Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулав
Хүүхдэд үйлчилгээ үзүүлэгч анхан шатны ажилтнуудаас эхлэн бодлого боловсруулагчдыг хүртэл хамруулжээ
2013.04.29

Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулав

Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүсэлтээр Хүүхдийн төлөө үндэсний газрын таван хүний бүрэлдэхүүнтэй сургалтын баг энэ оны 04 сарын 06-08-ны өдөр холбогдох төрийн албан хаагч нарт зориулсан “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг чадавхжуулах олон талт сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалт нь хүүхдийн хөгжил оролцоо, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, арга зүй, салбар дундын бодлого, зохицуулалт гэсэн 3 бүлэг сэдэвтэй байв.

Тус сургалтад сумдын Засаг дарга, нийгмийн бодлогын түшмэл, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч,  аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, албан байгууллагын дарга нар, хуулийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн 121 хүн оролцлоо.

Тус сургалт нь 120 гаруй хүнийг хамруулсан орон нутгийн анхны сургалт байснаараа онцлог байв.

Оролцогчдыг ажлын чиглэл, эрх үүргээр нь гурван бүлэгт хуваан “Хүүхдийн хөгжил, оролцоо, гэр бүлийн хөгжлийн асуудал”, “Хүүхдийн эрх, хамгаалал, хамгааллын үйлчилгээний арга зүй”, “Хүүхдийн асуудлаарх салбар дундын зохицуулалт” гэсэн багц сэдвээр бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохируулан сургалтыг орчин үеийн техник, технологи ашиглан онол болон дадлага ажлыг хослуулан явууллаа.

Сургалтанд оролцогчид орон нутагтаа Хүүхдийн төлөө зөвлөлийг байгуулан ажиллуулах,  сумынхаа бага насны хүүхдэд зориулсан хөгжлийн төв нээн ажиллуулах, хүүхдийн чиглэлээрх арга хэмжээнд зориулсан хөрөнгийг орон нутгийнхаа төсөвт тусган шийдвэрлэх гэсэн 3 асуудлыг нэн түрүүнд шийдэх санал гаргасан нь энэхүү сургалтын гол үр дүн байлаа.