Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо болон 12 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох эхний ээлжийн 12 байршилд Дэнжийн 1000 орчим буюу Чингэлтэй дүүргийн 9, 10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хамрагдсан юм.
Дахин төлөвлөлтөөр энэ хэсэгт 6500 өрх, 25 620 хүн ам бүхий орон сууцны хороолол барихаар урьдчилан төлөвлөж байгаа ч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм байна.
Тиймээс Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлтээ энэ хэсгийг хариуцсан Захирагчийн ажлын албаар дамжуулан ирүүлжээ.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 370 гаруй өрх гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.
Дэнжийн мянга орчимд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх компани аж ахуйн нэгжийг НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу шалгаруулахад “Өндөр буянт” компани эхний шалгаруулалтад тэнцэн, иргэдтэй гэрээ хэлцэл хийх болзлыг хангасан байна.
Нийслэлийн Засаг дарга, иргэдтэй уулзах үеэрээ гэр хорооллыг бид 3 хувилбараар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ газрын эзэн болсон та бүхэнд бүх эрх бий. Та бүхэн ямар хэлбэрээр хэрхэн тохиролцсоноос бүх зүйл шалтгаална.
“Өндөр буянт” компанитай тохиролцож чадаагүй учраас бид журмын дагуу дахин өөр компанийг шалгаруулна. Гэхдээ цаг хугацаа бага байгаа учраас та бүхэн аль болох нэг санаа шийдэлтэй байж ойлголцох хэрэгтэй гэлээ.
Уулзалтад ирсэн иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, бидний амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.
Гэр хорооллыг бид 3 хувилбараар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн байршилд хамрагдаагүй хэсэг юм. Гэхдээ энэ хорооны 370 гаруй өрх нэгдэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ тус хэсэг дэх Захирагчийн ажлын албанд ирүүлсэн байна.
Тиймээс тэдний хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга тухайн хорооны иргэдтэй уулзан, гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Уулзалтын үеэр 370 гаруй өрхийн дахин төлөвлөлтөд хамрагдах албан ёсны хүсэлтийг Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй дахь Захирагчийн ажлын албаны дарга Б.Батсүх Нийслэлийн Засаг даргад гардуулж өглөө