Д.Батцогт: Монгол Улс ундны усны гачаалд ороход ойрхон байгаа
УИХ-ын гишүүн, Монголын усны түншлэл Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцогт
2013.06.12

Д.Батцогт: Монгол Улс ундны усны гачаалд ороход ойрхон байгаа

Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа ундны цэвэр усны талаар «Усны тулгамдсан асуудлууд» нээлттэй ярилцлага Төрийн ордонд боллоо.Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монголын усны түншлэл Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцогттой уулзаж ярилцлаа.

-Та энэ өдрийн арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?

-Өнөөдөр Туулын ус та бидний нүдэн дээр ширгэж байна. Бид усгүй бол яаж амьдрах вэ. Дэлхийн дулаарал, хөрсний бохирдол зэргээс болж чандмань эрдэнэ болсон ус өдрөөс өдөрт хатаж ширгэн, амьд байгаль мөхөж байна. Энэ бол ганцхан Монгол Улсын хэмжээний асуудал биш. Тийм ч учраас бид өнөөдөр үүнийг ярьж байна.

-Та сая нээлтийн үеэр их сайхан үг хэллээ?

-«Усны тулгамдсан асуудлууд» сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье гэж хэлсэн маань хүмүүсийн сэтгэлд хүрсэн бол баярлалаа.

-Ер нь өнөөдөр ундны цэвэр усны асуудал ямархуу байдалтай байдаг юм бол?

-Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд усны асуудал аюулын харанга дэлдэн үндэстэн бүрийн голлон анхаарах асуудал болоод байна. Иймээс ч 2013 оныг НҮБ-аас «Усны хамтын ажиллагааны жил» болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн хийгээд төрийн бус байгууллагууд идэвхийлэн оролцож улс орныхоо ард түмний анхаарлыг тэр зүгт чиглүүлэхээр хичээж байна. УИХ-ын гишүүн миний бие ч эл асуудалд ихээхэн сэтгэл зовниж явдаг тул устай холбоотой хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран Монголын Усны Түншлэл Төрийн бус байгуугууллагыг байгуулсан юм.

-Түмэнд буянтай төрийн бус байгууллага юм байна. Одоогоор ямар жил хийж амжуулаад байна?

-Бид хэдийгээр байгуулагдаад удаагүй байгаа ч олон зүйлийг төлөвлөн хийж эхэлсэн. Мөн манай гишүүн байгууллагын тоо одоо 70 гаруй болсон. Дэлхийн усны түншлэл байгууллагатай хамтран ажиллах эхлэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас тавьж, өнөөдөр бид энэ байгууллагын төлөөллүүдтэй «Усны тулгамдсан асуудлууд» сэдэвт анхдугаар хуралдааныг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоохоор хуран цуглаад байна.

«Усны тулгамдсан асуудлууд» сэдэвт анхдугаар хуралдааныг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоохоор хуран цуглаад байна.

Дэлхийн усны түншлэл байгууллагыг төлөөлөн ноён Жохн Мэтзгэр, тус байгууллагын техникийн хорооны зөвлөх доктор Ээлсо Ван Бийк нарыг хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Эрхэм хүндтэй зочдын илтгэлийг сонсоход таатай байх болно гэж бодож байна.

-Шинэчлэлийн Засгийн газраас усны бодлогыг шинэчлэхээр ажиллаж байгаа юм байна. Хэрэгжилт нь аль хэр байдаг юм бол?

-Хэдийгээр усны салбарын бүтэц зохион байгуулалт боловсронгуй болж, «Ус» хөтөлбөрийг УИХ батлан Засгийн газар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч усны нөөц хомс, экологийн эмзэг тогтоц бүхий манай орны хувьд усны асуудалд онцгой анхаарч «усыг» стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзэж, усны асуудлыг хөгжил, дэвшил, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн нөхцөл гэж үзэж байна.

Энэ үүднээс Дэлхийн усны түншлэлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Усны салбарын эрх зүйн орчинг төгс төгөлдөр болгох, усны үнэ тариф, өртөг, төлбөр гээд олон асуудлыг цэгцлэх, ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх, өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг усны нөөцийн бодлоготой уялдуулан зохистой шийдвэрлэх, усны нөөц бохирдож байгааг таслан зогсоох, бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, манай орны байгаль цаг агаарын нөхцөлд тохирсон бохир ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийг туршин нэвтрүүлэх, усны менежментийг боловсронгуй болгох, усны салбарыг хөгжүүлэх шаардлагууд тулгарч байгаагаас гадна «усны засаглал»-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж чадсанаар олон бэрхшээл хүндрэлтэй асуудлуудыг шийдэх боломжтой болохыг хөгжилтэй орнуудын туршлага харуулж байгаа. Энэ үүднээс Дэлхийн усны түншлэлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Энэ чуулганы ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байна?

-Бодлогын баримт бичиг боловсруулах, дэлхийн цэвэр усны өнөөдрийн түвшин, монгол орны байдлыг тодорхойлж ойрын гурван жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг боловсруулах ач холбогдолтой.