Д.Ганхуяг: Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг
2012.04.19

Д.Ганхуяг: Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг

УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та өнгөрсөн долоо хоногт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудыг олигархиуд гартаа оруулсан талаар мэдээлэл хийж байсан.Гэтэл таныг олигархи гэх мэдээлэл цацагдах боллоо.Та олигархи мөн үү?

-Энэ сарын 8-нд "Олигархиуд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон Таван толгойн стратегийн ордын өрмийг хамчихлаа" гэсэн утгатай хэвлэлийн хурлын дараагаас янз бүрийн гүтгэлэг эхэлсэн. Би олигархи гэдгийг албан тушаалаа ашиглаж төрийн өмчөөр баяжсан, төрөөс төрсөн тэрбумтныг хэлдэг гэж ойлгодог. Надад бизнесийн салбарт байхдаа ч УИХ-ын гишүүн болсон ч хууль зөрчиж идсэн уусан зүйл байхгүй. Байвал нотолгоотой гаргаад ир.

-Танай "Бридж групп"-ийг Товь" ХК-ийг үнэгүйдүүлж зөөж идсэн гэж байсан шүү дээ?

-Би "Говь" ХК-аас ажлын гараагаа эхэлсэн. "Говь" ХК-ний тухайд "Бридж групп" хувьчлагдахаас өмнө 10 гаруй хувийн хувьцааг нь хуулийн хүрээнд эзэмшиж байсан. Хувьчлагдахад нь шалгаруулалтад ороод ялагдсан. Ингээд л хувьцаагаа зарсан. Надад одоо энэ салбарт нэг ч ширхэг хувь, хувьцаа байхгүй. Мөн надад болон "Бридж групп"-д "Говь" ХК-аас зөөгөөд авсан нэг ширхэг оёдлын машин ч байхгүй. Ийм л байна.

-Таныг ХОМ-ээ тодорхойгүй бөглөсөн.Тухайлбал, хадгаламж, хурааж хуримтлуулсан хогшлоо бичилгүй нуун дарагдуулсан гэж байсан.Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-ХОМ-ийг ойлгоогүй бололтой. Компанийн тухай хуулиар толгой болон охин компани гэж бий. "Еуегу-dау", "Бридж констракшн" зэрэг хэд хэдэн компани "Бридж групп"-ийн охин компани. "Бридж" ХХК нь толгойн компани бөгөөд эдгээр охин компанийг хөрөнгө оруулж байгуулсан. Би "Бридж групп"-ийн 26.91 хувь буюу толгой компани болох "Бридж" ХХК бусад охин компаниудад  нэг бүр нь 10 мянган төгрөгийн 233.780 ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ хувьцаанд "Бридж групп"-ын бүх охин компанийн эзэмшиж байгаа хувьцаа багтсан. Үүнийгээ л бөглөсөн. Мөнгөн хөрөнгийн хэлбэрээр 210 сая төгрөг гэж бичсэн. Энийг бас хараагүй бололтой. "Бридж групп" нэлээд хэдэн охин компанитай боловч тийм овойж оцойсон ашиг байхгүй. Монгол Улс зах зээл багатай болохоор борлуулалт нэмэгдэхгүй ажиллагсдын цалин зэрэг .зардлаа дарах төдий л байх шиг байна.

-Таныг улсын төсвийн хөрөнгийг зувчуулдаг, нийслэлийн цэвэр усны ундарга дээр бохир усны шугам татах ажил эхэлсэн гэдэг.Энэ үнэн үү?

-Энэ "Бохир усны шугам барих төсөл" буюу "Туул-1 гэдэг төслийн талаар ярьсан бололтой. Надад ямар ч хамаагүй. Нийслэлийн Засаг дарга хуулийн хүрээнд Налайх, Баянзүрх дүүргийг цэвэр, бохир усны шугамаар холбох төсөл хийж, түүнийгээ хэрэгжүүлэх тендерийг зарлаж "Бридж констракшн" ХХК ялсан юм билээ. Газар доогуур явж байгаа хоолойд цэвэр усны ундарга хамааралгүй. Энэ үе нь хямрал, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн жил таарсан учир төсөв нь хүрэхгүй их л зовж байгаа гэсэн. Ер нь би УИХ-ын гишүүн боллоо гээд миний албан ёсны хувь эзэмшдэг компани ажил хийхгүй, дампуурах болж байна уу.Улмаар олон хүн ажилгүй болох уу. Тийм асуудал хаана ч байхгүй.

-Та их хорчин нөхөр үү. Баянзүрх дүүрэг АН-аа хоёр хуваах, хор найруулсан гэнэ?

-БЗД-ийн АН-ын тухайд намын дарга нь АН-ын дүрмийн хүрээнд солигдсон.Үүнийг АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоож ҮЗХ-ны хурлаар баталгаажуулсан. БЗД-ийн АН-ын дарга огцорсон шалтгаан нь гурав дараалж орон нутгийн сонгуульд 98-100 хувиар ялагдсан.  Мөн төрийн  болон намын дотоод сонгуулиар тодорхой хэмжээний хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэдэг. Одоо Д.Пүрэвдаваа гэдэг залуу ажиллаж буй. Энэ залуутай надад ямар нэг хувийн эрх ашгийн нэгдэл байхгүй. УИХ-ын гишүүний эрхийнхээ хүрээнд хамтарсан Засгийн газрыг шахаж шаардаж, шүүмжлэх, болохгүй бол хариуцлага тооцохын төлөө ажиллана. Ашигт малтмалын улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордыг цөлмөсөн олигорхиудтай тууштай тэмцэж хариуцлага тооцохын төлөө гуйвалтгүй зүтгэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.