ХЗДХ-ийн сайдыг огцруулах саналыг намынх нь есөн гишүүн тавив
УИХ-ын нэр бүхий гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр хүргүүллээ. Тэдний тавьсан шаардлагад, “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, УИХ-ын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой.
Иймд дээрх байдал болон МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил, завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэснийг үндэслэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах санал тавьж байгааг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гээд УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр нар гарын үсгээ зурсан байна.
Шаардлага хүргүүлсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд гарын үсэг зурсан гишүүдээс гадна Ц.Цэнгэл оролцсон юм. Тэгэхээр ХЗДХ-ийн сайдыг огцруулах саналыг 10 гишүүн гаргаад байгаа гэсэн үг. Шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Загджавын албаны хуудсан дээр “тэрлэжээ”. МАН-ын есөн гишүүн энэ шаардлагыг танилцуулах үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин нар байлцжээ. “Тэд биднийг загнаагүй, аргадаагүй” гэж Ч.Улаан хэлэв.
Ц.Нямдорж төрийн өндөр албан тушаалаас огцрох мэдэгдлийг авч байгаа нь анхных биш юм. Тэрбээр “орондоо” хууль зассан хэргээр УИХ-ын даргын суудлаас огцорч байв. МАН УИХ-д 45 суудалтай. Тэднээс ес нь уг шаардлагад гарын үсэг зурсан. АН-ын бүлгийн 27 гишүүн “бандан тас” гэх нь гарцаагүй. Гишүүдийн шаардлагыг дэмжиж буйгаа тэд өчигдөр мэдэгдсэн. ИЗНН-ын хоёр, Ц.Шинэбаяр, З.Алтай гээд наад зах нь 40 гишүүн Ц.Нямдоржийн эсрэг санал хураалтын товчлуур дарах нь тодорхой болж байна. МАН-ын есөн гишүүн дээр Х.Бадамсүрэн, Б.БатЭрдэнэ нар нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл бас байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр гишүүдийн ярьсан зүйлийг хүргэе.
Д.Загджав: -Салбарын сайдын хувьд Ц.Нямдорж улс төр, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийн бай гууллагад дэндүү босоо төвлөрөл бий болсон байна. Үүнийг засаж залруулах ёстой. Цагдаа үндсэн чиг үүр гээ л биелүүлэх үүрэгтэй. Мэргэжлийн удирдлагаар хангагдсан байх учиртай. Онц ноцтой гэмт хэрэгтэнтэй л хүчнийхэн тэгж харьцдаг байх. Н.Энхбаяр төрийн тусгай хамгаа лалтад байсан. Хуулийн дагуу эхлээд тусгай хамгаалалтыг цуцлах ёстой байсан.
Р.Раш: -УИХ гаргасан хуульдаа эзэн болох ёстой. Энэ улсад эзэн байна уу, үгүй юү гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Төр гаргасан хуулиа хатуу чанд мөрдөхийг л төрийн төмөр нүүр гэж ярьдаг. Болж өнгөрсөн үйл явдлыг түмэн нүд харсан. Ийм асуудал цаашид алга болох ёстой. Гадаад ертөнц Монголыг гайхширч байна. Барьсан байшинг нь нэг өдөр нураачих юм байна гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулагчдад төрж болзошгүй боллоо. Энэ бүхнээс бид болгоомжилж байна. Монголын төр зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу байх ёстой. Хуулийн дор хүн бүр, байгууллага болгон захирагдах ёстой.
Ц.Даваасүрэн: -Монголын төр эргэлзээтэй байдалд орлоо. Ардчиллын багана ганхаж эхэллээ. Нийгэмдээ бус, нэг хэсэг бүлэгт үйлчилдэг төр болж хувирч байна. Бид ардчиллыг аврах ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан явдал намайг их эмзэглүүлсэн. Ард түмний элчийг “гараа шилэндээ ав” гэж командлаад диван дор чихдэг боллоо. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахаа больж байгаад харамсаж байна. Гэтэл энэ асуудлыг зохицуулах ёстой сайд нь унтаж байсан гэж хээв нэг хэлж байгаа нь намайг эмзэглүүлсэн учраас уг шаардлагад гарын үсгээ зурсан.
Ц.Цэнгэл: -Би гарын үсэг зураагүй. Гэхдээ балмад үйл ажиллагааг жигшин зэвүүцэж байна. Засгийн газар арга хэмжээ авах ёстой. Ц.Нямдорж салбар хариуцсан сайдын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн учраас шаардлагыг дэмжсэн. Бид МАН-аас гарах болсондоо ийм алхам хийж байгаа юм биш. Мон голын тө- рөөс сахилга хариуцлагыг шаардах цаг болсныг энэ балмад үйл явдал харууллаа.
Ч.Улаан: -УИХ дахь намын бүлэг, Удирдах зөвлөлийн мэдэгдлийг хэрэгж үүлэх үүднээс асуудлыг тавьсан. Дотроосоо асуудлыг тавьж байгаа уч раас энэ асуудлыг шийдэх байх. Төр ард түмнээ эзэрхийлж болохгүй. МАН ард түмнийхээ өмнө улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Бид тэнд байгаагүй, УИХ-ын гиш үүний эрхэнд халдаагүй байсан ч ийм мэдэгдэл хийх байсан. АТГ-ын Э.Амарбат Н.Энхбаяртай өөр өрөөнд орж ярилцсан. Гэтэл 05.30 цагийн үед МБГ-ын дэд дарга гэж нэг хүн орж ирээд тогтоол танилцуулсан. Түүнээс бид асуух зүйл байна гэтэл хэн нэг нь команд өгсөн. Гэнэтхэн л пирхийтэл дайрсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь сүүлд хэлж байна лээ. Нэгжлэг хийхээр очсон энгийн хув цастай алба хаагчид л манай хүмүүс байсан гэж. Нүүрэндээ хар багтай хүчирхийлэл үйлдсэн хүмүүс бүгд энгийн хувцастай байсныг телевизээр хүн бүр харсан шүү дээ. Ингээд тэдний өгч буй мэдээлэл нь зөрөөд байгаа юм. Энэ бүхнийг тодруулах ажлыг хийнэ. Хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг шаардана. УИХаас Ажлын хэсэг гарах байх.
О.Чулуунбат: -Би Н.Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан. Хол ч байж үзсэн. Хүн ёсны хувьд л би тэнд очсон. Байсан нь ч зөв болсон юм. Энэ бол улс төрийн үйлдэл биш. Ц.Нямдорж манай намаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд. МАН-д шударга ёс, шударга улс төр байгаасай гэж үзэж ийм алхам хийсэн. АН-ын бүлэг биднийг дэмжих байх.
Д.Балдан-Очир: - Ардчилал, эрх чөлөө, хүмүүндэг ардчилсан нийгмийг байгуулсан нь биднийи хамтын бүтээл юм. Би Үндсэн хуулийг батлалцсан хүний нэг. Ардчиллын баталгааг МАН хангаж явах ёстой. Саяын үйл явдал намайг айдаст автуулсан. Хууль бус, бусармаг хүчирхийлэл эгэл жирийн ард түмэнд их юм бодогдууллаа. Цаашдаа ийм байвал Монгол Улсад хэн амар жимэр байж чадах юм бэ.
Д.Тэрбишдагва: -Н.Энхбаяр болон тэнд байсан хэдэн гишүүний эрхийг ярихаасаа илүү ард түмний эрхийг энд ярих ёстой. Н.Энхбаярын дээд давх рын айлын ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хөөж, зодож нүдсэн. Айлын хөргөгч уудалж, диван доогуур нь хүн хайсан. Үүнийг хүний эрхийг зөрчөөгүй гэх юм уу. Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж болохгүй. Төрийн тусгай хамгаалалтын болон УИХын тухай зэрэг олон хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас энэ бүхнийг нарийн шалгаж тогтоох ёстой. Монгол Улс асар их баялагтай орон. Баялаг ихтэй орнуудын иргэд, улс төрчдийг дотор нь зөрчилдүүлж байж ашиг олохын төлөө эдийн засгийн алуурчид ажилладаг. Ийм нөхцөлд ямар ч арга хэмжээ аваагүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой хариуцлага тооцох ёстой. Тэнд болж байгаа үйлд явдлын талаар холбогдох хүмүүсээс асууж тодруулах боломж ер гараагүй. Тогтоолоос нь тодруулах зүйл байна гэж хэлээд дуусаагүй байтал гэнэтхэн команд өгөөд л хүчирхийлэл эхэлсэн. Бид эсэргүүцэл үзүүлээгүй. Тайван байхыг л тэднээс хүссэн. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад цагдаа, АТГ-ынхан худлаа, хоорондоо зөрүүтэй мэдээлэл их өгч байна. Ард түмэн бүгдийг харсан. УИХ-аас Ажлын хэсэг томилох байх. Тэр үеэр нь бид санал бодлоо хэлнэ.