Д.Дамба: Дэлхий нийтэд стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй юм
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.01.16

Д.Дамба: Дэлхий нийтэд стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй юм

Уул уурхайнхан энэ эрхмийг андахгүй. Байнга л завгүй харайлгаж явдаг түүнийг олж уулзана гэдэг амаргүй юм билээ. Харин “барьж” аваад уулзахын цагт салбарынхаа талаар хэдэн цагаар хуучлах түүний үг яриа тун энгийн. “Залуудаа барилдаж явсан ч гэлээ бүхий л насаараа уул уурхайтай ноцолдсон доо” гэж тэрүүхэндээ мушийх Д.Дамба гуайг “Шимт яриа” булангийнхаа хойморт урьж ярилцлаа.

-Уул уурхайн салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр та бид ярилцаж байна. Ярилцлагаа уул уурхайн ассоциацийн үйл ажиллагааны талаар эхэлье?

-Уул уурхайн үндэсний ассоциаци байгуулагдаад 17 жил болж байна. Социализмын үед байгаагүй бүтэц л дээ. Ардчилал тогтсоноос хойш бий болсон. Гарцаагүй ийм байгууллага байх ёстой болов уу гэсэн үүднээс. Энэ ассоциацийг мундаг чадварлаг уурхайчид удирдаж байсан. Би зургаа дахь ерөнхийлөгч нь. Очирбат гуай үүсгэн байгуулагдахад нь онцгой үүрэг гүйцэтгэсэн учраас хүндэт ерөнхийлөгч гэж явдаг. Анхны ерөнхийлөгч нь уул уурхайн сургуульд олон жил багшилсан, доктор Дүүжий гэж хүн бий.

Одоо хувийн хэвшилд ажиллаж байгаа. Анх 14 гишүүнтэй байсан бол одоо 170-аад аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн том айл болсон. Уул уурхайн ассоциацийн үйл ажиллагаанд маш их хувь нэмэр оруулсан хүн бол Шагдарын Отгонбилэг агсан. Тэр үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг уул уурхайн ассоциацийн гишүүн болгох асуудлыг нэлээд анхаарч ажилласан хүн нь Ашигт малтмалын газрын дарга асан Жаргалсайхан.

Энэ эрхэм ассоциацийг таван жил удирдахдаа хууль, эрх зүйн талаас нь нэлээд ажил хийсэн. Дараагийнх нь УИХ-ын гишүүн асан Бадамсүрэн. Удаахь нь До.Ганболд. Тэрбээр 2006-2010 онуудад ажилласан. Уул уурхайн салбар ч энэ үеэс эрчимтэй хөгжиж, ассоциацийн ерөнхийлөгч орон тооны болсон байдаг. Өмнөх ерөнхийлөгчид дандаа орон тооны бус, үндсэн ажлынхаа хажуугаар ажиллаж байсан юм. Миний хувьд хоёр дахь орон тооны ерөнхийлөгч нь. Ажиллаад хоёр жил болж байна. 2014 онд бүрэн эрхийн хугацаа дуусах учиртай.

Монгол Улсад уул уурхай гэх салбар бий болж эхэлсэн цаг хугацааг нарийн тооцвол 100 гаруй жилийн өмнөөс эхтэй. 1922 онд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар тооцож ирсэн. Ашигт малтмалын тухай хууль дүрэмтэй болсон гэвэл 100 жилийн түүхтэй. 1913 онд Богд хаант Монгол Улсын уул уурхайн дүрэм гэж батлагдсан байдаг. Тэр нь манай одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль гэсэн үг л дээ. Энэ хуульд ашигт малтмал хайх, олборлох тухай тусгагдсан байдаг. Мөн гурав дөрвөн үе шаттай тусгай зөвшөөрөл хүртэл байсан юм билээ.

-Тэгэхээр тэр үед олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байсан болж таарах нь ээ дээ?

-Ер нь Монголд 1900 оноос геологи хайгуулын ажил явагдаад 1905,1906 оноос олборлож эхэлсэн гэж үздэг. Тэгээд 1910 оноос үйл ажиллагаа нь идэвхжсэн юм билээ. Тэр бүү хэл, “Монголор” гэж Орос-Хятад- Америкийн хамтарсан алтны компани байсан гээч. Богд хааны үеийн уул уурхайн дүрмээр хувийн хэвшлийнхэн л явж байсан. Тэр үед төрийн өмчтэй компани байгаагүй. Налайхын уурхай ч анх Хятадын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулж байж. Налайхын уурхайг улсын мэдэлд 1922 онд авснаар Ардын засгийн үеийн уул уурхайн дүрмийг баталж гаргажээ. Энэ дүрмийг мөрдөж явсаар 1984 онд Газрын хэвлийн тухай, 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг тус тус баталсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн учраас энэ хууль зайлшгүй шаардлагатай болсон хэрэг.

Энэ хуулийг 1997 онд шинэчилсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн либераль хууль гэж ярьдаг. Үүний үр дүнд Монголын уул уурхайн салбар нэлээд өргөн хүрээтэй болж, гадаадын хөрөнгө оруулалттай олон компани байгуулагдсан байдаг юм. Хамгийн сүүлд 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цаг үетэйгээ холбогдуулж хийсэн өөрчлөлт. Энэ нэмэлтээр цөөн тооны хэдэн заалт орсон. Жишээлбэл, стратегийн орд гэх шинэ нэр томьёо гарч ирсэн нь өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа. Яахав 2009 онд ганц нэг өөрчлөлт орсон байдаг ч өөр хууль гарсантай холбогдуулаад дахин өөрчилсөн. Бас зорьж өөрчлөх нь бий. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл хэлэлцэгдэх шатандаа явж буй. Ирэх оноос батлагдах байх.

Манай ассоциацийн хувьд 160-170 гишүүн байгууллагатай. Энэ нь дотроо ангилалтай. Хайгуул олборлолтын компаниуд 40 орчим, туслан гүйцэтгэгчид нь 40 орчим, уул уурхайн мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагууд 20 орчим хувийг нь эзэлж байна.

Манай ассоциацийн хувьд 160-170 гишүүн байгууллагатай. Энэ нь дотроо ангилалтай. Хайгуул олборлолтын компаниуд 40 орчим, туслан гүйцэтгэгчид нь 40 орчим, уул уурхайн мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагууд 20 орчим хувийг нь эзэлж байна. Жилд нэг удаа тайлангийн хурлаа хийдэг, удирдах зөвлөлтэй төлөөлөн удирдах зөвлөл 15 гишүүнтэй. ТУЗ-ийн 60 хүртэлх хувийг хоёр жилд нэг удаа шинэчилдэг. Ирэх оны тайлангийн хурлаар шинэчлэгдэнэ. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр томилдог. Дотроо нарийн дүрэм журамтай. Цэвэр ардчилалтай байгууллага. Хяналтын зөвлөлтэй гээд бод доо.

-Ассоциаци үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ салбарын хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

-Уул уурхайн хөгжлийн 90 жилийн дэргэд манай ассоциацийн үүх түүх бага л даа. Гэхдээ бид их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог юм. Тухайлбал, Монголын уул уурхайн салбарт хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудалд түлхүү анхаарч, тэдний эрх ашгийг хамгаалж, төр, засагтай холбож өгч байгаад ассоциацийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Нөгөө талаас манай ассоциаци Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл ажиллагааг анх санаачилсан. Энэ ажил олон түмний дэмжлэгийг авч нэлээд амжилттай явж байна. Бид “Хариуцлагатай уул уурхайн төлөөх санаачлага” гэж төрийн бус байгууллага байгуулсан.

Энэ байгууллага гурван талын оролцоотой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гэсэн. Энэ гурван тал тэнцүү эрхтэй. Өөр нэг зүйл нь Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн явдал. Тухайлбал, жил бүр зохион байгуулдаг “Discover Mongolia” буюу хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт. Энэ чуулга уулзалтыг өнгөрсөн намар арав дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалт Монгол Улсыг гадаад оронд сурталчилахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад энэ хурлын хувь нэмэр их. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголыг олон орон таниж мэдсэн. Сүүлийн хуралд 1500 гаруй төлөөлөгч оролцсоны тал нь гадны төлөөлөгчид байсан.

“Mine Tech” гэх уул уурхайн тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгчдийн үзэсгэлэн яармаг. Үүнийг бид өнгөрсөн хавар тав дахь удаагаа зохион байгууллаа.

Бас нэг зүйл нь бид уул уурхайн салбарт техник технологийг сайжруулж шинэчлэх чиглэлд анхаарч ажилласан. Энэ чиглэлээр зохион байгуулдаг гол арга хэмжээ гэвэл “Mine Tech” гэх уул уурхайн тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгчдийн үзэсгэлэн яармаг. Үүнийг бид өнгөрсөн хавар тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ арга хэмжээний ачаар үндэсний шинэ компаниуд ямар техник тоног төхөөрөмжтэй байх, ямар байгууллагууд үүнийг хангадаг гэх зэргийг таниулж хооронд нь холбож өгч буй. Өнгөрсөн жил энэ үзэсгэлэн яармагт 25 орны техник тоног төхөөрөмж тавигдсан байх жишээтэй. Өнгөрсөн жилээс бид уул уурхайн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарал тавьж, шинэ арга хэмжээг зохион байгуулсан.

Уул уурхайн аюулгүй ажиллагаа гэдэг нэн тэргүүнд байх ёстой юм гэж үзээд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг бид Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яамтай хамтарч зохион байгуулдаг. Энэ жил Барилга болон Зам тээврийн яамыг оролцуулахаар төлөвлөж байна. Яагаад гэхээр энэ салбарын үйл биднийхтэй ойролцоо. Салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд нэлээд ажил хийлээ.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ассоциацийн зүгээс ямар үүрэг гүйцэтгэв?

-Өнгөрсөн хавар манай ассоциаци гишүүн байгууллагуудаасаа санал авч нэгтгээд хуулийн хэлбэрт оруулж, Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн барьсан. Бидний өргөн мэдүүлсэн саналаас хуулийн төсөлд тусгагдсан гэдэгт итгэлтэй байгаа. Хууль батлагдахаас өмнө томоохон хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж, энэ асуудлаар салбарын яам болон Ерөнхийлөгчид хандсан. Хэзээ зохион байгуулахаа одоогоор шийдээгүй байна.

-Төр, хувийн хэвшлийг холбох гүүр нь ассоциаци гэж ойлгож байгаа. Энэ холбоо хэр сайн байгаа вэ?

-Ер нь энэ салбарыг хувийн хэвшлийнхэн л авч яваа. Үүнтэй хэн ч маргахгүй. Яахав сүүлийн үед төрийн мэдлийг нэмэх, төрийн эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх, зарим ордуудын тодорхой хувийг төр авна гэсэн асуудал гарч ирж байна. Энэ бол тийм ч оновчтой зөв санал биш. Төр тийм ч сайн менежер биш. Ер нь төр нэрийн дор тэнд ажиллаж буй цөөн хэдэн хүн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс аливаа асуудалд хандах явдлын эх үүсвэр байдаг учраас манай ассоциаци үүнийг төдийлөн ач холбогдолтой зүйл гэж үзэхгүй байгаа.

Тэр дундаа стратегийн орд гэдэг нэр томьёо байна. Дэлхий нийтэд тийм нэр томьёо байдаггүй. Стратегийн эрдэс баялаг, ашигт малтмал гэж байж болох юм. Тэгэхээр энэ стратегийн орд гэдэг нэр томьёо нь буруу учраас түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа алхмууд нь буруу болоод байгаа юм. Одоо шинээр гарах Ашигт малтмалын тухай хуульд энэ мэт зүйлсийг засч залруулах талаар саналаа хүргүүлсэн.

Ер нь хувийн хэвшил улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Хувийн хэвшлийг дэмжих, хувийн хэвшлийн хэдэн үйлдвэрийг хөл дээр нь босгох, цаашилбал уул уурхайн баялгаас олж буй ашгаасаа мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Ингэснээр цаашид боловсруулах үйлдвэрийн чиглэл рүү явах эх үүсвэрийг тавих ёстой. Тэгэхээр үүнийг хууль, эрх зүй тодруулбал татварын бодлогоор зохицуулах ёстой. Түүнээс биш захиргааны арга хэлбэрээр шийдэж болохгүй. Механикаар шийдэх зүйл биш.

-Тулгамдаж буй ямар асуудал байна?

-Яг өнөөдрийн хувьд хууль, эрх зүйн орчин. Шинээр батлагдах гэж буй Ашигт малтмалын тухай хууль яаж батлагдах вэ гэдгээс Монголын уул уурхайн салбарын хөгжил шууд хамаарна. Гагцхүү зөв гольдрилоор явуулах хууль эрх зүйн орчин бүрдвэл цаашид маш хурдацтай хөгжих суурь тавигдсан. Тэгэхээр энэ, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн актуудаа тогтвортой мөрдөх явдал юм. Хоёр гурван жил болоод л өөрчлөөд байх нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хохиролтой байдаг.

Нөгөө нэг зүйл нь татварын бодлого. Салбарын эдийн засгийн гол хөшүүрэг нь татварын бодлого байдаг. Өнөөдөр Оюу Толгойн төрийн эзэмшлийн хувийг 34 гээд тогтчихсон зүйлийг өөрчилж одоо 51 болгоно гэж байна. Энэ бол ерөөсөө бодлого биш, бүлэг хүмүүсийн явуулга. Оюу Толгойгоос ард түмэнд яаж ашиг хүртээх вэ гэхээр татварын бодлогоор. Татвараа сайн авдаг, татвараа тодорхой болгодог, татварынхаа бодлогоор зарим үйл ажиллагааг дэмждэг байж л явахаас биш төрийн эзэмшлийн хувь их, бага байх нь тийм ч чухал зүйл биш. Монголын Засгийн газар 51 хувиа эзэмшлээ гэж бодьё. Гэтэл хэдэн жилийн дараа зэсийн үнэ уначихвал яах вэ. Хамгийн их эрсдлийг бид л үүрнэ. Уул уурхай гэдэг эрсдэл ихтэй салбар шүү дээ.

Тэр эрсдлийг төр үүрэх хэрэггүй. Түүний оронд хяналтаа сайжруулаад татвараа сайн аваад сууж байх хэрэгтэй. Одоо бас Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэл дор ашиглах гээд л байна. Энэ нь тийм ч зөв зүйтэй алхам биш. Тодорхой хэмжээний хувийн хэвшлийг оруулаад харьцуулаад үзэх хэрэгтэй. Монголыг олон жил нуруун дээрээ үүрч авч яваа Эрдэнэт үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр. Үүнийг багасгах боломж бий юу гэвэл бий. Гэтэл яагаад багасахгүй байна вэ гэвэл төрийн мэдэлд байгаатай холбоотой. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтны шахааны бизнес тэнд явж байдаг.

Өмнөговь аймгийн жирийн иргэдэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ Оюу Толгой, Таван толгойд нийлүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн жил болсон “Mine Tech” үзэсгэлэнд Өмнөговь аймгаас бүхэл бүтэн баг ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан.

Тэнд жирийн иргэн өөрийн хийсэн бараа бүтээгдэхүүн юм уу оруулж ирсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бололцоо боломж байхгүй. Үндсэндээ тэнд зах зээлийн үндсэн зарчим болох сонгон шалгаруулалт явагддаггүй л байхгүй юу. Тэгэхэд Оюу Толгой өнөөдөр 1000 гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй. Түүний 70, 80 гаруй хувь нь Монголын компани, аж ахуйн нэгжүүд. Тэгэхээр бид цаашид тэр аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах ёстой. Бид энэ асуудлаар өнгөрсөн жил Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг төр, засгийн тодорхой байгууллагын хүмүүс, уул уурхайн томоохон компаниудын ханган нийлүүлэгчидтэй хамтран зохион байгуулж, тэдэнтэй санал солилцон харилцан санамж бичиг үйлдсэн.

Үүний үр дүнд Өмнөговь аймгийн жирийн иргэдэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ Оюу Толгой, Таван толгойд нийлүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн жил болсон “Mine Tech” үзэсгэлэнд Өмнөговь аймгаас бүхэл бүтэн баг ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан. Дан ганц машин техник, тоног төхөөрөмж биш сүү цагаан идээ, гар урлал, бээлий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл тавигдсан. Тэгэхээр томоохон компаниудын ханган нийлүүлэлтийг энэ мэтчилэн явуулбал уул уурхайн үр өгөөж эндээс л гарч буй юм. Ийм бодлого баримтлах нь монголчуудад ашигтай шүү дээ. Түүнээс биш төр эзэмшлийн хувиа нэмснээр ард түмэнд тийм амар ашиг наалдахгүй. Төрийн өмчтэй байгаагүй биш байж үзсэн. Энэ 90 жилийн 70 гаруйд нь төрийн өмчтэй явж ирсэн. Гэтэл хөгжсөн юм алга л байна. Ингээд эцэст нь хувьчилсан.

-Ерөнхийдөө уул уурхайгаас илүү түүнийг дагасан салбарыг хөгжүүлэх нь илүү оновчтой, үр дүнтэй юм гэж ойлголоо. Гэхдээ манай ханган нийлүүлэгчдийн хувьд мэдээлэл дутмаг байдгаас бараа бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй гэж ярьдаг. Ассоциацийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Уул уурхайн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийг боловсронгуй болгох жижиг, дунд үйлдвэрлэгчдийг түүнд оролцуулах чиглэлийн Европын банкны төслийг хамтарч хэрэгжүүлж байна. Ирэх онд болох “Mine Tech”-д жижиг дунд үйлдвэрлэгчдийг түлхүү оролцуулах, мөн томоохон компаниудын ханган нийлүүлэлтийн дүрэм журам сонгон шалгаруулалтын асуудлаар илтгэл тавиулах, зөвхөн техник, тоног төхөөрөмжөө танилцуулаад зогсохгүй харилцан ярилцлага зохион байгуулах санал солилцдог байх талд дээр ажил зохион байгуулна.

-Сонгуулийн шоуны бодит жишээ гэвэл ОюуТолгойг нэрлэж болох байх. Мөнгийг нь ард иргэдэд урьдчилж тарааснаас үйлдвэрээ нээж чадахгүй цаг алдсан?

-Тийм ээ, мэдээж үйл ажиллагаа нь жигдрээгүй байхад гадны компаниас зээл авчихаар бүтээгдэхүүнийхээ гаралтыг сайжруулж чадахгүй, үйл ажиллагаа нь ч хүндрэлтэй болчихож байгаа юм. Хувийн хэвшил тэр бүр ийм зүйлд орооцолдохгүй. Төрийн өмчийн аюул л энэ. Захирлыг нь мундагдаад л зээл авахуулаад тараачихна. Хувийн компанийг тэгж чадахгүй шүү дээ.

“МАК”, “Энержи Ресурс” компани өнөөдөр нэг ч төгрөгийн зээлгүй, үйл ажиллагаа нь жигдэрсэн Төрийн оролцоо их байх нь оновчтой биш гэж үзээд байгаагийн учир нь энэ.

Бас нэг зүйлийг хэлэхэд урт нэртэй хууль байна. Энэ хуулийг төр шууд захиргаадалтын өнгө хэлбэрээр баталчихсан. Ер нь ойн сав, усны сан бүхий газар ашигт малтмал олборлохыг хориглох нь зөв, зарчмын хувьд. Гагцхүү түүнийг хэрэгжүүлж буй арга механизм нь буруу байна. Хоёрхон заалттай л хууль шүү дээ. Ийм хууль байж болохгүй. Үүнийг эдийн засгийн аргаар шийдэх ёстой байсан. Нэгэнт төр өөрөө зөвшөөрөөд ой сав, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх олборлох эрхийг өмнө нь өгчихөөд дараа нь гэнэт хууль гаргаж цуцлах нь буруу. Энэ нь үндсэндээ тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжийг дампууруулж буй л үйл ажиллагаа.

Тиймээс түүний оронд лиценз нэмж олгохоо болиод, харин үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн компаниуд цаашид ямар нөхцлөөр ажиллах, нөхөн сэргээлтээ яаж хийх гэдгийг нь нарийн заагаад, татварыг нь өндөр авах ёстой байхгүй юу. Энэ мэтчилэн эдийн засгийн арга, татварын бодлогоор шийдсэн бол аль аль талдаа үр дүнтэй. Ингэхгүй шууд захиргаадалтын аргаар шийдэж байгаа нь хувийн хэвшлийг ойлгодоггүй, нөгөө л нэг социализмын үеийн бодлого. Энэ нь тухайн хүний өмчийг л дээрэмдэж байна гэсэн үг шүү дээ. Хувийн хэвшлийнхэн тэр уурхайг байгуулах гэж зээл авч яаж зовж зүдэрч явсныг хууль гаргаж буй төрийн түшээд мэдрэхгүй байгаа нь хамгийн харамсалтай.

Ийм маягаар уул уурхайн салбарт хандаж, бодлого явуулах юм бол хэн ч хамтарч ажиллахгүй. Энэ хуулийн хүрээнд 248 алтны тусгай зөвшөөрлийг цуцалж, олон компаний үйл ажиллагааг зогсоолоо. Бидний тооцоолсоноор үүнийг цаана арав гаруй мянган хүн ажилгүй болж байгаа хэрэг. Багаар бодоход 120 компаний үйл ажиллагаа зогссон. Үүний дотор гадаадын хөрөнгө оруулалттай компани хэдхэн л бий шүү дээ.

-Хувь хүний тань талаас сонирхоё гэж бодлоо. Энэ салбарт та хэдэн жил ажиллаж байна. Ер нь таны үндсэн мэргэжил юу вэ?

-Миний үндсэн мэргэжил уулын ашиглалтын инженер. Уул уурхайн мэргэжлийн хүн. Энэ салбарт ажиллаад 30 гаруй жил боллоо. Политехникийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Монголын Уул уурхайн инженерийн ангийн тав дахь төгсөлт л дөө. Нүүрс, алт, жоншны гээд олон уурхайд ажиллаж байсан. Ер нь энэ талын ажлыг их хийсэн. Төрийн ажлын хувьд 1991-1993 он хүртэл Улаанбаатар хотын захиргаанд уул уурхай хариуцсан байцаагч, 2001-2002 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажилласан. Бусад үед нь үйлдвэрт ажиллаж тоос шороо, тостой хутгалдсаар л өдийг хүрлээ дээ. Энэ хугацаанд гурван уурхай шинээр байгуулалцсан.

-Тодруулбал?

-Дундговь аймгийн Тэвшийн говийн нүүрсний уурхайн шавыг анх тавьж, уурхайг нь нээсэн. Хоёрдахь нь Бороогийн Их ташир гэж төрийн өмчтэй алтны уурхай байсан. Тэнд зургаан жил уурхайн инженер, даргаар ажилласан. Өндөр хүчдэлийн шугам татсан, Бороогийн голоос ус татах хоолой тавьж өгсөн гэх мэт энд олон ажил хийсэн. Хэнтий аймгийн Батширээтэд алтны шороон ордын уурхай нээж өгсөн. Одоо энэ уурхай өнгөрсөн жил нөөцөө дуусгаад үндсэндээ урт нэртэй хуулиар үйл ажиллагаагаа зогсоосон. Монголд ийм гурван ордыг нээж өгсөн дөө.

-Нутаг ус хаана вэ?

-Завхан аймгийн Баянхайрхан суманд төрж өссөн. Тэнд гуравдугаар анги хүртлээ сураад Улаанбаатарт шилжиж ирсэн.

-Таныг барилддаг байсан гэж ярих юм билээ?

-Намайг Олимпын хорооны Дамдинтай андуурах нь бий. Бид хоёр Уул уурхайн сургуулийг хамт төгссөн. Миний дээд ангид сурч байсан юм. Адилхан уул уурхайн инженерүүд. Гэхдээ хамт бэлтгэлд явж оюутан байхдаа барилдаж л байлаа. Ер нь амьдралынхаа туршид уул уурхайтай ноцолдож энэ салбарт л зүтгэж ирлээ дээ. Дунд нь Ардын эрх сонинд нэг жил сэтгүүлч хийсэн. Тэр үед Жасрай гуай Ерөнхий сайд байсан.

-Яагаад сэтгүүлчийн ажлыг хийх болсон юм бэ. Та өөрөө хүссэн хэрэг үү?

-Ардчилал гарч, зах зээлийн давалгаанд хүмүүс янз бүрийн юм хийсэн шүү дээ. Ихэнх нь наймаа хийж байсан. Миний хувьд Эрээн орж нэг ч гахай үүрч байсангүй. Надад тэр талын авьяас байдаггүй юм. Тэр зах зээлийн хүнд цаг үеийг сэтгүүлч, байцаагч хийж яваад л өнгөрөөсөн дөө.

-Танд ажлын амжилт хүсье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.