Ж.Батсуурь: Ц.Нямдорж сайн дураараа огцрох ёстой
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах явцад хүчний байгууллагынхны гаргасан үйлдлийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Тухайн хүнийг ямар нэгэн хэрэгт сэжиглэж шалгах, албадан саатуулах шаардлага гарсан байх гэж бодож байгаа. Гэхдээ энэхүү шаардлагыг биелүүлэхдээ хэрхэн ажиллах ёстой байсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хэдийгээр би мэргэжлийн хүн биш ч гэсэн тухайн үед болсон үйл явцыг ажигласан хүний хувьд хууль, хүчнийхнийг ажлаа тийм байдалтай хийдэг бол дэндүү болхи, бүдүүлэг ажилладаг юм байна гэсэн бодолтой үлдсэн. Н.Энхбаяр бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Монгол төрийн хариуцлагатай бүх л албан тушаалыг хашиж байсан хүн. Маш их зүйл хийж бүтээсэн арвин их намтартай ийм хүнийг тиймэрхүү байдлаар хүч түрэмгийлэн авч явсанд үнэхээр их гайхаж байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын олон улстай харилцах харилцаа идэвхжиж байгаа энэ үед төрийг он удаан жил тэргүүлж байсан хүн рүү ингэж дайрч байна гэдэг ойлголт төрүүлснээс болоод гадны улсууд Монголын улс төрийг тогтворгүй гэдэг дүгнэлт хийхэд хүрэх вий гэж эмээж байна. Ер нь аливаа улсын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад гадны улсууд хамтарч ажиллах эсэхээ шийддэг болсон үе шүү дээ. Тэгэхээр бидэнтэй хамтарч ажиллана гээд байгаа томоохон хөрөнгө оруулагч улсууд энэ байдлаас болоод үргэчих вий дээ.
-Тухайн үед УИХ-ын дөрвөн гишүүн Н.Энхбаярын гэрт байсан бөгөөд хуулийн байгууллагынхны “халдлага”-д өртөж бэртсэн. Гишүүд энэ үйл явдлыг “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл” гэж үзэж УИХ-ын даргад хандсан. УИХ-ын гишүүний хувьд та энэ үйл явцыг юу гэж харж байгаа вэ?
-Миний ойлгож байгаагаар тэнд байсан УИХ-ын гишүүд хүчний байгууллагынхны үйл ажиллагаанд саад болсон зүйл огт байхгүй юм байна билээ. Бодоод үз л дээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан хэн нэгнийг очоод нудраад авна гэж хэнд ч төсөөлөгдөхгүй байгаа биз дээ. Дээрх гишүүд тухайн үед болсон явдлын талаар “Хүчний байгууллагынхан хаалга эвдлээд ороод ирсэн. Бид ширээнд суухыг урьсан” гэсэн тайлбар хэлсэн шүү дээ. Тийм байхад зүгээр зогсож байсан тэдэнд гар хүрэх шаардлага байгаагүй л гэж харж байгаа. Энэ бол нэг зүйлийг хэрэгжүүлэх гээд нөгөөг нь сүйтгэдэг монгол зан чанарын л нэг илрэл байсан юм болов уу. Ер нь хүчний байгууллагынхан хүнийг саатуулахдаа машины шил хагална, хэн нэгнийг галт зэвсгээр сүрдүүлнэ гэсэн хуулийн заалт байдаггүй л байлтай. Үүнийг би УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна л гэж ойлгож байгаа.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүд Н.Энхбаяр гэдэг хүнд халдашгүй байдлаа ашиглуулчихсан юм биш үү” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан. Ийм зүйл байж болох уу?
-УИХ-ын гишүүн хэзээ, хаана байх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал. Н.Энхбаяр гэдэг хүнтэй олон жил хамтарч ажилласан хүмүүс тухайн үед түүнийг яагаад баривчлах гээд байгаа юм гэдгийг тодруулах гээд очсон байж болно шүү дээ. Н.Энхбаярыг баривчлах гэж очиход нэр дурьдагдсан нөхөд хамт байсныг би буруу гэж огт харахгүй байгаа.
-Хамуг Монголын хөдөлмөрийн намын гишүүн Ц.Шинэбаяр, танай намын найман гишүүн нийлж “Энэ бүх хэргийн гол буруутан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж” хэмээн түүнийг огцруулахыг шаардаж байгаа. Та тэдэнтэй санал нэг байгаа юу?
-Ер нь манай улсад ямар ч үйл явдал болсон байлаа “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь олдохгүй өнгөрдөг жишиг тогтчихсон бололтой. Үүнээс болж Монгол төрийн нэр хүнд шалдаа бууж байна. Төрийн албан тушаалтнуудын нэр хүнд ч сэвтэж байна. Тухайлбал, долоодугаар сарын 1-ний хэрэгт чулуу шидсэн хэдэн залуу буруутан болсноос өөр зүйл байхгүй. Ямар ч асуудал гарсан бай хамаагүй холбогдох албаных нь хүмүүс “Би буруугүй” гээд л зүтгээд байдаг болчихож. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг ардын зүйр цэцэн үг манайд байдаг. Манайхан энэ зүйр үгний мөн чанарыг гаргаж чадахгүй байхад гадны улсууд тод томруунаар харуулж байна. Тэдний жишгийг харж байхад ямар нэгэн хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтнууд нь хариуцлагаа шууд ухамсарлаж, мэдэгдэл хийгээд л албан тушаалаасаа огцорч байна.
-Тэгэхээр яг энэ жишгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой гэж хэлэх гээд байна уу?
-Би бол тэгж л ойлгож байгаа. Тийм л гарц байна. Тухайлбал, Н.Энхбаярыг баривчилж байхад Ц.Нямдорж сайд унтаж байсан гээд байгаа биз дээ. Үүнээсээ болоод бүр сүүлдээ “Унтаа сайд” гэдэг нэртэй болчихлоо шүү дээ. Ийм байдлаар Монголын төр дэлхий нийтэд шившиг болж болохгүй л гэж би ойлгож байгаа.
-Энэ асуудалтай холбоотойгоор танай намын бүлэг өнгөрсөн даваа гарагийн 23 цаг хүртэл хуралдсан гэж сонссон. Бүлгийн хуралдааны үеэр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг дуудаж тайлбар авсан гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би бүлгийн хурлаас 21 цаг өнгөрөөгөөд гарч явсан. Намайг байхад Авлигатай тэмцэх газрынхан ирээгүй учир би энэ талаар сайн мэдэхгүй байна.
-Ардчилсан намын бүлгийнхэн “Н.Энхбаярыг баривчилсан нь УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс олны анхаарлыг холдуулах гэсэн нэг арга байж болзошгүй” гээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад “Сонгуулийн асуудлыг хурдан цэгцлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг өргөн барьсан. Үүнийг хэрхэн дүгнэв?
-Ардчилсан намынхан юу гэж үзэж байгаа нь өөрсдийнх нь л асуудал. Гэхдээ олны анхаарлаас сонгуулийн асуудлыг холдуулах ын тулд Н.Энхбаярыг баривчлах гэж жүжиг тоглон, шөнөжин хөөцөлдөж, тэр тусмаа өөр айлын хаалга эвдэж орж байна гэж бодож байгаа бол эмгэнэлтэй л юм даа.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдсан. Гэвч ажлын хэсэгт орсон Ардчилсан намын гишүүд хуралдааны үеэр харагдаагүй. Ажлын хэсгийн хуралдаанаар юу хэлэлцсэн бэ?
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Ямар ч нөхцөлд энэ хуулийг өөрчлөхгүйгээр хоёр сонгуулийг хамт ч бай, тусдаа ч бай явуулах боломжгүй. Тиймээс энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэж эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой учир ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Энэ асуудлыг хэлэлцэхийг маш олон хоног хүлээсний эцэст ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдсан. Ажлын хэсэгт Ардын намынхан олонхи байсан учир Ардчилсан намын гишүүд ирээгүй ч гэсэн асуудлыг хэлэлцэж байнгын хороогоор оруулахад бэлэн болголоо. Ардчилсан намынханд хандаж өөрсдийнх нь санал нийцээгүй хуулийн гаргалгаа гарахад л үйл ажиллагаагаа зогсоодог, бусад асуудалд оролцохгүй гэж дайрч давшилдаг асуудал байж болохгүй гэж хэлмээр байна.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалт Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр Ардчилсан намын гишүүд “Ардын намынхан Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгч ийм шийдвэр гаргуулсан” гэж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?
-УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан хоёр намынхан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тогтсон. Энэ ч үүднээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэж удаан ярилцсаны эцэст дээрх хувилбарыг сонгосон байсан. Харин энэ асуудлаар иргэд хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм билээ. Үндсэн хуулийн Цэцийнхэн асуудлыг дунд суудлынхаа хуралдаанаар авч хэлэлцээд “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалтҮндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан. Мэдээж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй зарим гишүүн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг эсэргүүцэж байна. Манай намынхан энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд үр дагавар нь ижилхэн юм бол хугацаа алдаж байхаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авбал яасан юм бэ гэсэн байр суурийг баримталж байгаа.
-Хэрэв “УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээгээд авчихвал хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Хариуцлагыг нь Ардын намынхан хүлээнэ” гэж Ардчилсан намынхан ярьж байсан. Мөн цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн. Тэгэхээр чуулганаар хэлэлцэх асуудлууд гацаанд орох нь гэж үзэж болох нь ээ?
-Үндсэн хуулийн Цэц журмынхаа дагуу гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авна, авахгүй гэдгээр дараагийн асуудлын хариуцлагыг хүлээнэ ч гэж юу байх вэ. Ардчилсан намынхан бүх л асуудалд улстөржсөн байдлаар хандаж байна. Өөрсдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй ард түмний эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй л гэж хэлье.
-Харин та Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Миний хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалт Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй юм болов уу гэж харж байсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргачихлаа. Үүний үр дүнд намын нэр дугуйлах хувилбар сонгогдох юм бол энэ нь харин Үндсэн хууль зөрчсөн тохиолдол болох юм болов уу гэж бодож байна.
-“Намын нэр дугуйлах хувилбар Үндсэн хууль зөрчинө” гэж зарим гишүүн үзэж байгаа. Та ч гэсэн ийм бодолтой байгаа юм байна. Тэгвэл энэ асуудал Үндсэн хуулийн Цэц дээр дахиад маргаан үүсгэвэл яах вэ?
-Маргаан үүсгэвэл Үндсэн хуулийн Цэц л шийдвэр гаргах байх даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.