Хэдэн ажил зэрэг хийгээд ч хамаагүй орлоготой байх хэрэгтэй
БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн
2013.05.13

Хэдэн ажил зэрэг хийгээд ч хамаагүй орлоготой байх хэрэгтэй

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.

- Залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж байгаа бодлого зорилт, шийдвэрлэх ямар арга зам байна бэ?

Орон сууц авахыг хүсч байгаа, шаардлагатай байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь судлах шаардлагагүй тодорхой зүйл.

Эдгээр залуучуудаа, орон сууцанд орох хүсэлтэй иргэдээ дэмжихийн тулд Монгол банкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамтарсан гэрээнд гарын үсэг зурж 800 тэрбум төгрөгийг орон сууцны моргажын зээлийн эх үүсвэрт гаргахаар болсон. Моргажын зээлийн хүү 7-8 хувь байхаар журам хэлэлцэгдэж байна.

Энэхүү хөнгөлттэй зээлийг залуус их яаруулж, хүлээж байна. Гэхдээ эрэлтээ дэмжиж зохицуулалт хийж байгаа ч нийлүүлэлтээ шийдэхгүй бол орон сууцны үнэ богино хугацанд өсөх магадлал бий. Орон сууцны үнийг гэнэтийн өсөлтөөс хамгаалахын тулд барилга хот байгуулалтын яам монгол банктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Энэ жил 1300 айлын түрээсийн орон сууц барих засгийн газрын шийдвэртэй.

Хамгийн түрүүнд барилгын гол түүхий эд болох цемент, арматурын үнийг тогтвортой байлгах чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгож, барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд  барилгын материал үйлдвэрлэгчидэд хөнгөлттэй зээл олгох ажил шийдэгдэх шатанд орсон.

Мөн  гэр хорооллын дахин төлөвлөлт болон шинээр бүтэн байгуулалт хийх санхүү хөрөнгө шийдэгдсэн. Энэ жил 200 орчим тэрбум төгрөг дэд бүтэцийн ажилд зориулагдахаар тусгагдсан.

Орон сууны үнэнд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол зөвшөрөл олгох асуудал их удаашралтай байдаг.  Барилга барих зөвшөөрөл хүлээлт үүсгэдэг асуудлыг шийдэн энэ асуудлыг түргэн хугацаанд шийддэг хэлбэрлүү оруулж тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон журамыг өөрчилсөн. Ингээд нийлүүлэлт ихсэвэл  моргажын зээл эхлэх юм.

- Залуучуудын зүгээс ямар шаардлага хангах бэ?

Хамгийн гол нь орлоготой байх юм. Хэдэн ажил зэрэг хийгээд ч хамаагүй орлоготой байх хэрэгтэй. Ингэж чадвал урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдаж чадна.

Өмнөх зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хувьд  эх үүсвэр нь тодорхой бус байсан. Харин одоогийн хэрэгжүүлж байгаа төслийн хувьд 800 тэрбум төгрөг Монгол банканд аль хэдийн байршсан. Энэ зээлийг аль ч арилжааны банкнаас авах боломжтой. Мөн заавал төрийн банкаар дамжина гэсэн зүйл байхгүй.

Мөн моргажын зээлд хамрагдах боломжгүй, орлогогүй иргэдийн хувьд түрээсийн орон сууц барих шийдвэр гарсан. Энэ жил 1300 айлын түрээсийн орон сууц барих засгийн газрын шийдвэртэй. Тодорхой хугацаанд түрээсийн орон сууцанд амьдарч байгаад боломжтой болохоороо моргажын зээлд хамрагдах дамжлага бий.

- Орон сууцны үнийг буулгана гэж оны өмнө ярьж байсан. Гэтэл он гарсаар зургаан сар болж байхад орон сууцны үнэ буурах бус харин ч өсөх хандлагатай байна. Нийлүүлэлтийг дэмжээд байгаа олон сууц хэзээ ашиглалтанд орох бэ?

Одоо хүртэл баригдсан орон сууц ямар үнэтэй байгаа нь тодорхойгүй. Төлөвлөж байгаагаар намар, ирэх жил ашиглалтанд орох орон сууцны үнэ боломжийн байх болов уу гэж бодож байна. Олон хөнгөлөлттэй зээлийг санал болгож байгаа. Мөн цемент арматурын үнэ нилээн тогтоворжсон.