Н.Энхбаярын баривчилгааны тухай АТГ юу гэж мэдээлэлэв?
2012.04.18

Н.Энхбаярын баривчилгааны тухай АТГ юу гэж мэдээлэлэв?

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд мэдэгдэлдээ "Энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжийг биелүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хуулийн дагуу ажилласан" гэлээ.

"Баривчлах үйл явцад төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд шүүхийн захирамжийн дагуу ажиллагаа гүйцэтгэхээр очиход Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын эсрэг галт зэвсэг гарган эрх чөлөөнд нь халдсанд үнэхээр харамсаж байгаагаа тэд хэлсэн. Монголын төрийн өндөр албан тушаалд шат дараалан суусан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж, эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд сэжигтнээр тооцогдон шалгагдах хүртлээ бүхэл бүтэн авлигын сүлжээг бий болгосон. Тэгээд ч зогсохгүй төрийн өндөр албан тушаал хашиж байх үед нь газрын наймаа цэцэглэж, ашигт малтмалын нийт лицензийн 70 хувь нь олгогдсон.

Түүнчлэн сэжигтэн Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж телевиз байгуулсан. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын өмнөх удирдлагуудаас авлигач төрийн албан тушаалтнуудыг шалгахыг удаа дараа шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин одоогийн удирдлагууд хуулийг дээдэлж, шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэхийн тулд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Авлигатай тэмцэх нь хүнд хэцүү ажил бөгөөд Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 120 дугаар байранд жагсаж байгаад сэтгэл түгшээж байна. Иймд Монгол хүн бүрийг авлигын эсрэг хамтдаа тэмцэх, төрийн өндөр албан тушаалтан жирийн иргэд хэн боловч хуулийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмаар ажиллахыг нийт иргэдэд уриалж байгаагаа хэллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.