2013.05.02

Р.Бурмаа: Иргэдийн саналаар сонгогдсон гишүүд намынхаа удирдах байгууллагад байх ёстой

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг “Ярилцах тан­хим”-даа урилаа.

-Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж ажилласан. Гэтэл парламентад суудалтай зарим намын төлөөлөл Ерөн­хий­лөгчийн сон­гуульд намуудын төлөөлөл ижил гарааны нөхцөлтэй эх­лэх боломжгүй хэмээн шүүмжилж байгаа?

-УИХ-аар нэр дэв­шигчийн сурталчил­гаа­ны цаг хугацааг нэлээд ярилцсаны эцэст баталсан. УИХ-ын сон­гуу­лийн жишгээр явуу­лахаар шийдвэрлэсэн шүү дээ. Тэгэхээр одоогийн Ерөн­хийлөгчид давуу бай­дал үүсгэсэн гэдэг нь хэтэр­хий өрөөсгөл ойлголт.

Адил тэгш байх үүднээс сонгуулийн сурталчилгааны хугацааг нэг өдөр эхэлж байгаа

Яагаад гэвэл өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн байлаа гэхэд мөн л олон түмэнд танигдаад, ажиллаад явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль бүх нэр дэвшигчид ижил нөхцөлтэй байлгах асуудлыг хуульд тусгасан юм. Тухайлбал өрсөлдөгч нар нь мөн төрийн хамгаалалтад орно.

Адил тэгш байх үүднээс сурталчилгааны хугацааг нэг өдөр эхэлж байгаа. Өмнө нь эхэнд бүртгүүлсэн нь түрүүлж сурталчилгаагаа эхэлдэг байдлыг болиулсан. Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийн хэвлэл мэдээллийн цаг, үнэ тариф адил байх юм. Тэгэхээр сурталчилгааны тэгш байдалд хяналт тавих эзэн нь тодорхой болчихсон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх, далд сурталчилгаа явуулахыг хориглосон. Хаанаас ирүүлсэн материал гэдгийг тавихгүй бол тухайн хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээнэ.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр олон гишүүнийг эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулсан. Хуульд чухам яг ямар өөрчлөлт оруулж байна вэ. Уг хуулийн төслийг цөөн заалтаар өөрчлөх биш цогцоор нь өөрчлөх хуулийн төсөл бий. Яагаад үүнтэй хамт оруулаагүй юм бэ?

-Сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж мөрийн хөтөлбөрөө танилцуулан оролцдог. Энэ утгаараа тухайн сонгуульд оролцоно гэсэн улс төрийн намын мөрийн хөтөлбөр улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжиж төрийн үйл ажиллагааны шийдвэр болдог. Төрийн эрх барих дээд байгууллага, нийслэлийн болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон намын гишүүд намынхаа төв, орон нутгийн удирдах байгууллагад зайлшгүй гишүүн байх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж тухайн намын бодлого шийдвэрийг гаргахад оролцож, сонгогчдын дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх уялдаатай болно гэсэн үг.

УИХ-ын гишүүн өөрийн намынхаа бага хурал, их хурал түүнтэй адилтгах байгууллагад гишүүнчлэлтэй байх. Харин орон нутагт сумын Иргэдийн төлөөлөгчдийн гишүүн мөн л намынхаа удирдах байгууллагад байхаар зохицуулалтыг хийж өгсөн. Ингэснээр парламентын засаглалтай улс орны хувьд намын бодлого намаас нэр дэвшиж сонгогдон ажиллаж буй тэр хүмүүсийн бодлогын уялдаа сайжирна гэж үзэж байна.

Бид ирээдүйд сонгуулийн тухай хууль ямар болох вэ гэж гараагүй хуульд тааруулж ажиллаж болохгүй.

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсэг гарчихсан байгаа. Гишүүд энэ ажлын хэсгийг хүлээж болоогүй юм уу гэдэг асуудлыг тавьсан. Тэр хуулийн төсөл мөдгүй байгаа. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэж байж шийднэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал түүнд тохируулан Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай.

-Тэгэхээр улс орны бодлого гэхээс илүү намын бодлогыг хэрэгжүүлж байгаа парламент болж хувирах юм биш үү?

-Энэ бол зарчмын асуудал. Улс төрийн намын гишүүн УИХ-д сонгогдчихоод намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг. Тэгтэл тухайн намын гаргаж буй шийдвэр нь өөр гараад байвал яах вэ. Тэгэхээр их хурал болон удирдах байгууллагад байхгүй хүмүүс шийдвэр гаргаад явахаар л зөрчил үүснэ гэж хэлээд байгаа юм. Тиймээс л үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага гарсан.

-Энэ асуудлыг орон нутгийн төвшинд шаардлагагүй гэж үзсэн гишүүд бий?

- Орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцох шаардлагагүй гэж үзэхийн бол Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой. Одоогийн байдлаар орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцож байгаа шүү дээ. Энэ тохиолдолд  тухайн намын мөрийн хөтөлбөр Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэртэй уялдаж байх ёстой юм.

Орон нутгийн сонгуульд намууд сум, аймгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг гаргадаг. Үүнийг орон нутагт хамаагүй гэж хэлэх юм бол уялдаа холбоогүй болчихно. Хэрэв дараа, дараагийн сонгуулийн тухай хуульд орон нутагт ерөөсөө улс төрийн намын оролцох шаардлагагүй гэж үзэхийн бол автоматаар энэ асуудал байхгүй болно. Харин өнөөдрийн хувьд байна. Бид ирээдүйд сонгуулийн тухай хууль ямар болох вэ гэж гараагүй хуульд тааруулж ажиллаж болохгүй. Тийм учраас одоогийн нөхцөл байдалд л зохицуулахаас өөр аргагүй.     

-Улс төрийн намыг хариуцлагатай болгох үүднээс шүүхээр хянадаг байх тухай яриад байгаа. Үндсэн хуулиар хүн бүр шүүхэд хандах эрх нь нээлттэй шүү дээ?

Улс төрийн нам шүүхээр хянуулахгүй байгаа нь эргээд их эрсдлийг бий болгоно.

-Одоогийн хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хуульд дотоод хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага бол өөрийнх нь хяналтын байгууллага байгаа юм. Тэгэхээр шүүхэд гомдол гаргах боломжгүй болсон. Улс төрийн нам төрийн болон орон нутгийн удирдах ажилд ихээхэн үүрэгтэй оролцдог. Тэгтэл энэ нь шүүхийн хяналтаас гадуур байгаа нь зохимжгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Мөн иргэн хүн эвлэлдэн нэгдэж нам байгуулах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл шүүхээр шийдүүлэх эрхтэй гэсэн байдаг. Гэтэл улс төрийн намын болон иргэний эрх зөрчигдлөө гэхэд хамгаалуулахын тулд шүүхэд гомдол гаргах эрхгүй болчихоод байгаа. Монгол Улсынхаа иргэний хувьд эвлэлдэн нэгдчихээд шүүхээр хамгаалуулах эрхгүй байж болохгүй.

Улс төрийн нам шүүхээр хянуулахгүй байгаа нь эргээд их эрсдлийг бий болгоно. Хууль зөрчсөн этгээд улс төрийн намд нуугдах, нам нь өөрөө хэсэг бүлэг хүний гарт орох, жирийн гишүүдээ ялгаварлах, дарамтлах зэрэг явцуу хүрээний нам болох аюултай. Бодлогын нам болгох үүднээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нөгөөтэйгүүр улс төрийн нам хүний эрхийг зөрчихгүй, олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж өгч буй юм. Тэгснээр нам хэсэг бүлэг хүний бус олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед хоёр, гуравхан заалттай хуулийг хойшлуулж байгаад дахин хэлэлцэх хэрэгтэй юм биш үү гэсэн санал гаргасан гишүүд бий. Та үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Үүнийг хойшлуулах шаардлагагүй. Зарчим гэж би өмнө нь хэлсэн. Олон улсын гэрээ, конвенцид заасан асуудлыг Улс төрийн намын тухай хуульд оруулж өгч байгаа гэсэн үг юм.

-Ер нь намынхаа эрх ашгийн үүднээс 2016 хүртэл хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулаад байна уу гэж цөөнхийн бүлгээс хардаж байсан. Өөрөөр хэлбэл Улс төрийн намын тухай хуультай хамтад нь цогцоор нь ярих шаардлагатай гэдэгтээ холбон тайлбарласан л даа?

-Үндсэн хуулийн зарчмыг тусгаж байгаа л бол цаашид байх л заалт. Үндсэн хууль байгаа тохиолдолд. Түр зуурынх гэсэн юм огт байхгүй.

-Намуудын хатуу гишүүнчлэл, санхүүжилтийн асуудлыг голчлон хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг заавал өөрчлөх шаардлага бий гэдэгтэй та санал нэг байдаг уу?  
Хатуу гишүүнчлэлтэй байх, эсвэл огт гишүүнчлэлгүй байх гэдгийн аль аль нь манайд зохимжгүй

-Намын гишүүнчлэлийн тухайд нарийн судалгаа хийх ёстой гэж үздэг. Гадны улс оронд ямар байдаг юм, манай ямар байх хэрэгтэй гэдгийг. Энэ асуудлын хувьд туйлшралыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хатуу гишүүнчлэлтэй байх, эсвэл огт гишүүнчлэлгүй байх гэдгийн аль аль нь манайд зохимжгүй. Тиймээс өөрийнх нь онцлогт тохирсон тийм боломжийг хайх хэрэгтэй. Улс төрийн нам орон нутгийн сонгуульд огт оролцохгүй байх нь бизнесийн байгууллагын нөлөөнд орох аюулыг бий болгоно.

Түүнчлэн улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг тусад нь гаргаж болно шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа бол эргэж тайлагнадаг, хэрхэн яаж санхүүжүүлэв гэдгийг харах шаардлага бий. Мөн сонгууль хэтэрхий өндөр өртөгтэй болж буйг зогсоох ёстой. Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг илүү хариуцлагатай болгох зэрэг асуудлыг судалж байна.