Д.Галсандорж: Төмөрлөг үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхгүйгээр манай улс “хол явахгүй”
Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж
2013.06.17

Д.Галсандорж: Төмөрлөг үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхгүйгээр манай улс “хол явахгүй”

Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандоржтой Монгол улсын төмөрлөг үйлдвэрлэлийн талаар ярилцаж, хөгжлийн чигийг хэрхэн харж байгааг нь сонирхлоо.

-Аливаа улс орон металлургийн салбараа хөгжүүлж байж дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Манай орны төмөрлөг үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал нь ямар байна вэ. Төмөрлөг үйлдвэрлэлийн экспортын хэмжээг хэлж өгөөч?

Манай улс хорин жилийн өмнө хадаас хийж чаддаггүй байсан өнөөдөр ч хэвээр байгаа. Хатуухан хэлж байгаа ч энэ бол үнэн.

Төмөрлөгийн үйлдвэрийн анхны суурь 1990-ээд оны эхээр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтанд орсноор эхэлсэн. Зах зээлд шилжсэн хүнд жилүүдэд энэ үйлдвэрийг барьж байгуулах шийдвэр гаргасан нь чухал алхам байсан.

Тус үйлдвэр Японы техникийн туслалцаатай баригдаж Мицубиши компанийн өндөр бүтээмжтэй цувих зуух суурилуулсан. Энэ төслийн хөрөнгө оруулалтыг Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаар төлсөн билээ. Тэр үеийн Засгийн газар хар төмөрлөгийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бодлогыг барьж байсан нь бахархууштай.

Харамсалтай нь тухайн үед манай улсын экспорт бодлогоо нээлттэй, экспортын татвар авдаггүй байсан. Энэ сиймхийг ашиглаж үйлдвэр, аж ахуйн газрууд хувь хүмүүс хаягдал төмрийг их хэмжээгээр Хятад руу гаргачихсан. Дараа нь 1994 оноос хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтанд ороод ид ажиллах үед хаягдал төмрийн нөөц хомсдсон. Одоо тус үйлдвэр хүчин чадлынхаа 40-50 хувийг л ашиглаж байна.

Бүрэн хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд хаягдал төмөр, төмрийн өндөр агуулгатай баяжмал ашиглах боломжтой юм.

-Төмрийн экспортын хэмжээг дотор нь задалвал баяжмал хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

Өнөөдөр экспортын бүтээгдэхүүнээ боловсруулалтын түвшингээр нь аваад үзвэл дийлэнхдээ төмрийн хүдэр, баяжмал хэлбэрээр гарч байгаа. экспортод гаргаж байгаа төмрийн хүдэр баяжмалыг 100 хувь гэж үзвэл хүдэр бол 20 орчим хувь, үлдсэн нь баяжмал байдлаар гарч байгаа.

Сүүлийн жилүүдэд баяжмал хэлбэрээр гаргах нь нэмэгдсэн. Үүнтэй холбогдоод Дарханы төмөрлөг, “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Алтай хүдэр” ХХК зэрэг үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд баяжуулах үйлдвэрийг барьж хүчин чадлыг өргөтгөж байгаа нь сайшаалтай.

-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах оролдлого хийж байгаа үйлдвэрүүд байна гэлээ. Тухайлбал тэд ямар хүчин чадалтай ажиллаж байгаа вэ?

“Эрдэнэт” үйлдвэрт 3000 тн төмөр хайлуулах цех ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хаягдал төмрийг хайлуулаад  ширэм гаргаж уулын баяжуулах “Эрдэнэт”үйлдвэрийн уулын машины эд анги, зарим төхөөрөмж хийж байгаа юм.

Мөн үүнээс гадна “Брэн групп”төмрийн хүдэр баяжуулаад төмөр эдлэл гаргах үйлдвэр байгуулан ажиллуулж байна. Хятад технологиор эхэлж байсан, одоо тэд барууны технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

-Компаниуд төмөрлөгийн үйлдвэр байгуулах оролдлого хийж байгаа гэлээ. Төрийн зүгээс аж үйлдвэрийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ хоёр сонирхлыг хэрхэн холбох вэ.

Эхний үед хүдрийг хуурай болон нойтон аргаар баяжуулж өндөр агуулгатай баяжмал гаргах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,энэ чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Цаашдаа төмрийг хүдэр ба бага агуулгатай баяжмал хэлбэрээр экспортлохыг багасгаж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Учир нь зам, төмөр зам, барилга гээд олон салбарт бүтээн байгуулалт ид өрнөж буй үед төмөр маш их хэрэгтэй. Хэрвээ төмрийг хүдрээр гаргахад экспортын татвар авах нь зөв.

Одоо манай төмрийг ганцхан Хятад авч байгаа. Гэтэл улсад илрүүлээд байгаа төмрийн нөөц Хятад улсын хоёр жилийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй. Тэгэхээр төмрийн экспортын зохистой бодлого чухал байна.

Тэгэхээр төмрийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Иймээс төрийн зүгээс 1,5 тэрбум долларын бондын хөрөнгөөс тодорхой хэсгийг төмрийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд зарцуулах хэрэгтэй болов уу. Энэ бол экспортын орлогыг нэмэгдүүлэх чухал төсөл.

Төмөр үйлдвэрлэлийн салбар хөгжихгүйгээр улс хөгжихгүй. Бид хэдий болтол хуучирсан машин импортоор авчирч унах вэ. Төмрийн үйлдвэрлэлээ хөгжүүлж байж л энэ бүгд хөгжинө. Төмөрлөг үйлдвэрлэл хөгжөөд эхэлвэл барилгын арматурыг бүрэн хангах боломжтой. Одоо  манай улсын арматурын дотоодын  хэрэгцээний  60 хувь нь  импортоор орж ирж байгаа. Валютаа монголынхоо нутагт үлдээе.