Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэн юу хэлэв?
Дараагийн еранхийлөгч хэн бэ?
2013.03.05

Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэн юу хэлэв?

Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар намуудын удирдлагууд одоогоор ямар байр суурь илэрхийлж байгааг тоймлон хүргэж байна.

Ч.Сайханбилэг: Хамтарсан Засгийн газрын гэрээнд тодорхой заалт бий

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд

-Сонгуулийн бэлтгэл ажил хэвлэлүүдийн хуудсаар л их сайн явж байна. Удахгүй намууд руугаа орох байх. Манай намд жишээ нь сонгуультай холбогдуулаад өөр бусад намаас тодорхой санал хүсэлт тавьсан юм нэг ч байхгүй. Цагийн юм цагтаа л байдаг шүү дээ. МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийн хувьд Засгийн газрыг хамтарч байгуулахдаа гарын үсэг зурсан гэрээнд тодорхой заалт байгаа. Засгийн газарт хамтарч орсон намууд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно гэж. Тиймээс сонгууль зарлагдаад бэлтгэл ажил хийгдээд явахаар тухай тухайн цагт нь ярих байх.

Ардчилсан намын хувьд бүх шийдвэр хамтын шийдвэр байдаг. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдийг харахад нэг улстөрч “аймаар аймаар” мэдэгдэл хийх юм байна шүү дээ. Зарим нь “нэгдлээ” л гэнэ, зарим нь “эвслээ”, зарим нь “эсэргүүцлээ” л гэнэ. Ардчилсан намын хувьд бол ийм шийдвэр аль нэг улстөрчийн амнаас гарах ямар ч боломж байхгүй. Бид чинь бас нэг хурал хуйтай, тэрнийх нь эрх мэдэл нь тогтчихсон, түүгээрээ эвсэх үү, нэгдэх үү гэдгээ шийддэг. Өнөөдөр манай намын дарга дээр ч гэсэн ороод “Та байр сууриа хэл” гэвэл хамтын удирдлагын шийдвэр нь гараагүй учраас тодорхой зүйл хэлэхэд хэцүү.

Л.Цог: Бидэнд нэг л болзол бий

МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын дэд дарга

Намын бага чуулган дээр МАН-тай нэгдэх талаар задгай яригдсан. Гэхдээ албан ёсны асуудал болоогүй. Ерөнхийд нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох бусад намуудтай хэрхэн харьцах вэ гэдгийг ярилцсан. Энэ хүрээнд МАН-ын тавьсан саналыг хэлэлцсэн. Хүн бүр өөрийнхөө бодлыг илэрхийлсэн. Өнөө маргаашийн хувьд, хүмүүсийн буруу ойлгоод байгаа шиг нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан буугдаад, нэг субьект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт хамааралтай асуудлаар хамтарч болно гэсэн үг.

Үүний нэг хэлбэр нь магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд явж явж нэг нэр дэвшигчийг тодруулж магад. Ийм л зүйл яригдсанаас биш нэгдэнэ нийлнэ гэж яриагүй. Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шударга бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалдсан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамтрахгүй гэх байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ МАН толгой дээрээ байсан олигархуудыг цэвэрлэж чадах юм бол бидний яриа ойртох байх.

Ө.Энхтүвшин: Манай намын ужиг өвчин

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн

Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараах улс төрийн хүчнүүдэд тохиолддог ердийн нэг хүндрэл биш, нилээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц. 1996 оны УИХ-ын сонгуульд анх удаа ялагдсан манай нам нэг хэсэг хугацаанд балмагдсан боловч удалгүй идэвхтэй сөрөг хүчний байр сууриа олж дотоод нэгдэл нягтралаа бэхжүүлэн, хориглолтоос давшилт руу шилжсэнээр 2000 онд үнэмлэхүй ялалтыг байгуулсан. Энэ урам зоригоороо ажиллаж мянганы зам, газар хувьчлал, бүсчилсэн хөгжил, их өр тэглэсэн зэрэг өлзийгөө өгсөн, бүтээн байгуулалтын олон том бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн ч намын дотоодод аюултай нэг өвчин үүсч тархаж эхэлсэн билээ.

Тэр бол хувь хүнд төдийгүй намд тохиолддог “биеэ тоож бардамнах өвчин” юм. Түүнийг Оросын хувьсгалын зарим удирдагчид “зазнайство партий” гэж нэрлэсэн байдаг. Олон түмнээс тасарсан, лидерийг бүхний дээр тавих гэсэн энэ хандлага, гоёчилсон, пологтуулсан сурталчилгаа, биеэ тоосон, санаа амарлингуй байдлаас болж 2004 оны сонгуульд том цохилт авч 72 суудлаа 36 болгож хоёр дахин багассан билээ. Азаар, ардчилсан намаас хөөгдсөн гурван нэр дэвшигч ялалт байгуулж намынхаа авах байсан 39 суудлаас тэр хэмжээгээр хороож олонхи буюу ялагч тодроогүй юм.