Эмэгтэй гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзана
Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг зургаан сургууль байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль юм.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээ онцлогт нь нийцсэн боловсролыг олгож, тэднийг амьдрал хөдөлмөрт бэлтгэх, амьдрах ухаанд сургах явдал юм.
Сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалж, ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, үүний дагуу сурагчдад зохих мэдлэг чадварыг олгож байна.
ХАХНХЯ-наас зохион байгуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 17- 24-ний өдрүүдэд тус сургууль “Нээлттэй долоо хоног” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна.
Энэ үеэр олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар орчинд, хэрхэн яаж суралцан хөгжиж байгааг харуулахын зэрэгцээ сургуулийн хэтийн зорилгыг таниулж, санал авч,сургуулийн хөгжилд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах юм.
Үүний дотор сургуулийг танилцуулах, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж сонирхуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, бэрхшээлээ даван туулахад нь туслах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлож үнэлэх үйл ажиллагаа явуулах юм.
Түүнчлэн хэл засал, хөдөлгөөн заслын хичээл болон бусад хичээлүүд, багшийн ур чадварыг үзүүлэх юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Оюун, З.Баянсэлэнгэ, Д.Арвин нар оролцоно.