С.Эрдэнэ: Цагдаа хүчний байгууллагууд сүржигнэдэг явдал хэрээс хэтэрлээ
2012.04.17

С.Эрдэнэ: Цагдаа хүчний байгууллагууд сүржигнэдэг явдал хэрээс хэтэрлээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай өрнөсөн юм. Учир нь хурлаар УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, нараас хандан тавьсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан тухай гомдлыг авч хэлэлцсэн. Эдгээр гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үед хажууд нь байсан бөгөөд бүгд тодорхой хэмжээгээр хүчний байгууллагынхны халдлагад өртөж гэмтэл авсан гэж байгаа юм. УИХ-ын Ц.Мөнх-Оргил "Халдашгүй байдлын дэд хороо асуудлыг хэлэлцэх байсан юм биш үү" гэв. УИХ-ын дарга гишүүдийн байр суурийг сонссоны дараа "Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг ярьдаг. Тус байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар харьяалагддаг. Нэг нь гомдол гаргаад, нөгөө нь хариуцлага алдсан болж хувирчихаад байна. Дөрвөн гишүүний гаргасан гомдолд гишүүдийн биед халдаж, эд хэрэгсэл эвдсэн гэдэг үндэслэл тавигдсан. Тийм учраас асуудлыг би Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж бодож танилцууллаа" гэсэн тайлбар хийсний дагуу асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

 

Хэлэлцүүлгийн явцад "Авлигын хэрэгт холбогдож байгаа этгээдэд гишүүд өөрсдөө УИХ-ын Халдашгүй байдлаа ашиглуулчихсан юм биш байгаа. Энэ тохиолдолд гишүүд өөрсдөө буруутай болно" гэсэн байр суурийг Х.Тэмүүжин гишүүн илэрхийллээ. Цагдаа, хүчний байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр бохир, ур чадваргүй хуулийн бус хүрээнд хийгдээд байгаад олон нийт жигшин зэвүүцэж бадаа. Нэг хүнийг баривчлахын төлөө 300, 400 цагдаа, тусгай албаныханг оролцуулж сүржигнэх хэрэг байсан юм уу. Шүүхийн шийдвэрээ танилцуулахгүйгээр баахан энгийн хувцастай, нүүрэндээ баг өмссөн этгээдүүд дээрэм хийх гэж байгаа аятай хандсан. Хэрвээ хүний амь нас хохирсон бол хэн хариуцлага хүлээх байсан юм бэ. Цагдаа, хүчний байгууллагууд сүржигнэдэг явдал хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөндөн тавьсан юм. Мөн энэ баривчлах процессыг хараад монголчууд тэр шөнө унтаж чадаагүй, нэг хэсэг нь хэрэг явдал болж байгаа газарт очсон. Нөгөө хэсэг нь зурагт үзэж юу болж байгааг харсан. Харин ганц хүн унтсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан гэдгийг ч С.Эрдэнэ гишүүн хошигнол, шүүмжлэлийн завсар дурьдсан. Нэлээд удаан маргалдсаны дараа УИХ-ын гишүүдийн биед халдсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон уу, эсвэл халдашгүй эрхээ бусдад ашиглуулсан уу гэдгийг үнэн зөвөөр ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэсэн шийдэл гаргасан ч шийдвэр гаргасангүй үлдээлээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.