Урамшуулал нэмэгдвэл ур чадвар нэмэгдэнэ
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар
2013.05.31

Урамшуулал нэмэгдвэл ур чадвар нэмэгдэнэ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай салбарын хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байгаа болон, Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ямар гарц байгаа талаар ярилцлаа.

- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж хэр байгаа гэж та дүгнэж байна вэ?

Эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн үнэлэмж зохистой түвшинд байж чаддаггүй. Эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал маш их байдаг. Анхан шатнаасаа эхлээд төрийн бүх шатны эмнэлэг оочер, дараалал ихтэй, цаг аван хэвтэн эмчлүүлэх өвчтөний дараалал наад зах нь 14 цаашлаад хэдэн сараар хүлээгдэж байна.

Үүнээс эрүүл мэндийн салбарын ажилтаны ачаалал хэр их байгааг харж болно. Гэтэл хийснээр биш тогтсон цалингаар ажилладаг. Нэг эмч, нэг сувилагч доод тал нь хоёроос гурван хүний ажлыг хавсарч гүйцэтгэж байна.  

Хэдэн хүн үзсэн нь хамаагүй ижилхэн цалин авдаг тогтолцоо одоо үйлчилдэг.

 1986 оноос хойш хөдөлмөрийн норм, нормативыг огт өөрчлөлгүй өнөөг хүртэл ажиллаж байгаа нь нэг хүнд ноогдох ажлын ачаалал ямар их болсоныг харж болно. Тиймээс эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмжийг зохистой түвшинд аваачих нэн шаардлагатай байна.

Хөдөлмөрийн хөлсийг хийсэнээр нь үнэлэж, олон улсын түвшинд ойртуулахгүй бол чадварлаг ажилтнуудаа хувийн хэвшилийн салбарт бүр цаашлаад гадны улсуудад алдаж байна. Үүнийг хийхийн тулд цалин хөлсний тогтолцоог боловсронгүй болгох тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Салбарын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас ажил хийж байгаа ч удаан байна. Сүүлийн дөрвөн жил л хөдөлмөрийн норм нормативийг тогтоох зорилгоор ажиллаж байгаа ч дөнгөж судалгааны түвшинд байгаа. Эмнэлэгийн ажилтны цалин хөлсийг хийснээр нь тооцож үнэлэмжийг дээшлүүлэхгүй бол хүний нөөцийн бодлого алдагдахад хүрнэ.  

- Зохистой үнэлэмжийг яаж тогтоох бэ?

Олон улсын түвшинд эрүүл мэндийн салбарын ажил хамгийн багадаа 5000 доллараар үнэлэгддэг. Харин манай улсын эмч нарын цалин 500 долларт хүрдэггүй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үнэлэмжийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хөлсийг олговол  эмч нарын ур чадвар дээшилнэ.

Чадварлаг эмч нарын хөдөлмөрийг зөв үнэлэх олон улсын чиг хандлагаруу ойртуулах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын ажилтны ажиллах нөхцөл, амьдралын баталгааг хангалттай бус хэвээр.

Нэг эмч олон оочир дараалал дунд маш олон хүн үзэж оншилж байхад чанаргүй үзлэг гарах аюултай.  Тиймээс хөдөлмөрйин үнэлэмжийг эрс дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байна.

-  Эмч нарын ажлын үнэлэмж ямар сиситемээр тогтоогддог вэ?

Төрийн албанаас тогтоосон доод жишигээр хөдөлмөрийн хөлс тогтоогддог. Хэдэн хүн үзсэн нь хамаагүй ижилхэн цалин авдаг тогтолцоо одоо үйлчилдэг. Мөн мэдлэг чадвараар нь бус ажилласан жилээр нь хөдөлмөрийг үнэлэх тогтоолтой.

Мөн ур чадвараа дээшлүүлж, шинэ аргачлал санаачиллаа гэхэд урамшуулал цалингын нэмэгдэл гэж байдаггүй.  Хөдөлмөрийн үнэлэмжийн ганц хэмжүүр нь мэргэжлийн зэрэг. Хөдөлмөрийн үнэлэмж дэндүү доогуур хэмээн эмч, сувилагч нар сэтгэл дундуур байдаг.

- Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог боллоо. Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн доод хэмжээг тогтоосон уу?

Эрүүл мэндийн салбарын үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжгүй. Учир нь эрүүл мэндийн салбаар төсвөөс ихээхэн хамааралтай. Төсөв, засгийн газрын цалингын сүлжээ хоёрт баригддаг учир салбараар цалин нэмэгдүүлэх боломж байхгүй.

-Хийснээрээ бүтээмжээрээ үнэлүүлдэг болох аргачлал юу байна бэ?

Эмч хүн 15 минутанд хэдэн хүн үзэх боломжтой бэ гэсэн норомчлол гаргаж, илүү ачаалалтай ажилласан үедээ нэмэлт цалин авдаг байх тогтоцоо хамгийн хурдан шийдэх арга байх.  Ингээд ноормчлол гаргавал эрүүл мэндийн салбарын ачааллыг тооцож  хэрэгтэй ажлын байрыг нэмнэ. Үүгээр үйлчилгээний чанар, бүтээмж өсөх боломжтой.

- Эрүүл мэндийн салбарын боловсон хүчин хэр хангалттай байгаа бэ?

Хэрэгцээгээ хангахуйц боловсон хүчин бэлтгэгдэж байгаач эмнэлэгт сувилагчийн хүрэлцээ муу байна. Хөдөөгийн эмнэлгүүдэд сумын эмч нар хосдолтой. Хангалттай бэлтгэгдэн гардагч мэргэжилээрээ ажилладаггүйн шалтгаан нь цалин бага, ачаалал ихтэй учир. Эрүүл мэндийн салбарын ажил үнэлэмж багатай, ачаалал ихтэй ажил болчихлоо.  

-Таны хувьд эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд ямар санал байна?

Хөдөлмөрийн норм норматив тогтоох замаар урамшуулалын зөв механизмыг бий болгож, эдийн засгийн хувьд эрүүл мэндийн салбарыг чөлөөлөх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал, төсөвт баригдахгүй гүйцэтгэлээр санхүүжүүлдэг тогтолцоонд орвол хөдөлмөрийн үнэлэмжийг зөв зохистой түвшинд аваачих боломж бүрдэнэ.