолцоог нь сайжруулъя гэсэн санал гаргасны үндсэн дээр УИХ тогтоол баталж, энэ ажлыг төлөвлөгөөнд оруулсан юм. Үүний дагуу 2007 онд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг шинэчилж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэсэн ч шаардлага хангаагүй. Тийм учраас уг хуульд УИХ-ын гишүүд дахин боловсруулалт хийж, саяхан өргөн барилаа. Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо болон олон нийтийн байгууллагуудаас чамгүй олон санал авч төсөлд тусгасан.

-Хамгийн гол нь өмнөх алдааг давтахгүй байх талаар хэр анхаарсан бэ?

-Хоршооны талаар олон улсад мөрддөг зарчим бол ардчилсан удирдлагатай, хяналтын тогтолцоотой, хоршооны гишүүдийн эрх ашгийг эрэлхийлсэн, гишүүд нэг саналтай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байх явдал юм. Энэхүү зарчмыг нарийн мөрдөх асуудлыг л хуульд тусгасан. Дээр нь зөвхөн хоршооны гишүүд хадгаламж нээлгэнэ. Зөвхөн хоршооны гишүүд зээл авна. Хоршоог 20-оос доошгүй хүн нийлж байгуулах ёстой гэсэн заалтыг тусгасан. Ингэхдээ аль болох бие, биенээ таньдаг, нэг сумын, нэг ажил мэргэжилтэй ийм хүмүүс байгуулах ёстой гэж заасан байгаа.

-Яагаад?

-Бие, биеэ мэддэггүй хүмүүс хамтраад өөрсдийнхөө нийгмийн асуудлыг шийдье гэдэг. Гэтэл ашиг олно гэсэн өөр хэсэг бүлэг ороод ирэхээр зөрчилддөг гэх үндэслэл бий. Өмнө нь ч тийм явдал болсон. Тиймээс хуульд хоршооны хяналтын талаарх асуудлыг сайн тусгаж өгсөн. Бас Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг Хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулах заалт оруулж байгаа. Цаашид бид иргэдийнхээ хадгаламжийг даатгасан хуулийн тогтолцоотой болох ёстой. Мэдээж тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгнө. Тухайлбал, иргэдийн 50 саяас доош төгрөгийн хадгаламжид баталгаа гаргадаг тогтолцоог мөрдүүлнэ. Энэ тогтолцоондоо хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн хадгаламжийг даатгах нь зүйтэй гэсэн зарчмыг оруулж өгч байгаа юм.

-Яг ямар хяналт тавих талаар тодруулахгүй юү?

-Хуулийн төсөлд хориглосон заалтуудыг тусгаж өгсөн. Мөн хоршооны гишүүн ямар хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч тусгасан. Ерөнхийдөө хоршооны удирдлага, түүний үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог  сайжруулж байгаа юм. Жишээ нь, хадгаламж татахын тулд өндөр хүү амлаж, сурталчилгаа хийхийг хориглож байгаа. Дээр нь ямар нэг байдлаар хоршооны дансанд цугласан мөнгөөр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглахыг хориглох заалтыг ч хуулийн төсөлд оруулсан.  

-Тэгвэл хоршооны хөрөнгийг зөвхөн гишүүдэд, тэдний бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулна гэсэн үг үү?

-Тийм. Хоршоо зөвхөн гишүүнийхээ мөнгийг хадгална, гишүүддээ зээл олгоно гэж ойлгож болно.

-Ер нь 2006 онд хадгаламж, зээлийн хоршоо олноороо дампуурсны гол шалтгаан юу байсан гэж та үзэж байна вэ. Хуулийн цоорхой юу. Эсвэл хяналт тавих ёстой байгууллага нь үүргээ биелүүлээгүйгээс үү?

-Санхүүгийн зохицуулах хороог 2005 онд байгуулсан. Тэрнээс өмнө 2002 онд Хоршооны тухай хуульд Хадгаламж, зээлийн хоршооны тухай бүлгийг нэмээд, хоршоодод өргөжих бололцоог нээж өгсөн. Тиймээс тодорхой хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавиагүй гэж үзэж болохгүй. Хуульд заасан хяналтын тогтолцоо, хуулиас болоод тийм байдал үүссэн гэж ч хэлж болохгүй. Яагаад гэвэл хуулиар хүмүүст бололцоо олгосон.

Хоорондын харилцааг нь зохицуулсан. Хэм хэмжээг нь зааж өгсөн.  Хамгийн гол нь тэр хоршоог удирдаж байсан, хоршоог бизнесийн боломж гэж харсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Тэд хоршооны тухай хуучин хуулийг ашиглаад олон нийт, иргэдэд хохирол учруулсан. Одоо “Тийм этгээдүүдийн үүнийг ашиглах замыг нь хаах ёстой. Хяналтыг чангаруулах ёстой юм байна”  гэж үзсэний үндсэн дээр өөрчлөлт оруулж байгаа юм. Ер нь цаашид мөрдөх эрх зүйн харилцааг боловсронгуй болгох зорилготой.

-Дахиад тэр үеийнх шиг зүйл болохгүй гэх баталгаа нь хэр байгаа бол?

-Өнөөдрийг хүртэл мөрдөж байсан хуулиас шалтгаалсан, хяналтын тогтолцоо суларснаас болсон зүйлийг мэдээж шийднэ. Гэхдээ Хадгаламж, зээлийн хоршоог хүн удирдана, хянана. Хувь хүмүүсийн зүгээс янз бүрийн алдаа гаргахыг хуулиар хааж чадахгүй шүү дээ. Хуулийн төсөлд Санхүүгийн зохицуулах хороо, хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн зүгээс тавих хяналтыг өндөржүүлэх асуудлыг тусгасан. Хууль талаасаа чангаруулах, харьцааг нь зөв болгох зүйлээ бид хийлээ. Хамгийн гол хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй хадгаламж эзэмшигчид хуулийн дагуу тавих ёстой. Хоршоо гэдэг бол хамтын удирдлагын байгууллага. Үүнийгээ мартаад хэдэн хүнд хамаг хөрөнгөө даатгаад, өндөр хүү амлахаар нь мөнгөө аваачиж хийгээд байвал дахиад тийм зүйл гарахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.